ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙГДЭХ АВТОЗАМЫН 15 ЗОХИЦУУЛАЛТ

Нийслэлийн авто замын газар, НИТХ, Замын Цагдаагийн Алба болон холбогдох байгууллагуудаас ойрын хугацаанд түгжрэлийн эсрэг дорвитой арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөөд, заримыг нь ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр мэдэгдээд байна.

Нэгдүгээрт: Хамгийн ихээр чагталж түгждэг, гэрэл зөрчиж ордог, хөндлөнгөөс орж ирж байгаа урсгалыг гацаадаг 4 уулзварт yellow box буюу шар дөрвөлжин тэмдэглэл, зөрчсөн этгээдийг сонгож зураг авалт хийх камер суурилуулах ажлыг 10 дугаар сард хийгдэж хариуцлага тооцож эхэлнэ.

Хоёрдугаарт: Худалдаа үйлчилгээний бараа түгээлтийн үйлчилгээг ялангуяа хотын төв, хамгийн ихээр ачаалдаг хэсгүүдэд ажлын бус цагаар хийлгэнэ.

Гуравдугаарт: Захуудад бараа тээвэрлэж байгаа том оврын автомашинуудыг ажлын бус цагаар буюу 01.00 -07.00 цагуудаар явуулна.

Дөрөвдүгээрт: Төр болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчдын автомашины хэрэглээ, үүн дотроо, өдөржин зогсоол бөглөж зогсдог асуудлыг багасгана. Үйлчлүүлэгч нарт зогсоолын 70% ийг чөлөөлж өгөх.

Тавдугаарт: Зогсоол болгон ашиглаж байгаа захын эгнээ, талбай, орчныг /жишээ нь хөрөнгийн бирж, төв шуудангийн хоорондох зай, их дэлгүүрээс циркрүү явдаг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ /төлбөртэй болгож үйлчлүүлэгч нарт чөлөөлж өгөх гэх мэт

Зургадугаарт: Орон сууцны хороолол дундах хөдөлгөөнийг нэг чигийн болгоно /өөд өөдөөсөө тулж зогсохгүй болно/

Долдугаарт: Зорчих хэсгийн ачааллыг харгалзан хөрвөх эгнээг өглөө оройн цагаар зохион байгуулах / аль нэг ачаалалтай талд эгнээг эсрэг талын эгнээнээс гаргаж өгөх гэсэн үг/

Наймдугаарт: Төр захиргаа олон нийтийн байгууллагын зогсоолын амралтын өдрүүдээр иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй болгох

Есдүгээрт: Зогсоолын болон ачааллын цахим мэдээллийн апп- ыг бий болгох. /сул зогсоол болон түгжрэлийн схемчилсэн мэдээллийг урдаас харж хөдөлгөөнд оролцох гэх мэт.

Арав дугаарт:  Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах. Нийтийн тээврийн үйлчилгээний өглөө оройн ачаалалтай цагуудад дундын зогсоолоос явуулах 27 чиглэлд 38 тээврийн хэрэгсэл, эх авах болон оройн буух цагийг уртасгах шаардлагатай 32 чиглэл байгаа юм.

Арван нэгдүгээрт: Зарим төв замын нийтийн тээврийн зогсоолууд стандартад нийцэхгүй байгаагаас түгжрэл үүсгэдэг. Ойрын хугацаанд үүнийг стандартад нийцүүлж засварлах

Арван хоёрдугаарт: Энхтайваны өргөн чөлөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс зарим уулзварт зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Энэ ажлын хүрээнд Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Арван гуравдугаарт: Авто замын хөдөлгөөнийг зохицуулах алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах, нэмэлт цалингийн асуудлыг хотын дарга шийдвэрлэнэ.

Арван дөрөвдүгээрт: Цэцэг төвийн уулзварыг урдаас нь хойш нэг чигийн хөдөлгөөнд оруулах саналыг хүргүүлж байгаа юм. үүнтэй холбоотойгоор ОХУ ЭСЯ-ны баруун талын уулзвар урагшаа нэг чигийн хөдөлгөөнтэй байсныг сөрөг хөдөлгөөнтэй байхаар зохицуулах гэж байна.

Арван тавдугаарт: Уулзваруудын гэрлэн дохион дээр мөн тоогоор мэдээлэгч самбаруудыг байрлуулна. Одоогоор Бээжингийн гудамжинд хэрэглэж байгаа энэ зохицуулалтыг тодорхой газруудад хийнэ.