LEXUS LS

Toyota корпорацын Lexus брэндийн седан ангиллын хамгийн дээд зэрэглэлийн люкс автомашин бөгөөд 4-р үе хүртэл японд Toyota Celsior нэрээр худалдаалагдаж байсан. Одоо дэлхий дахинаа Lexus LS нэрээр худалдаалагдаж байгаа. 4-р үеийн загвараас Hybrid загвар гарсан. 1989 онд Toyota корпораци дээд ангиллын суудлын автомашины төрөлд хойд америкийн зах зээлд нэвтрэх зорилгоор Lexus брэндийг тусдаа байгуулахын зэрэгцээ LS загварыг гаргасан байна. Энэ хүртэл японы дээд зэрэглэлийн автомашин байдаг гэсэн имиж дэлхий даяар тогтоогүй байсан юм.

Ингээд хойд америкт голлон чиглэсэн Lexus-ийн анхны автомашин болох LS загвар нь тухайн үедээ хамгийн их нэр хүндийг авчирч зөвхөн хойд америкт төдийгүй дэлхий даяар хит болжээ. Гэвч европын зах зээлд 4.5 метрээс уртгүй Lexus IS загвар гарах хүртэл LS загварын борлуулалт бага байв. Учир нь германы үйлдвэрлэгч нарын уламжлал болсон дээд ангиллын суудлын тэргүүд гээд маш их өрсөлдөгч байсан байна. Гэвч IS гарснаар энэ байдлыг эвдсэн гэдэг.

LS загварын салоны нам гүм байдал нь Mercedes ба BMW-гийнханыг сандралд оруулсан байна. Toyota-гийнхан хэлэхдээ бид энэ загварыг гаргахын тулд 1 ширхэг боолт байсан ч орхилгүй судалж хийсэн гэжээ. Түүнээс хойш дээд зэрэглэлийн авто машины дуу чимээний байдал туйлын чухал үзүүлэлт болсон байна. Тухайн үедээ LS-ийн V8 хөдөлгүүр нь дэлхийн хамгийн сайн, хамгийн өндөр үзүүлэлттэй хөдөлгүүр гэж хэлэгдэх болсон. Мөн дэлхийд анх удаа дээд зэрэглэлийн суудлын автомашинд цахилгаан мотор тавьж Hybrid системийг нэвтрүүлжээ. Энэ загвар Lexus LS600h нэрээр худалдаалагддаг.

1-р үеийн Lexus LS400 F10 модель (1989 он-1994 он)

1989 онд анх нийтэд худалдаалагдсан. Тэр жилийнхээ намар Японд Toyota Celsior нэрээр худалдаанд гарсан. Тухайн үед бусад орнуудад Toyota Cressida гэх хамгийн дээд зэрэглэлийн автомашин байдаг гэж ойлгож байсан бөгөөд Lexus брэнд гарч ирснээр энэ ойлголт өөрчлөгдөж илүү тансаг илүү дээд зэрэглэлийн тусдаа загвар гэсэн ойлголтыг төрүүлсэн. Япончууд дээд зэргийн тансаг авто машин хийж чадах юм байна гэсэн ойлголтыг германчуудад өгсөн гэгддэг. Mercedes-ийн мэргэжилтнүүд LS загварыг судалж үзээд бид япончуудыг ийм машин хийнэ гэж санаагүй, үнэхээр гайхалтай гэж хэлсэн байдаг.

2-р үе Lexus LS400 F20 модель (1994 он-2000 он)

1994 онд шинэчлэн F20 кодтойгоор гаргасан бөгөөд хөдөлгүүрийн багтаамж нэмэгдээгүй боловч хүчин чадлыг нэмэгдүүлж хурдны хайрцагийг 4 шатлалтай хэвээр хийсэн байна. Хэмжээний хувьд өмнөх загвартай адил боловч дизайны шинэчлэл нь илүү том илүү эрч хүчтэй харагдуулах болсон байна.

Дотор салоны зай илүү уужим болсон ба урд хянах самбар нь дээшилснээр урд талд зай ихэссэн. Энэ үеэс эхлэн капотны дотор талыг хөдөлгүүр харагдахгүйгээр үзэмжтэй харагдуулахаар цулгуй хуванцар таг хийж эхэлсэн.

1997 оны хэсэгчилсэн шинэчлэлээр урд талын нүүрэн хэсэг ихээхэн өөрчлөгдөж жинхэнэ дээд зэрэглэлийн машин шиг болжээ. Хөдөлгүүрт VVT-i клапангийн хугацааг тохируулах механизм нэвтэрч хурдны хайрцаг нь 5 шатлалтай болсон байна. Мөн HID гэрэл стандартаар тавигдах болсон.

3-р үе  Lexus LS430 F3# модель (2000 он-2006 он)

2000 онд загварын шинэчлэлт хийж, хөдөлгүүрийн багтаамжийг томруулан 4.3 литр болгожээ. Салоны зайг томруулахаар урд хамрын хэсэг болон хойд тээшний хэсгийг богиносгосон.

2003 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийж гадна болон дотор салоныг сайжруулан 6 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьсан. Их гэрлийг AFS (Adaptive Front-Lighting System) буюу эргэх үед эргэж байгаа талруу гэрлийн тусгал автоматаар чиглэдэг системтэй болгосон байна.

4-р үе  Lexus LS460 F4# модель (2006 он)

LS460(USF40/45) / LS460L(USF41/46)

  • 2005 оны 10 сард Токиогийн авто үзэсгэлэнд LF-Sh гэсэн нилээн холын ирээдүйн мөрөөдлийн загварыг үзүүлсэн. Гэвч энэ нь төсөл төдий загвар байсан.
  • Харин 2006 оны 1 сард LS-ийн шинэ загварыг Детройтын авто үзэсгэлэнд нийтэд үзүүлсэн.
  • 2006 оны 9 сараас Японд Lexus LS460 нэрээр худалдаалагдаж эхэлсэн. Үндсэн суурийг шинээр бүтээж, урд хойд тэнхлэгүүдийг Multi link бүтэцтэйгээр хөнгөн цагаанаар хийсэн. Дэлхийд анх удаа суудлын автомашинд 8 шатлалтай супер автомат хурдны хайрцаг тавьсан. Бүхээгийн хувьд ердийн ба урт гэсэн 2 төрөл байгаа ба урт загварын нийт урт нь 5190 мм, тэнхлэг хоорондын зай нь 3090 мм болсон нь Toyota-гийн хамгийм том японы эзэн хаан хэрэглэдэг Toyota Century-тай ойролцоо болжээ. 19 инчийн тусгай обод, хөнгөн цагаан хайлшин тоормосны аппарат, тусгай тохируулгатай хийн өргөгчтэй тэнхлэг зэрэг олон шинэлэг зүйлүүд их.