ЯАРМАГ, БАЯНЗҮРХИЙН ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЗАМ ХААНА

Жил бүрийн есдүгээр сараас замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн хувьд онцгой нөхцөл үүсээд байгааг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар хэллээ.

Тэрбээр "Энэ нь авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой. Замын цагдаагийн уулзвар, Олимпын гудамжийг хаасан болон дулааны шугамын засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор түгжрэл эрс нэмэгдсэн. Одоогоор нийтийн тээврийн автобусны өдрийн дундаж хурд ердөө 6 км/ц болоод байна. Энэ нь явган алхаж байгаа хүний дундаж хурдтай адил гэсэн үг.

Дээр дурдсан авто замын ажлуудаас гадна бас энэ сард Яармаг, Баянзүрхийн гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан түр хугацаагаар зам хаана.

Урьдчилсан байдлаар Яармагийн гүүр, Богд уулын арын замыг тус бүр 10 хоног, Баянзүрхийн постыг буулгах Улиастайн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх замыг бүрэн шинэчлэхтэй холбогдуулан 15 хоног хаахаар төлөвлөсөн. Ингэхдээ Яармагийн гүүрийг хаах хугацаанд Богд уулын арын замыг нээлттэй байлгахаар зохицуулах байх. Учир нь Яармагийн гүүрийг хаасан үед Нисэх, Яармагийн иргэд зөвхөн Сонсголонгийн замаар хотын төв рүү орох болвол одоо ч ачаалалтай байгаа Сонсголонгийн гүүрний ачаалал улам нэмэгдэнэ. Тиймээс шаардлагатай бол Богд уулын арын замаар нийтийн тээврийн хэрэгсэл явуулж болно.

Тиймээс зам хаах хугацаанд иргэдийг хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийг замаар чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж өгөөч ээ гэж хүсмээр байна. Нийслэлийн тээврийн газрын зүгээс замын нөхцөл байдалтай уялдуулаад нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой" хэмээн ярилаа.

Зам хаахтай холбоотойгоор НТГ-аас нийтийн тээврийн богино эргэлт хийх, замын маршрутыг өөрчлөх талаар зохицуулалтыг хийх саналаа боловсруулан Хотын даргад танилцуулахаар ажиллаж байгаа юм байна.