ШИРҮҮН ГАЗАРДАЛТ

Бартаат замын уралдаанд романтик мөч тун ховор. Ихэнх оролцогчийн хувьд энэ нь хүнд хүчир хөдөлмөр, харамсал, азгүйдэл ч байдаг.

Нийтлэлч Сергей Зиновьев, зургийг: КамАЗ-Мастер, Red Bull, ESPN, G-Energy Team

Гомдол

Олон хоногоор үргэлжлэх томоохон уралдаан тэмцээнүүдийг эсэргүүцдэг хүн багагүй бий. Тэд ийм төрлийн уралдаанууд хүний амь насанд халтай, түүх нь эмгэнэлт явдлаар дүүрэн байдаг учраас хориглох хэрэгтэй гэж үздэг.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол Мавританид дөрвөн жуулчин амь үрэгдсэний улмаас  “Дакар” тэмцээн ширүүн Африкаас налгар Өмнөд Америк рүү нүүсэн шүү дээ. Тэгээд ч яг үнэндээ цөл газрын дайнч оршин суугчид франц жуулчдыг үгүй хийсэн гэдгээс илүүгээр “хэдий болтол...?” гэх олон түмний бухимдал нүүхэд нөлөөлсөн гол шалтгаан болсон.

Тэгээгүй бол “Дакар 2008” тэмцээн ном ёсоороо явагдах л байсан. Төрөлх нутагтаа үлдэж, бариагаа Сенегалын нүд баясам Ягаан нуурт төгсгөсөн хэвээр байх байсан. Үзэгчдийн хувьд ч “Дакар” хэзээнээс нааш баярт үйл явдалд тооцогдсоор ирсэн учраас хүний амь үрэгдэхэд бүгд нүдээ аниад өнгөрөөж байсныг нуугаад яахав ээ.

Стефан Петерхансельд ялалт амар ирээгүй. Уралдааны зам дээр дугуй солих бол ердийн л үзэгдэл
Стефан Петерхансельд ялалт амар ирээгүй. Уралдааны зам дээр дугуй солих бол ердийн л үзэгдэл

Тэмцээнтэй холбоотой өөр гомдол ч гардаг. Гэлээ гээд уралдааныг хэн ч хориглож чадахгүй. Хууль эрх зүйн тийм үндэслэл байхгүй. Уг тэмцээн иргэний болон спортын тухай бүх хууль дүрэм, хэм хэмжээнд нийцсэн байдаг.

Үүнээс гадна тус тэмцээнийг алдар цуу, нөлөө ихтэй маш олон хүн дэмждэг. Яагаад гэвэл, “Дакар” яах аргагүй тогтвортой ашиг өгдөг бизнес мөн. Зөвхөн зохион байгуулагч компанид гэлтгүй тэргүүлэгч баг, ивээн тэтгэгч болон уралдаан явуулж буй улс оронд ч давхар өгөөжөө өгч байдаг.

Владимир Васильев гарамгүй амжилт үзүүлж, уралдааны явцад зөвхөн алдартай тамирчдыг урдуураа оруулж байсныг эс тооцвол тэргүүн байрны тамирчнаас 2 цагаар л хоцорч барианд орж ирэв.
Владимир Васильев гарамгүй амжилт үзүүлж, уралдааны явцад зөвхөн алдартай тамирчдыг урдуураа оруулж байсныг эс тооцвол тэргүүн байрны тамирчнаас 2 цагаар л хоцорч барианд орж ирэв.
«ДАКАР 2016», АРГЕНТИН – БОЛИВ – АРГЕНТИН, үр дүн

Автомашин

  • С. Петерансель (Франц, Peugeot 2008 DKR) 45:22:10
  • Н. аль-Аттия (Катар, Mini All4 Racing) + 0:34:58
  • Ж. де Вильерс (ЮАР, Toyota Hilux) + 1:02:47

Ачааны машин

  • Ж. де Рой (Голланд, Iveco) 44:42:03
  • А. Мардеев (ОХУ, КамАЗ 4326) + 1:10:27
  • Ф. Вильягра (Аргентин, Iveco) + 1:40:55

Мотоцикл

  •  Т. Прайс (Австрали, КТМ 450) 48:09:15
  • Ш. Свитко (Словак, КТМ 450) + 0:39:41
  • П. Квинтанилла (Чили, Husqvarna) + 0:48:48
Mini маркийн автомашины жолооч нараас хамгийн өндөр амжилт харуулсан Нассер Аль-Аттия автомашинаа хөмрүүлэх хүртлээ уралдааны туршид тэргүүлэгч автомашинаас 10-15 мин зайнд явж байв.
Mini маркийн автомашины жолооч нараас хамгийн өндөр амжилт харуулсан Нассер Аль-Аттия автомашинаа хөмрүүлэх хүртлээ уралдааны туршид тэргүүлэгч автомашинаас 10-15 мин зайнд явж байв.
Амь настай дүйх аз туршилт

Осол эндэгдлийг үргэлж тойрч гарна гэдэг боломжгүй зүйл. Автомашин болон мотоциклүүд цаашид ч хад асга мөргөж, эрэг дээрээс унаж, явалт дундаа хөмөрсөөр байх болно. Ерөөс “Дакар”-т оролцох нь өөрөө байнгын эрсдэл байхыг хэлнэ. Онцлог тал нь оролцогч нар даатгал төлөх, гарааны хөрөнгө оруулах (оролцогч бүр ойролцоогоор 10 000 евро төлдөг) зэргээр эрсдэлээ цэвэр өөрсдөө хариуцдаг.

Себастьен Лоэб аваар гарсны дараа ч тэмцээнээ үргэлжлүүлсэн. Гэхдээ эхний аравт багтсангүй.
Себастьен Лоэб аваар гарсны дараа ч тэмцээнээ үргэлжлүүлсэн. Гэхдээ эхний аравт багтсангүй.

Харин 9 мянган километрийн урттай уралдааны замын туршид таарах фенүүдийг хянах боломжтой билүү? Дээр нь хүн бүрийн араншин өөр гэдгийг мартаж болохгүй. Хэлээд байхад л аюулгүй зайд тайван зогсох чадваргүй, үгэнд ордоггүй хүмүүс бий. Тэдэнд заавал уралдааны зам дээр гүйн гарч, селфи дарах шаардлага бий гэж үү?

Ийм л овилгогүй нөхдөөс болж туршлагатай жолооч нар хүн ам ихээр төвлөрсөн суурин газраар хөлөө тоормосноос авалгүй явахад хүрдэг гэдгийг тэд мэддэг болов уу? Тэртээ тэргүй бариа нь энд биш юм чинь гэсэн ухвар бодлоор ханддаг байх. Уралдааны цуваа хараад хөөрсөндөө араас нь давхиж, бүр гүйцэж түрүүлэхийг оролддог үзэгчид ч бас байна. Энэ мэтээр аяглах үзэгчдийн элдэв араншинг зохион байгуулалтын бус нийгмийн шинжтэй асуудал гэдгээр уралдаан зохион байгуулагчид өөрсдийгөө зөвтгөдөг. Ерөөс тэдэнд хамаагүй асуудал гэнэ шүү!

Тэгвэл тэмцээний үеэр зохион байгуулагчид баг тамирчдыг хараа хяналтнаасаа алдах тохиолдол байнга шахуу гардаг. Уг нь бүх автомашин GPS-тэй учраас байршлуудыг байнга мэдэж байх бололцоотой. Тэр утгаараа аль нэг машины дохио алга болмогц эрлийн ажлыг тэр дор нь эхлүүлж байх ёстой. Гэвч өнөөгийн цахим төхөөрөмжүүд дэндүү их “гажигтдаг” учраас автомашинууд барианд орсны дараагаар буюу хэдэн хүн, хэн гэдэг жолооч алга байгааг баттай мэдсэний дараа л эрлийн ажлыг эхлүүлж байгаа.

Хайртай, хайргүй

“Дакар” дэлхий нийтийг хамарсан үйл явдал болохынхоо хэрээр өвөрмөц чанараа хадгалж чадсан уралдаан юм. Гэхдээ л олны анхаарлын төвд бөөрөн дээрээ “Энэ таны рекламын орон зай” гэсэн бичиг бүхий автомашин унаж, элс ухсаар гараа цэврүүтүүлсэн олонд тэгтэл танигдаагүй алдар нэр хөөгчид ордоггүй.

Бас 20 тонн сэлбэг ачиж, уртын замд амьдралаа өнгөрүүлдэг том даацын автомашины жолооч нар багтдаггүй. Мөн өдөрт арваад удаа унаж туссаар 46 цагаар хоцорч барианд орж ирдэг эрэлхэг баатарлаг мотоциклчдыг зарим нь анзаардаггүй.

Гурван жил дараалан КАМАЗ-ын багт ялагдсан Жерар дэ Рой капотны чанартай хийц, цуваа цилиндр бүхий хүчтэй хөдөлгүүрийн ачаар илт давуу ялалт байгуулав.
Гурван жил дараалан КАМАЗ-ын багт ялагдсан Жерар дэ Рой капотны чанартай хийц, цуваа цилиндр бүхий хүчтэй хөдөлгүүрийн ачаар илт давуу ялалт байгуулав.

Ерөөс үзэгчид алдартай брэнд үйлдвэрлэгчдийн нэрэмжит багуудаас төрөн гарсан оддыг дэмждэг. Чухамхүү эдгээр алдартны амжилт, азгүйдэл дээр манай гаригийн хамгийн чухал бөгөөд адал явдалт “Дакар” тэмцээний имиж оршин тогтнодог. Орлого ч дагаад орж ирдэг.

Тэр бүү хэл, энэ жил Себастьен Лөб (Peugeot) болон Микко Хирвонен (Mini) нарыг анх удаа “Дакар”-т оролцох гэж буйг угтан бартаа багатай уралдааны зам сонгосон гэх яриа газар авсан. Энэ хоёр нэгэн цагт сонгодог раллигийн уралдаанд од болон гялалзаж явсан билээ. Мэдээж хэрэг, цаашид “Дакар”-ын тамирчдын бүрэлдэхүүнд ийм оддыг тогтоон барина гэдэг амаргүй ажил. Эцэс төгсгөлгүй элс ухуулаад байвал тэд амархан үргэж мэднэ шүү дээ.

Тэгээд ч энэ одод үзэгчдийн итгэлийг алдаагүй шүү! Харамсалтай нь, Хирвонен дэлхийн дөрвөн удаагийн дэд аваргын амжилтад хүргэсэн уламжлалт тактикаа хэрэглэсэн учраас барианд дөрөвт орж ирсэн. Аваргад хүргэж байсан тактикаа хэрэглэсэн бол илүү амжилт үзүүлэх байсан биз ээ. Гэхдээ анх удаа оролцсон гэхэд тун дажгүй үзүүлэлт харуулсан.

Харин түүнээс илүү шаламгай, дайчин тамирчид яасан билээ? Тухайлбал, Лөб. Шаламгай Себастьен Лөб зургаан үеийн турш тэргүүлж явснаа нэг өдрийн амралтын дараа унаж явсан Peugeot 2008 DKR автомашинаа дэндүү ширүүн газардуулж орхисон. Үүний улмаас Лөб машинаа “сэхээхэд” хоёр цагийн хугацаа зарцуулсан. Эцсийн дүндээ Францын тамирчин маань барианд ОХУ-аас оролцсон Владимир Васильев (Toyota Hilux)-ийн араас есөд орж ирэв.

Карлос Сайнс тэмцээнийг ийнхүү өндөрлүүлэв. Хараад зогсож буй хүмүүс нь уралдаанаас хасагдсан мотоциклчид байв.
Карлос Сайнс тэмцээнийг ийнхүү өндөрлүүлэв. Хараад зогсож буй хүмүүс нь уралдаанаас хасагдсан мотоциклчид байв.

Үзэгч олны хувьд энэ удаагийн уралдаан “Дакар шинэкоовуудад дургүй” гэсэн онолыг батлан харуулсан үйл явдал болов. Гэхдээ нарийн ажиглавал “Дакар” эртний үнэнч тамирчиндаа ч хатуу хандсан. Тухайлбал, тэмцээний арав дахь үе дээр тэнхлэгийн ноцтой эвдрэлээс болж шинэхэн аварга (2010) Карлос Сайнс тэмцээнийг орхихоос аргагүйд хүрсэн.

Хамгийн харамсмаар нь алдар цуутай энэхүү испани эр дөрвөн жил дараалан барианд орж чадсангүй! Ингээд бодохоор, домогт “Дакар” уралдаан нь ид шидийн ямар ч чадваргүй, өөрийн гэсэн шүтээнгүй амьгүй объект бололтой. Шүтээнгүй гэснээс Стефан Петеранселийг жичид нь авч үзэх хэрэгтэй байх. Тэрбээр 30 жил оролцохдоо 12 дахь түрүүгээ авч чадлаа шүү дээ! Гэхдээ логикоор бодоход, түүнийг үргэлж аз ивээж байдаг явдлыг алдартай брэнд үйлдвэрлэгчдийн багийн өмнөөс оролцдогтой нь холбон тайлбарлаж болно.

Иймэрхүү хүнд байдлаас гарахад үзэгчид үнэлж баршгүй тус хүргэх нь бий
Иймэрхүү хүнд байдлаас гарахад үзэгчид үнэлж баршгүй тус хүргэх нь бий

Харамсал, азгүйтэл ихтэй хэдий ч баялаг түүхтэй энэ тэмцээнийг шууд хориглочхож болох уу? Тэрэндээ хүрвэл, эхлээд энгийн зам дээр ердийн автомашинаар зорчих явдлыг хориглоё, тэгэх үү? Ердийн зам дээр хүмүүс хэдэн зуун мянгаараа хохироод байгаа шүү дээ. Энэ чинь л хамгийн осолтой уралдаанаас олон дахин аюултай нөхцөл биш гэж үү?      

ПЕТЕРАНСЕЛИЙН АМЖИЛТЫН ТҮҮХ

50 настай Стефан Петеранселийг барианд орж ирсний дараа ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар асуухад тэрбээр тодорхой хариулт хэлээгүй юм. Петерансель “Мотоциклийн адилаар автомашинаараа зургаан удаагийн түрүү авах агуу их хүсэл маань намайг олон жилийн туршид эзэмдсэн. Өдгөө энэ ажилтандаа хүрч чадсан болохоор цаашид юунд тэмүүлэх эсэхээ хэлж мэдэхгүй байна” гэв.

Франц залуу маань анх 1988 онд Yamaha багийн бүрэлдэхүүнд багтан “Дакар”-т гараагаа эхлүүлж байв. Улмаар 1991-1993 онуудад гурван жил дараалан түрүүлж  байсан төдийгүй 1995, 1997 болон 1998 онуудад ч бас мотоциклоороо түрүүлж байв. Стефан 1999 онд дөрвөн дугуйт техникт шилжин суув.

Ингээд Африкт явагдаж байсан “Дакар”-ын 2004-2007 онуудын тэмцээнд Mitsubishi маркийн автомашинаар гурван удаа түрүүлсэн түүхтэй. Харин BMW багт шилжсэн үедээ өндөр амжилт гаргаж чадаагүй хэдий ч BMW-тэй хамтарч ажилладаг X-Raid багийн өмнөөс 2012-2013 онуудын “Дакар”-т Mini маркийн автомашинаар оролцож бас л шилдгээр шалгарч байв.

2014 оны тэмцээнд ч бас яг үнэндээ Петерансель ялах ёстой байсан. Тухайн үед Стефан удирдах багийн буруу зааварчилгаанд баригдан нэгдүгээр байраа Нани Ромад шилжүүлж байв. Үүний дараа тэрбээр Peugeot багийн бүрэлдэхүүнд орох саналыг хүлээн авсан билээ.