LEXUS LX

1996 оноос худалдаалагдаж байгаа Toyota-ийн Lexus брэндийн том оврын SUV ангиллын жийп. Toyota Landcruiser-ийн ах дүү загвар гэж явдаг. 2-р үе нь японд Toyota Cignus нэрээр худалдаалагдаж байсан. Mercedes-Benz GL class, Range Rover зэрэг өрсөлдөгч авто машинууд бий.

1-үе Lexus LX450 (1996-1997) FZJ80

1996 онд Landcruiser 80-ийн хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн загварыг ашиглан урд нүүр, гэрэл, обод, суудал зэргийг өөрчилж сайжруулан LX450 нэрээр гаргасан байна. Landcruiser-т байдаг ар талд зүүдэг нөөц дугуйн тогтоогч хийгдэхгүй болсон ба тэнхлэгүүд нь хамаарах буюу чулакан тэнхлэгтэй хэвээр. 4.5 литрийн цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй ба 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай.

2-р үе Lexus LX470 (1998-2007) UZJ100

1998 оноос худалдаалагдаж эхэлсэн. Дээд зэрэглэлийн жийп гэдэг үүднээс дубь модон оруулгатай салон, цахилгаан тохируулгатай суудал зэргийг нэмж өгсөн. Гадна талаасаа ч гэсэн үнэтэй тансаг мэт харагддаг. 2000 он, 2002 он, 2004 онд хийсэн судалгаагаар дээд зэрэглэлийн жийп ангилалдаа топ автомашин болсон үзүүлэлт гарчээ. 2005 онд хийсэн бас нэгэн судалгаагаар 3 жилийн дотор нэр хүнд нь өсчээ гэсэн дүн гарсан.

  • 2003 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийж, салоны дотор талыг сайжруулж, урд нүүрийг өөрчилсөн. Мөн хурдны хайрцаг нь 4 шатлалтайгаас 5 шатлалтай болсон.
  • 2006 онд дахин хэсэгчилсэн өөрчлөлт хийж хөдөлгүүрийн чадлыг 230-аас 275 морины хүчтэй болгон нэмэгдүүлсэн. Хойд гэрэл нь LED болсон. Ободны дизайн, урд нүүрний дизайн өөрчлөгдсөн. 4.7 литрийн V8 DOHC хөдөлгүүртэй.

Landcruiser Cignus

  • 2-р үеийн LX нь японд Landcruiser Cignus нэрээр худалдаалагдаж байсан. Түүнд доорх ялгаанууд байсан байна.
  • Хурдны хайрцаг нь ялагаатай. LX470 нь Aisin компанийн суудлын автомашинд зориулсан хурдны хайрцаг бол Cignus нь Aisin компанийн SUV ,бага оврын ачааны автомашинд зориулсан хурдны хайрцгийг тавьсан байна.
  • Мөн шилний өнгө, арыг харах гадна толь нь ялгаатай.
  • Эмблем, аюлгүйн бүс зэрэг дээр Toyota бичээс байдаг.
3-р үе Lexus LX570 (2008) URJ200

Хөдөлгүүрийн багтаамж нэмэгдэж 5.7 литр болсноор нэр нь LX570 гэгдэх болсон. 2007 оны 4 сард Нью-Иоркийн олон улсын авто үзэсгэлэнд тавигдсан. 73800$ америк долларын үнээр борлуулагдаж эхэлжээ.

Энэ үнэ нь өрсөлдөгч болох Mercedes-Benz GL550-аас 3000$ доллараар, Cadillac Escalade- ын үнээс  даруй 18000$ доллараар их.

  • Хятадад 2008 оны 1 сараас зарагдаж эхэлсэн ба үнэ нь 1 сая 298 мянган юаниар байсан. Мөн Австрали, Индонез, зүүн өмнөд азид баруун гар талдаа жолооны хүрдтэйгээр худалдаалагдаж эхэлсэн.
  • Японы хувьд Cignus-ын үргэлжлэл гэгдэн Landcruiser 200 ZX гэсэн кодтойгоор гарч байгаа нь LX570 нэрээр гарах магадлал бага болж байна.

Өмнөх үеийн LX470-ийн технологийг сайжруулан гарч ирсэн бөгөөд хатуулгийг нэмэгдүүлсэн рам, сайжруулсан кузов, урд үл хамаарах тэнхлэг, хойд чулакан хамаарах тэнхлэгтэйгээр бүтээгджээ. Урд талын нүүрэн хэсэг нь Lexus-LS460 седаныг сангдуулам болсон ба дотор салон нь  урд суудлын дунд өргөн хайрцаг болон тавиур хийж удирдлагын товчлууруудтай руль, арьсан рычаг зэргийг хийж өгчээ.

Хамгийн гол шинэчлэлт хөдөлгүүр бөгөөд 5.7 литрийн багтаамжтай оруулах болон гаргах клапангийн нээгдэх хугацааг тохируулдаг Dual VVT-i системтэй 381 морины хүчтэй хөдөлгүүр бөгөөд аль хэдийн шинэ үеийн Toyota Landcruiser, Toyota Tundra-д тавигдах болжээ. Хурдны хайрцаг нь 6 шатлалтай автомат ба тэнхлэг хоорондын төвийн дифференциал нь Lexus GX470-д тавьсантай адил Torsen бүтэцтэй юм.

2-р үеийн AHC (Active Hight Control) хийн өргөгч системтэй тэнхлэг нь кузовыг 76 мм өргөх ба бууж суух үед 25мм доошилдог байна. AVS гидр  тэнцүүлэгчийн ачаар замгүй газар явах үед тэнхлэгийн сунах явалтыг 50%-иар ихэсгэж чаджээ. Замгүй хүнд нөхцөлд автоматаар жолоодох Crawl Control систем, сул хөрсөн дээр огцом тоормоз гишгэхэд мэдэрдэг шинэ төрлийн ABS систем,  маневр хийх болон гараажид тавихад туслах урд талын булангийн камер зэрэг шинэ шинэ тоноглолуудтай болсон.

Mark Levinson брэндийн нам болон нарийн дуугаралтын 19 спийкер, чэйнжер, МР3 дуунд зориулсан 12 гегабайтын хард диск бүхий хөгжим, олон горимтой цахилгаан удирдлагатай суудал, 2 болон 3-р эгнээний суудлыг автоматаар хураах товчлуур, арын ухрах камер, хойд зорчигчдод зориулсан 9 инчийн дэлгэц , зай мэдрэн жолоодох локаторын удирдлагатай Pre-Collision System автомат жолоодлогын систем, хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулын XM Navi Traffic навигацийн систем, 4 байрлалд тусд нь температур тохируулах халаалт болон эйркондишн, зайн мэдрэгчтэй Smart key түлхүүргүй асаалтын систем зэрэг маш олон электрон болон цахилгаан тоноглолуудтай болжээ.

Шинэ LX570-ын борлуулалт АНУ, Канадад 2008 оны 1 сараас эхэлсэн бол Японд тухайн оны намраас худалдаалагдаж эхэлсэн байна.

Хэсэгчилсэн шинэчлэлт (2015 он)

Гадна хэлбэрт томоохон загварын сайжруулалт хийсэн байна. LED гэрэлтүүлэг болон 20 инчийн 10 салаа шинэхэн обуд, Лексус-ийн шинэ урд нүүр, хромон оруулга, цоо шинэ хойд их гэрлийг өөрчилсөн байна.

Урд самбарын голд 12.3"-ийн маш том удирдлагатай дэлгэц. 3 салаа шинэ рулийн загвар, салоны LED гэрэлтүүлэг зэргийг хийжээ.
Харин хянах самбарт 4.2" TFT дэлгэцийг суурилуулж хар болон улбар шар арьсан салоныг стандартаар санал болгож байна.