TOYOTA RAV4

RAV4 нь суудлын тэрэгний загвар дээр тулгуурлан бүтээсэн дунд гарын спорт жийп юм. Спорт машин дундаа анхны гайхалтай амжилттай загвар бөгөөд RAV4 худалдаанд гарсны дараа Honda CR-V, Nissan X-trail, Subaru Forester гэх мэт олон спорт загварууд  худалдаанд гарсан юм.

Японы зах зээлд худалдаалагдаж байсан RAV4 бага оврын тэрэг байсан бол, Америкийн хэрэглэгчдийн хүсэлтээр овор хэмжээ нь өөрчлөгдөн дунд гарын тэрэг болон үйлдвэрлэгдэж эхэлсэн юм. Бусад орны хэрэглэгчдэд зориулан өмнөх хэмжээнээсээ өргөн болсон. RAV4 улам шинэчлэгдэн сайжирч зах зээлээ тэлсээр байгаа бөгөөд  одоогоор дэлхийн 200 гаруй оронд худалдаалагдаж байна.

RAV4 XA10G загвар (1994–2000 он)

Тоёотагийн RAV 4  анх  1993 онд Токиогийн автошоун дээр нийтэд дэлгэгдэж 1994 оны 5 сараас худалдаанд гарсан ба ″liberty″ буюу эрх чөлөө гэсэн үгийг илэрхийлж ″L″ үсгийг, мөн ″joyful″ буюу баяр баясгалан гэсэн утгыг илэрхийлж ″J″ үсгийг ашиглан нэрлэжээ. 3S-FE загварын бензин хөдөлгүүр, хурдны хайрцагтай.

Эхэн үедээ 3 хаалгатай байсан бол 1995 оны 5 сараас обуд нь өргөн болсноор илүү тав тухтай 5 хаалгатай RAV4 V болон шинэчлэгдсэн. Гэвч 1995 оны 10 сард Хондагаас CR-V загварыг хямд үнээр худалдаанд гаргасан нь RAV4-ийг шинэчлэх шаардлага бий болгосон. Тиймээс CR-V-тэй өрсөлдөн 1997 оны 8 сард спорт хөдөлгүүр болох  3S-GE-гээр тоноглож дунд гарын жийп болон шинэчлэгджээ.

Rav4 нь хот дотор унахад зориулагдсан боловч хаана ч унахад тохиромжтой.   RAV4 J нь 4-н дугуйгаараа  хөтөлдөг шинэ загвар бөгөөд цуваа 4 цилиндр бүхий 2 литрийн 16 клапантай 135 морины хүчтэй  хөдөлгүүртэй. 5 шаттай эсвэл 4 шаттай автомат хурдны хайрцаг тавьсан. Дээврийн хойд урд  хэсэгт нь 2 люктэй. 16-тай обод тавьжээ. RAV4 L нь эдгээр тоноглолууд дээр нэмэгдээд урд доод хэсэгтээ бамперын хамгаалалт, хайлшин ободтай болсон.

RAV4 CA20W загвар (2000-2005 он)

2000 оны 5 сард үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд тухайн жилдээ Женевийн автомашины үзэсгэлэнд шалгарсан загвар юм. RAV4 нь 2 дугуйгаараа хөтөлдөг 1ZZ-FE/1.8L/, 4 дугуйгаараа хөтөлдөг 1AZ-FSE /2.0L/ хөдөлгүүр бүхий загваруудтай. XA10G буюу өмнөх загвараасаа ялгарах давуу тал нь машины дотор зай нь нэмэгдэн, илүү өргөн болсон.

Мөн 3 хаалгатай байсныг 5 хаалгатай болгон томсгосон. Загвар дизайныг нь илүү чамин бөгөөд хотын хэв маяг оруулж өгсөн. Rav4 нь Америк, Европын хэрэглэгчдийн хамгийн дуртай загварын нэг юм. Экспортод гаргадаг RAV4 нь арьсан бүрээстэй, дизель турбо болон бензин турбо хөдөлгүүртэй.

RAV4 CA30W загвар (2005 оноос хойш)

Энэ загвар нь 2005 оны 11 сарын 14-нд анх худалдаанд гарсан. 2AZ-FE загварын  2.4 литрийн хөдөлгүүртэй. Дотроо X, G , спорт гэсэн 3 загвартай ба бүх загварууд нь CVT төрлийн автомат хурдны хайрцагтай.  Өмнөх загвараасаа ялгарах онцлог нь  4 дугуйгаар хөтлөх систем нь уламжлалт төв дифференциалтай байнгын хөтлөх механизм биш, компьютерын зохицуулалттай систем болсон.

Хэмжээ нь томорч, бүх загварууд нь 5 хаалгатай болж, тээшний хэсэг нь илүү багтаамжтай болсон. Хаалганы тоо нь адилхан 5 боловч урт богино 2 загвар гарсан. Урт загвар нь 3 эгнээ суудалтай байж болох ба 2.4 литр, 3.5 литр /зөвхөн Австралийн зах зээлд/-ийн багтаамжтай хөдөлгүүртэй.

Америк, Европ, Африкт худалдагдаж байгаа загвар нь богино загвар бөгөөд 4 дугуй нь хөтөлдөг. Мөн 2AD-FTV /2.2л дизель хөдөлгүүртэй, 135 морины хүчтэй/, 2AD-FHV /2.2 литрийн дизель хөдөлгүүртэй, 180 морины хүчтэй/ загварын хөдөлгүүртэй. Дизель хөдөлгүүртэй хослуулан 6МТ хурдны хайрцагтай.