TOYOTA CAMRY

Анх 1980 онд Celica cедан буюу Сelica Camry нэртэйгээр үйлдвэрлэгдэж эхэлсэн ба Camry-ийн 2 дахь загвар нь Toyota  Carina-тай адилхан загвартай үйлдвэрлэгдэж эхэлсэн. Худалдаанд гарсан цагаасаа худалдан авагчдаас  маш өндөр үнэлэлт авсан Toyota компанийн цөөн хэдэн машины нэг юм. 6 цилиндртэй загвар байсан боловч одоо зөвхөн 4 цилиндртэй загвар нь л үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд салон нь илүү тав тухтай болон сайжирсаар байна.

Зүүн өмнөд Азид нэлээд алдартай бөгөөд дэлхийд нийтдээ 10 сая гаруй Camry худалдаалагдсан. Camry нь Toyota компанийн Бестселлэр /хамгийн их зарагдсан/ машин юм.  Ийм алдартай болсон шалтгаан нь түүний бат бөх хэв хийцтэй холбоотойгоос гадна тав тухтай, аюулгүй байдлыг сайн хангасантай холбоотой билээ.

XV20 загвар (1996-2001 он)

1996 оны 12 сард Сamry Gracia нэртэйгээр худалдаанд гарсан ба Toyota Scepter-тэй адилхан  цуваа 4 цилиндртэй 2.2 литрийн багтаамжтай хөдөлгүүр /5S-FE/, 2.5 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй /2MZ-FE/ үйлдвэрлэгдсэн. 4 жил дараалан хойд Америкийн зах зээлд хамгийн их борлуулалттай машинаар шалгарсан.

Дэлхийн 100 гаруй оронд худалдаалагдсан Toyota компанийн шилдэг машины нэг юм. Суудлын болон вагон гэсэн 2 төрөлтэй. 2 хаалгатай Camry-г Camry Solara гэдэг ба энэ загвар нь зөвхөн Америкт зарагддаг.  1999 онд дахин шинэчлэгдсэн ба Camry болон  вагон загварыг нь мөн Camry Gracia гэх болсон.

Toyota Camry XV20 хойд талаас
Toyota Camry XV20 хойд талаас
XV30 загвар (2001-2006 он)

5-р үеийн Camry 2001 онд Франкфуртын авто үзэсгэлэнд анх тавигдан олон нийтэд танил болсон юм. Дизайны хувьд тухайн үеийн Toyotа-ийн авто машинуудын адил шийдлийг агуулж байсан.

Салхи сөрөх чадвар буюу агаарын эсэргүүцлийн үзүүлэлт нь маш сайн буюу Cd 0.28. Шинэ флатфром хэрэглэсэн бөгөөд өмнөх загвараас 50 мм-ээр тэнхлэг хоорондын зай, салоны зай уртаашаа 15мм өргөөшөө 10мм, хөлний зай 40мм, нийт өндөр ба өргөн нь 70мм-ээр тус тус нэмэгдсэн байна.

Арын тээшний зай 587 литр болж нэмэгдсэн. Ингэхдээ дотор салоны зай уужим болж, түрүү үеийн V6 моторыг хэрэглэхээ больж, цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн багтаамжтай 2AZ-FE, 3 литрийн V6 1MZ-FE, 3.3 литрийн 3MZ-FE загварын хөдөлгүүртэй болсон.

Хөдөлгүүрийн хувьд урд нь тавьж байсан 2.2 литрийн хөдөлгүүрийг сольж 2.4 литрийн 2 AZ-FE VVT-i хөдөлгүүр тавьсан. Энэ хөдөлгүүр нь европын Toyota Previa-д мөн адил тавигддаг. 152 м.х-тэй ба механик хурдны хайрцагтай загвар нь 100 км/ц-ийн хурдыг 9.4 секундэд авна. Дээд хурд нь 210 км/ц байв.

Мөн 2995сс-тэй V6 хөдөлгүүр байгаа бөгөөд TRC, VSC системүүдтэй ба 186 м.х-тэй хөдөлгүүр нь 100 км/ц-ийн хурдыг 9.1 секундэд авч 225км/ц хүртэл хурдлах юм байна. Энэ загварын европын экспорт 2004 оны дундуур зогссон ба бусад америк, азийн орнуудад 2006 оны сүүл хүртэл хийгдэж байсан. Явах ангийн хувьд илүү сайжирч амортизаторын явалт ихсэж, салоны дуу чимээг багасгах тал дээр анхаарсан байна. Рулийн аппарат нь хэвтээ байрлалтай тул сул явалт багатай.

Германд гаргах хувилбар нь 16 инчийн обудтай дугуйтай ба бусад зах зээлд 15 инчийн дугуйтай гаргахаар төлөвлөсөн байна. Японы дотооддоо гаргадаг урд хөтлөгчтэй дээд ангиллын седан болох Toyota Windom-ийн суурийг ашигласан. 2004 оны 7 сард  хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж урд нүүр, урд бамперийн дизайн, их гэрлийн дизайн, арын гэрлийн дизайн өөрчлөгдөж илүү эрэмгий эрч хүчтэй харагдах болсны дээр, дотор салон нь сайжирч урд хянах дэлгэц нь Lexus-ийн загваруудад байдаг шиг өөрөөсөө гэрэлтдэг болсон.

Хойд Америкийн хэрэглэгчдэд зориулан 3.3 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр, 5 шатлалтай автомат хурдны хайрцагтайгаар үйлдвэрлэж эхэлсэн.

Toyota Camry V30 2001-2004 оны загвар
Toyota Camry V30 2001-2004 оны загвар
Toyota Camry V30 2004-2007
Toyota Camry V30 2004-2007
XV40 загвар (2006-2011 он)

2006 оны 1 сарын 30-нд үйлдвэрлэгдэж эхэлсэн ба гадаад загвар нь  өмнөх үеийн классик стильтэй Camry-г бодвол илүү модерн стильтэй, цэмцгэр болж ирсэн. 2005 оны сүүлээр үйлдвэрлэл нь зогссон Toyota Windom-ийн загвартай нэгтгэн цаашдаа улам сайжруулан шинэчлэхийг зорьж байна.

Энэ шинэ загварын Camry нь өмнөх үетэйгээ адилхан цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгдэж байгаа боловч 159 морины хүчийг нь 167 болгон нэмэгдүүлсэн. Хойд америк худалдаалагдаж байгаа загвар нь V хэлбэрийн 6 цилиндртэй 3.5 литрийн багтаамж бүхий мотортой.

2007 оны 7 сараас гадаад өнгө үзэмж болон дотор салон нь шинэчлэгдэж байгаа бөгөөд 2009 оны 1 сараас урд нүүр, бампер, их гэрлийн шинэчлэл,  манангийн гэрэл, дугаарын хэсгийг никелдсэн төдийгүй дууны болон паарны удирдлагыг цагаан өнгөтэй, мөн бүрээсний загварыг ч өөрчилсөн. Дохионы гэрэл нь гадна толин дээр болсон.

2009 оны 10 сард Солонгост  2.4 литрийн хөдөлгүүр ба 2.4 литрийн Hybrid хөдөлгүүртэйгээр 2 загвар худалдаалагдаж эхэлсэн.