УНИВЕРСАЛ ЦЭРЭГ

Автомат хурдны хайрцгийн универсал тос  |   Найман брэнд  |  Нийтлэлчид Михайл Колодочкин, Александр Шабанов

Автомат хурдны хайрцгийн тосыг солих шаардлагатай юу? Ер нь ашиглах горимын дагуу 100.000 км хүртэлх гүйлттэй автомат хурдны хайрцагт нэмэлт үйлчилгээ хийх шаардлагагүй байдаг. Гэсэн хэдий ч тосны мэргэшсэн засварчид  40-50 мянган километр явсан автомашины ATF-г (Automatic Transmission Fluid [А-Тэ-Фэ] -автомат хурдны хайрцгийн шингэн -ред.) солих шаардлагатай гэж үздэг. Үүнд, үйлдвэрээс заасан тосноос гадна «Multi-Vehicle» (малти-виикл, өөрөөр хэлбэл төрөл бүрийн автомашинд тохирох) буюу засварчдын хэлдгээр “универсалыг” бүх төрлийн автомат хурдны хайрцагтай автомашинд ашиглах боломжтой юм.

Гэхдээ нэгэнт үйлдвэрээс заасан тос гэж байхад яагаад “универсалыг” хэрэглэдэг вэ? Хариулт нь хялбар. Гүйлтийг нь өөрчилсөн автомашин эсвэл техник үйлчилгээ хийсэн түүх байхгүй бол. Үүнээс гадна автомашиндаа яг тохирох ATF-г цаг давчуу үед таарсан дэлгүүр бүрээс олно гэдэг юу л бол. Тэгээд ч гаднаас захиалах нь төвөгтэй учраас “универсалыг» хэрэглэх нь цаг хэмнэнэ.
Иймд бид “Multi-Vehicle” гэсэн тэмдэглэлтэй 8 “универсалыг” туршиж үзлээ. Технологийн хувьд автомат хурдны хайрцгийн тос үйлдвэрлэх нь хэцүү болохоор эдгээр тосыг шалгах явц их сонирхолтой санагдсаныг онцолмоор байна. Мэдээж энэ туршилтаар  нарийвчилсан шалгуур, тохиргоо, тодорхойлолтыг тус бүрт нь шинжилж батална гэдэг амаргүй ч уншигчиддаа ойлгомжтой байлгах үүднээс ATF-ийн үзүүлэлтийг дараах ангилалд хуваалаа.

ATF-г турших ангилал:

  1. Хурдны хайрцгийн ажиллагааны үеийн механизмын үрэлтийн эсэргүүцлийг багасгах чадвар. Жолооч ялгааг нь мэдрэх болов уу?
  2. Хөдөлгүүрийн хүчийг хурдны хайрцаг руу шилжүүлэх шингэний чадвар. Үүнээс автомашины динамик чадвар болон шатахуун зарцуулалт шалтгаалдаг.
  3. Хүйтэнд асах чадвар.
  4. Хамгаалах чадвар.
Туршилтаар жийргэвчийн гадаргуун үрэлт ба элэгдлийн ялгааг харуулсан микро гэрэл зураг. [1] 100.000 удаа ачаалал авсан ялагч тосны жийргэвчийн гадаргуу. [2] Ялагдагч тоснуудын нэг нь иймэрхүү байв.
Туршилтаар жийргэвчийн гадаргуун үрэлт ба элэгдлийн ялгааг харуулсан микро гэрэл зураг. [1] 100.000 удаа ачаалал авсан ялагч тосны жийргэвчийн гадаргуу. [2] Ялагдагч тоснуудын нэг нь иймэрхүү байв.
ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

“Универсал” бүрийн туршилтыг физик-химийн үндсэн үзүүлэлт болох зууралданги чанар, ноцох хэм болон царцалт тус бүрийг лабораторийн орчинд гүйцэтгэж үрэлтийн алдагдал, элэгдлийн байдлыг тодорхойлох тусгай төхөөрөмжөөр шалгасан юм. Туршилтыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэж эхний ээлжинд шүдэт араан дамжуулга дээр,  дараагийн ээлжинд холхивч буюу шаариг дээр туршилт  хийлээ.

Туршилтын явцад үрэлтийн коэффициент, тосны халалт, ууршилтыг шалгасан юм. Элэгдлийн хэмжээг туршилт бүрийн өмнө болон дараа нь тогтоохоос гадна холхивчийг цооногийн  аргачлалаар хэмжиж үзлээ. Цооногийн аргачлал гэдэг нь хамгийн их элэгддэг гадаргуунд туршилт хийхээс өмнө тодорхой хэмжээний нүх гаргаж туршилтын дараа  диаметрийн өөрчлөлтийг хэмжихийг хэлнэ. Диаметр томрох тусам элэгдэл их байна гэсэн үг.

“Универсал” бүрийг хоёр үе шаттайгаар туршиж үзэх нь амаргүй ажил бөгөөд холхивч бүрт 100.000 харин араанд 50.000 удаа ачаалал өгнө.

ХАМГИЙН АМТТАЙ ХЭСЭГ

Ингээд юу болсныг харцгаая. Юуны түрүүнд ATF бүрийн үрэлтийн коэффициент өөр байх ч Голландын NGN Universal ATF өрсөлдөгчдөө бодвол арай илүү үзүүлэлттэй  байв. Харин холхивчны хувьд бүх тос хангалттай өндөр үзүүлэлттэй байсан боловч  Motul Multi ATF болон Castrol ATF Multivehicle нар шилдэг нь болсон юм.

Эдгээр үзүүлэлт хэр үнэн зөв бол? Нийт хүч дамжуулалтын хувьд (хөдөлгүүр болон хурдны хайрцаг) гидротрансформаторын алдагдлыг эс тооцвол хурдны хайрцгийн үрэлтийн эсэргүүцэл ялихгүй байна. Харин “универсал” тосны халалт нь араат дамжуулга болон холхивчны туршилтын үед өөр байсан бөгөөд бүх тосны хувьд дунджаар 17%-ийн зөрүүтэй байлаа.

Байдлаас үзвэл температурын хувьд 10-15 хэмийн өөрчлөлт нь гидротрансформаторын ашигт ажиллагаанд илт мэдэгдэхүйц нөлөөлж байв. Тус шалгуурт NGN Universal болон Totachi Multi-Vehicle -г бодвол Motul компаний ATF арай илүү үзүүлэлттэй байлаа.

“Универсал” тосны халалт нь зууралданги чанарт нөлөөлөх бөгөөд температур өсөх тусам улам шингэрнэ. Иймд, “универсал” шингэрэх тусам гидротрансформаторын бүтээмж буурна. Ялангуяа хуучны загварын франц автомашин унаж байсан жолооч нар зуны хэт халуунд тэрэг ч асахаа байдгийг сайн мэдэх байх.

За цаашилъя. Тэгэхээр зууралданги чанар халуун хүйтэнд үзүүлэлтээ алдахгүй байх нь нэн чухал. Нэг ёсны зууралдангийн индекс өндөр байх тусам сайн гэсэн үг. Энэ номинацад Mobil Multi-Vehicle ATF, Motul Multi ATF болон Formula Shell Multi-Vehicle ATF нар тэргүүн байр эзэлж NGN брэнд бусдаасаа хол хоцорч баян ходоод болов.

Тэгвэл хурдны хайрцагт ATF-ийн температур өссөнөөр зууралданги чанар хэрхэн  өөрчлөгдөхийг харцгаая. Зөрүү нь илт юм. Кинематик зууралданги 26% хүртэл өссөнөөр автомат  хурдны хайрцгийн ашигт ажиллагаа бага байх ч ихэнх тохиолдолд зууралданги чанараа алдсанаас болж гидротрансформаторын хүчин чадал буурснаар тодорхойлж болно.

Зууралданги чанараа удаан хадгалах шилдэг тосоор Totachi Multi Vehicle шалгарч Motul Multi ATF, Formula Shell Multi-Vehichle болон NGN Universal ATF нар дараа дараагийн байр эзэллээ. Энэ нь мэдээж харьцангуй үзүүлэлт учраас хурдны хайрцгийн үр бүтээмжийг оновчтой тодорхойлох боломжгүй юм. Гэсэн хэдий ч автомат хайрцагт ирэх ачааллаас хамаараад инжектортой хөдөлгүүрт илүү тогтвортой үзүүлэлттэй “универсал” тос хэрэглэвэл зохино.

Харин хүйтэнд тэсвэртэй эсэхийг дараах заалтуудаар тодорхойлно. Хүйтний улиралд ATF-с гадна бүх төрлийн шингэн өтгөрдгийг жолооч бүр сайн мэдэх байх. Өөрөөр хэлбэл автомат хурдны хайрцагт авцуулах холбоо (хоонс –ред.) байдаггүйн улмаас өвлийн жаварт хэт өтгөрсөн ATF нь хөдөлгүүрийг асаахад саад болдог. Тиймээс бид тос бүрийн кинематик чанарыг гурван өөр хасах хэмд туршин зууралданги чанараа алдалгүй царцахгүй байх  доод температурыг тогтоосон юм.

Царцах доод температурыг ийнхүү тогтоосноор ATF-ийн синтетик эсвэл хагас синтетик эсэхийг илрүүлж болно. Энэ номинацад өмнөх удаагийн ялагчид болох Motul Multi ATF, Mobil Multi-Vehicle ATF, NGN Universal ATF болон Formula Shell Multi-Vehicle нар хүйтэнд тэсвэрлэх чадвараар хамгийн өндөр үзүүлэлт тогтоож тэргүүн байр эзэллээ.

Эцсийн шалгуураар хамгаалах чадвар буюу элэгдлээс хамгаалах үзүүлэлтийг сонголоо. Хурдны хайрцгийн хэсэг бүрт ажиллах нөхцөл илт ялгаатай байдаг тул араат дамжуулга болон холхивч гэсэн хоёр хэсгийн эд ангийн элэгдлийг судалсан юм. ATF нь элэгдлийг багасгах үүрэгтэйн зэрэгцээ гидротрансформаторын үйл ажиллагаанд саад болох учиргүй. Юутай ч үр дүнгээр гарсан үзүүлэлт янз бүр байна. Араат дамжуулгын элэгдлийг багасгах шалгаруултад Mobil Multi-Vehicle ATF нэгдүгээр байр эзэлсэн бол  холхивчийн тосолгоонд Motul Multi ATF болон Totachi Multi-Vehicle ATF нар бусдаасаа илүү байв.

ATF ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Автомашины хүч дамжуулах ангид автомат араа шиг хэцүү эд анги үгүй.Автомат арааны чухал хэсэг болох гидротрансформатор нь хөдөлгүүрээс хурдны хайрцаг руу энерги дамжуулдаг.Гидротрансформатор (шингэнт хувьсгуур, гүзээ диск–ред.) гэдэг нь хөдөлгүүрийн эргэлтийг хурдны хайрцаг руу тосны хуйлралтаар дамжуулах далбаат хос сэнснээс бүрдэх механизм юм.

Гидротрансформаторын ашигт үйлийн коэффициент нь далбаат сэнсний хийц, хоорондох зай болон сэнс хооронд хуйлрах тосноос хамаарна. Энэхүү механизм нь нэг ёсны шингэн авцуулах холбооны үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг.Тэгвэл зууралданги чанар ямар байх ёстой вэ?

Хэт зууралданги байвал арааны эргэлтийг сааруулж чадлын ихэнх хувь арааг эргүүлэхэд зарцуулуагдсанаар шатахуун зарцуулалт ихэснэ. Мөн хүйтний улиралд тахир гол удаан эргэснээр автомашин асахгүй гэсэн үг. Харин хэт шингэн байвал гидротрансформаторын хөтлөх далбаат сэнс ба дагах сэнсний эргэлтийн зөрүү хэт ихэссэнээр дамжуулах энерги буурна.

Үүнээс гадна ATF-ийн зууралданги чанар жавартай хүйтэн үед ихэсч халуунд багасдаг учраас ашиглалтын горимын хувьд их амаргүй эд. Үүгээр ч барахгүй ATF хөөсөрч арааны эд ангийг зэврүүлэх аюултай. Тиймээс шинж чанараа аль болох удаан хадгалах “универсал” нь жолоочийн ажлыг хөнгөвчилнө.

Энэ ч бас болоогүй. Ер нь автомат хурдны хайрцгийн тос нь нэг дор гидротрансформатор, эрхэс араа болон хурдны хайрцгийн холхивч зэргийг тослох ёстой.

Мөн хөтлөгч арааны элэгдлийг багасгахын зэрэгцээ хэт зууралданги байх ёсгүй. Нэг талаар зууралданги чанар ихсэх тусам үрэлтийн хүч буурдаг ба зууралданги өндөртэй тос ньгидротрансформаторын бүтээмжийг ихэсгэдэг.Ингээд бодоод үзвэл ATF-ийн чанар маш олон зүйлээс шалтгаалж байгаа биз? Сайн “универсал” олон шинжийг агуулдаг нарийн зүйл юм шүү.

ATF – ШИНГЭН ҮҮ ТОС УУ?

Хэдийгээр ATF нь хурдны хайрцгийн тосны бүлэгт хамаардаг ч гол зорилго нь өөр юм. Хурдны хайрцгийн эд анги болох араа ба холхив-чийг тослоод зогсохгүй гидротрансформаторыг хөдөлгөх гол зүйл юм.Хөдөлгүүрийн эргэх хүчийг хурдны хайрцаг руу дамжуулдаг учир авто-мат арааны ажиллагаа нь ATF-гээс шууд хамаардаг.ATF-ийн гол үзүүлэлтэнд зууралданги чанар (ажлын үед болон хүйтэн хэмд), ноцох ба царцах хэм болон хөөсрөх шинж чанар багтана.

 АСУУДАЛ ЕР НЬ ЮУНД БАЙНА?

ATF бүр адил загварын автомат араатай хуучны автомашинд таардаггүйгээр нилээн ярвигтай.

Харилцан тохирохын хувьд ч мөн адил. Жишээ нь 2006 оны япон автомашинд тохирох “универсал” нь орчин үеийн герман автомашинд тэр бүр тохирохгүй. Мэдээж ийм төрлийн ATF нь араа болон холхивчийг тослох ч гидротрансформаторыг таг зогсоочхож мэднэ. Тиймдээ ч ATF-ийн үйлдвэрлэгчид одоог хүртэл автомат араатай автомашин бүрт тохирох “жинхэнэ универсал” тосыг бүтээж чадаагүй юм.

ҮР ДҮН

Шатахуун болон хөдөлгүүрийн тосыг уламжлалт аргаар шалгаж үзэхэд онцын зөрүү гардаггүй бол “универсалыг” нарийвчлан судлах хэрэгтэй. Түүнээс гадна хөдөлгүүрийн хүчин чадал, шатахуун зарцуулалт болон хурдны хайрцгийн ажиллагаа ATF-ээс хамааралтай тул зөв тос сонгох нь нэн чухал.

Тэгэхээр зууралданги ихтэй сайн синтетик зөв сонголт болоод зогсохгүй өвлийн хүйтэн, зуны халуунд автомашиныг төвөггүй асаана. Чухам “универсал” хэмээх нэр хэр оновчтой болохыг жолооч та шийд. Дахин хэлэхэд ATF бүрийн үзүүлэлтэд дурдсан заалтынх нь дагуу шалгах боломжгүй юм. Ингэхэд, зарим тохиолдолд “универсалын” шошгоос “Meets” буюу “нийцнэ” гэсэн бичиг харж болно. “Meets” гэдэг нь үйлдвэрлэгчийн чанарын баталгааг илтгэх ч тухайн тос хурдны хайрцаг бүрт тохирохгүй гэдэг нь ойлгомжтой.

Төгсгөлд нь хэрвээ таны автомашины гүйлт 50-70 мянгаас хэтрээгүй бол хурдны хайрцгийн тос солих шаардлагагүй ч хэзээ нэгэн өдөр энэхүү нийтлэл хэрэг болох байх. Ингээд нийт үзүүлэлтээ нэмснээр Formula Shell-ийн тос Motul болон Mobil-д зайгаа тавьж өглөө. Зураг бүрийн доор тайлбар бичсэн байгаа.