ИНФОГРАФИК: АНХААРУУЛСААР БАЙТАЛ ТӨӨРДӨГ, ЦАСАНД СУУДАГ НЬ "МАНАЙХНЫ ЗАН" БОЛОЛТОЙ

#NEWS

Өнгөрөгч амралтын өдрүүдээр цаг агаар муудаж, ихэнх нутгаар цас орж, шуурсан. Эдгээр өдрүүдэд орон нутгийн замд гарахгүй байх, зайлшгүй гарах шаардлагатай тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж явахыг ОБЕГ-аас анхааруулж байлаа.

Гэтэл анхааруулсаар байтал орон нутгийн замд гарч, төөрөх, цасанд суух дуудлага эрс нэмэгджээ.

Нэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд найман аймгийн 11 сумын нутагт, нийт 42 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад онцгой байдлын байгууллагын 46 албан хаагч, 10 автомашинтай, орон нутгийн 39 иргэн, есөн автомашинтай ажилласан байна.
Дээрх 42 иргэний дөрөв нь малдаа яваад төөрсөн иргэд байсан бол үлдсэн нь цасанд суусан автомашины жолооч, зорчигчид юм. Цасанд суусан машинуудын дийлэнх нь 4-7 зорчигтой байжээ. Цаг агаарын нөхцөл байдал муудна, хүйтэрнэ хэмээн анхааруулсаар байтал орон нутгийн замд гарч, онцгой байдлын аврагч, энгийн иргэд нийлсэн 90 орчим хүнийг 20 гаруй тээврийн хэрэгсэлтэй дайчлаад авлаа. Энэ мэтчилэн аврах ажиллагааг зөвхөн энэ удаад ч биш цас, шуурга болох тоолонд зохион байгуулдаг. Тухайлбал, 2016 онд:

Монгол Улсын хэмжээнд 2016  онд 4,373 удаагийн аюулт үзэгдэл осол тохиолдож, онцгой байдлын алба болон орон нутгаас гамшигтай тэмцэх, хор уршгийг нь арилгах ажилд 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Зарим иргэд цаг агаарын нөхцөл байдал муу байхад хайхрамжгүй, дураараа зан гаргаж орон нутгийн замд гарахдаа төөрөх, цасанд суух эрсдэл байгааг тооцдог эсэх ирж аврах аврагчид, автомашин техник хэрэгсэл хэчнээн хэмжээний зардал гаргадаг талаар бодож үздэг болов уу?.

“Машины бензин дуусчихлаа. Ирээд ав” гэх дуудлага хүртэл ирдэг гэхээр зарим иргэд үнэхээр хариуцлагагүй, хайхрамжгүй байгаа нь харагдана.

Хэдийгээр онцгой байдлын алба ард иргэдийг байгалийн аюулт үзэгдэл, гамшиг ослоос хамгаалах, аврах үүрэгтэй ч иргэд ч гэсэн тэдний анхааруулга сэрэмжлүүлгийг хүлээн авч, гарч болох эрсдэлээс сэргийлэх боломж бий гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд тохиолдож болох эрсдэлийг бууруулж, цаашлаад хөрөнгө мөнгөний ч хэмнэлттэй.