2017 ОНД НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮД

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт өчигдөр болсон. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой уулзалтад “2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ, авто замын захиалагчийн хяналт” сэдэвт илтгэлийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра тавьсан юм. Түүний илтгэлээс товчлон хүргэж байна.

2017 онд Нийслэлд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар:

  • Нийслэл хотод 2017 онд Гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 эх үүсвэрээр нийт 39 төсөл.
  • Шинээр 10.9 км авто зам, 32.6 км авто замыг өргөтгөж шинэчилж нийт 43.5 км авто замын төсөл хэрэгжүүлж, шинээр 5 байршилд нийт 3,050 урт метр гүүрийн төслийг тус тус хэрэгжүүлнэ.

Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр:

  • Улаанбаатар хотод Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах,
  • Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих,
  • Баянзүрхийн болон Сонсголонгийн авто зам дээр Туул гол дээгүүр төмөр бетон үүрүүд шинээр барих,
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 9 км авто замыг өргөтгөж шинэчлэх гэсэн 4 том төслийн барилгын ажлыг эхлүүлнэ. Тус төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын дүн нь 134.9 сая ам доллар,
  • Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Яармагийн авто замаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх 32.2 км хурдны авто зам барих төслийг үргэлжлүүлнэ.

Нийслэлийн төсвөөс:

  • Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх авто замыг Сэлбэ гол дээгүүрхи шинэ гүүрийн хамт барих,
  • Явган хүнд зориулсан гүүрэн гарц Их тойруугийн хойд хэсэгт буюу Сансарын ШТС-ын дэргэд шинээр барих,
  • ХУД-ийн 11-р хороонд Аялал жуулчлалын авто замыг шинэчилнэ.

Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн 35.8 тэрбум төгрөгийг “Авто замын тухай хууль”-ийн дагуу нийслэлийн зам, замын байгууламжийн засвар арчлалт, шинэчлэлтэнд зарцуулна.Үүнд:

  • Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт /13 төсөл, арга хэмжээг 21,3 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
  • Авто зам, замын байгууламжийг шинээр барих болон шинэчлэх /5 төслийг нийт 11,0 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
  • Бусад холбогдох ажил /нийт 3,4 тэрбум төгрөгийн өртөгөөр/

Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг үргэлжлүүлэн явуулна.

2017 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээ нь:
  • Нийт 858 км хатуу хучилттай авто замтай,
  • Гол гудамж зам -172 км,
  • Туслах гудамж зам -340 км,
  • Дагуул хот тосгоны гудамж зам – 65 км,
  • Орон сууцны хорооллын доторх авто зам 280 км, нийт том жижиг нийлсэн 74 гүүртэй нийт урт нь 3,956 урт м.

Улаанбаатар хотын авто замын насжилт буюу ашиглалтын хугацааг тодорхойлбол:

  • 20-25 жилийн насжилттай- 34%
  • 15-20 жилийн насжилттай -8%
  • 10-15 жилийн насжилттай -6%
  • 5-10 жилийн насжилттай -11%
  • 1-5 жилийн насжилттай -41%-тай байна.

Иймд хотын авто замын засвар шинэчлэлтийн ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээт шаардлага гарч байгаа.

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгчид тавих захиалагчийн хяналтын талаар:

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор дараах захиалагчийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • Авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажилд хяналт тавих.
  • Лабораторийн хяналт тавих.
  • Шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлтийн ажилд хяналт тавих.
  • Авто замын засвар, арчлалтын ажилд хяналт тавих.
  • Авто замын трассын дагуу байрлах инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажилд хяналт тавих.
  • Авто замын тоноглол буюу тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохионы ажилд хяналтыг хийж гүйцэтгэж байна.

Захилагчийн хяналтын ажлыг сайжруулах үүднээс авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг Жайка “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас боловсруулан гаргаж мөрдлөг болгож байна..

Ингэснээр барилгын ажлын явцад ил болон далд ажлууд нь техникийн шаардлагын дагуу бүрэн гүйцэд хийгдэнэ. Мөн замын чанар сайжирна.

Тухайлбал, цацлага цацахаас өмнөх өргөний хэмжилт болон битум цацлаганы ажил болон талбай дээр ирсэн хольцийн температурыг шалган баталгаажуулсан байдал, хучилтын зузаан шалгах үеийн фото зураг болон хэвтээ тэмдэглэгээний ажлыг баталгаажуулсан фото зураг гэх мэт зургийн баримтжуулалтыг хийнэ.

Дээрхи авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг гүйцэтгэгч компани нь ил болон далд ажилдаа мөрдлөг болгоогүй тохиолдолд  тухайн ажлыг стандартын дагуу хийгдээгүй гэж үзнэ хэмээн илтгэлдээ дурджээ.