LEXUS ЗАГВАРЫН НЭРСИЙН УТГА

Авто үйлдвэрлэгч нар шинэ загвартаа сонин, содон нэршил өгч зах зээлд гаргадаг. Зарим нь ойлгоход амархан бол зарим нь ямар утгатай нь үл мэдэгдэх, оньсого мэт байх нь бий (Koenigsegg CCXR гэж одоо юу гэсэн ч үг юм...) Зарим авто үйлдвэрлэгчид дурын нэр, ан амьтан, байгалийн үзэгдлээр нэрлэдэг бол зарим нь тоо, хэдхэн үсэг (тэр дундаа Герман үйлдвэрлэгчид) тэднийг нэрлэх нь олонтаа.

Тэдний нэг болох Лексас компанийн нэрийн тайлбар утгыг энэ удаад танилцуулах гэж байна. Интернэт орчин болон авто үйлдвэрлэгчдийн өөрийн дата-нд тулгуурлан энэхүү мэдээллийг гарган авсан бөгөөд зарим нэршил нь хэд хэдэн давхар утгыг агуулж байгаа учир Англи нэршлийг нь орчуулгагүй орууллаа.

LS

Одоогоос 27 жилийн өмнө Лексас компани хамгийн том, хамгийн люкс седан загвараар авто ертөнцөд хөл тавьсан билээ. Энэ хугацаанд олон мянган ширхгийг тэд үйлдвэрлэсэн тул одоо ч зам дээр маш их харагддаг болсон байна.

Энэхүү загварыг бүтээхийн тулд 60 дизайнер, 1400 инженер, 2300 техникийн ажилтан, 200 гаруй туслах ажилтан ажилласан хэмээдэг. Нэрийн хувьд Luxury Sedan гэсэн нэр хамгийн дөхөм тайлбар нь аж.

IS

Лексас-ийн гаргасан, дараагийн хүн бүрийн сонирхсон загвар бол IS загвар юм. “Intelligent Sports” утгыг бэлгэдэн энэхүү нэршлийг байна. Учир нь түүний V6 хөдөлгүүр жолоочид спорт мэдрэмж, тав тухыг хамтад нь бий болгох аж.

Нэмэлт мэдээлэл дуулгахад анхны IS-д Toyota Supra-аас авсан турбогүй 2JZ-GE хөдөлгүүрийг ашигласан. Хэдий турбогүй ч одоо хүртэл тюнэрүүдийн дуртай хөдөлгүүр байсаар иржээ.

GS

Дунд оврын седан ангилалд багтах түүний дэлгэрэнгүй нэршил “Grand Sedan” аж. Мэдээж Гранд гэсэн нэр шигээ том биш. Түүний утга нь люкс болон тав тухтай байдлыг асар ихээр шингээсэн хэмээх утгыг агуулна.

Эхэн болон дараа үеийн GS нь Японы зах зээлд борлуулагддаг Тоёота Аристо загвартай ижилхэн нэг платформыг ашигласан. Аристог бид хэд VIP стилээр тоноглогддог гэдгийг маш сайн мэднэ шүү дээ.

Харин зарим нь GS-ийг “Grand Sport” үгийн товчлол ч гэдэг. Хэлбэр, үзүүлэлтийг нь харвал бас ч байж болох хувилбар юм шиг.

ES

Дараагийн загвар бол ES. Утга нь “Executive Sedan” гэдгийг агуулна. Лексасийн хамгийн доод түвшний седан загвар учраас үнэ багатай, урд дугуйн хөтлөгчтэй. Гэхдээ л люлс байдлаа алдаагүй.

HS

Бас нэгэн седаны төрөл нь, гэхдээ бага зэрэг өөр. Нэрийн хувьд “Hybrid Sedan”, эсвэл ”Harmonious Sedan” утгыг агуулж байдаг. Учир нь энэ машин ХАЙБРИД шүү дээ. Хүчин чадлын хувьд 2.5 литрийн цуваа 4 цилиндртэй хөдөлгүүр+цахилгаан мотороор тоноглогдсон. Хэмжээний хувьд СТ загвараас бага зэргийн том. Үр дүнд нь хөлийн зай болон хойд хэсгийн зорчигчийн зай ихэссэн.

CT

 “Compact Touring” эсвэл “Creative Touring” гэсэн үгийн товчлолыг агуулна. Эхнийх нь илүү тохиромжтой буюу аяллын авсаархан машин гэдэгт +1 оноо өгье. Бас нэг коко үнэлгээ авах зүйл нь анхны хайбрид хөдөлгүүртэй бага оврын машин юм.

Бас нэг давуу тал нь урд хэсэгтээ ангилалдаа хамгийн том толгой болон мөрийн зайтай аж. Хүчин чадлын хувьд Тоёота Приустэй ижилхэн 1.8 литрийн Аткинсоны цикл ажиллагаатай хөдөлгүүр, e-CVT кроптой.

SC

Энэ нэрний хувьд маш амархан. “Sport Coupe/Convertible” утгыг агуулсан. Загварын тухайд урдаа байрлах хөдөлгүүр, хойд дугуйн хөтлөгчтэй, ангилалдаа багтаамжтайд тооцогдох ба дээврээ багаажны хэсэгрүүгээ автоматаар хураадаг механизмтай.

Анхны загвар нь бага зэрэг Тоёота Супратай ижилхэн хэлбэртэй. Харин 2010 оноос хойш загварууд нь ангилалдаа хүчтэй өрсөлдөж чадахуйц загвартай болж ирсэн.

RC

Купе загварын буухиа тасраагүй үргэлжилж байна. Шинэ RC загварын утга нь “Racing Coupe” эсвэл “Radiant Coupe” утгыг агуулна. Монголчилбол эхнийх нь Уралдааны купе, удаах нь харж ханамгүй сайхан купе гэж орчуулж болох юм.

Зарим нь түүнийг IS седаны купе хувилбар ч гэдэг. Учир нь түүнээс авсан загварын элементүүд, хөдөлгүүр зэрэгтэй.

LFA

Лексас цор ганц суперкарыг LFA хэмээнэ. Тийм ч учраас маш их хүндлэлийг хүлээж Lexus F-Sport Apex (Дээд цэг) нэрээр нэрлэгдсэн.

Кузовын хувьд карбон файбер болон хөнгөн жинтэй хөнгөн цагаан кузов, 2 зорчигчийн суудал, 4.8 литрийн V10 хөдөлгүүр зэрэгтэй үнэхээр тасархай загвар.

SUV-д ашиглах Х үсэг

Жийп, кроссовер загварууд нь бүгд л Х үсгийг ашигладаг. GX, LX, NX болон RX. Утгын хувьд 4х4 гэдгийн Х үсэг бөгөөд засмал, оффроад замд таны хэрэгцээг хангана.

Харин Х-ийн өмнөх үсэг нь мөн л седан шигээ ямар нэг утгыг агуулна. Жишээ нь NX загварын хувьд Nimble Crossover хэмээх утгатай. Монголчилбол цовоо сэргэлэн, хурдан хөдөлгөөнтэй кроссовер юм байна. Техник үзүүлэлтийг нь сонирхвол арга ч үгүй юм байна, 2.0 литрийн турбо хөдөлгүүр, спорт тулгуур эд анги зэрэгтэй аж. RX-ийн хувьд Radiant Crossover (X) утгатай.

Бусад товчлол:

Үсгийн дараах тоо нь ихэнхдээ хөдөлгүүрийн хэмжээг заана. Жишээ нь IS 250 бол 2.5 литрийн хөдөлгүүртэйг илэрхийлнэ, гэхдээ энэ нь бүх загваруудад хамаараад байхгүй, ялангуяа хайбридад.

  • h- Хайбрид хөдөлгүүртэй машинд энэ тэмдэглэгээг ашиглана. Жишээ нь GS 450h
  • F- Ихэнхдээ өндөр чадал бүхий, спорт хувилбаруудад энэхүү тэмдэглээг тавьдаг. Утга нь Японы уралдааны зам болох Fuji Speedway гэсэн утгыг агуулна. Энэхүү зам дээр ихэнх машинуудаа тэд туршдаг бөгөөд “F” логоны хэлбэр нь гэсэн энэ замын эргэлтийг илэрхийлдэг аж. Мөн зарим тохиолдолд “Flagship” (жишиг загвар) гэдгийг ч агуулна.
  • F Sport - F үсгийг дангаар нь бус спорттой хослуулсан байвал БМВ-ээр бол М спорт загвар нь юм.
  • L- Урт кузовтой лоонг загваруудыг энэ тэмдгээр тэмдэглэнэ. Монголд та харсан л байх LS 600h L гээд нээх урт юм явж байгаа харагддаг.
  • LF-LFA загвартай андуурав аа. Энэхүү нэршил нь тэдний концепт загвартаа өгсөн нэршил бөгөөд “Lexus Future” утгыг агуулна.