ХАЙБРИДААР УС ТУУЛАХ НЬ

Хайбридаар ус туулахдаа огцом хааз өгч, хүчилж огт болохгүй.

Сүүлийн үед манайд хайбрид автомашин төрөл төрлөөрөө орж ирэх боллоо. Ер нь машинаар бороо ихтэй өдөр тогтмол ус туулах, хөдөө хээр гол гатлах гээд ус туулах тохиолдол цөөнгүй.

Хайбрид болон цахилгаан тэргээр ус туулахгүй байхыг үйлдвэрлэгчдээс анхааруулдаг ч яах ч аргагүй туулах болсон болон туулсны дараа юун дээр анхаарах хэрэгтэйг Тожоо жолооч ингэж зөвлөжээ.

Үйлдвэрлэгчээс дугуйн талаас дээш төвшинтэй ус туулж болохгүй гэж заасан байдаг.

Гэхдээ манайхан приусээр гүн ус туулах тохиолдол цөөнгүй шүү. “приус”-тэй жолооч нар бол цахилгаан хөдөлгүүрийг салгах буюу ус туулах системийг идэвхжүүлэх хэрэгтэй.

Зааврыг нь та интернетээс хайгаад л олчих учраас энд нуршаад яахав. Энэ тохируулга нь гол, усаар гатлах үед  машины дээд, доод, их, бага компьютерыг шатах эрсдэлээс бүрэн хамгаалах систем юм. Өөрөөр хэлбэл цахилгаан хөдөлгүүрийг салгаж байнаа гэсэн үг.

Энэ нь цахилгаан хөдөлгүүр, эд ангийг гэмтээх өндөр эрсдэлтэй. Хайбрид машинаар их ус туулах, удаан хугацаагаар усан дотор зогсох зэрэгт цахилгаан системүүд гэмтэж болох аюултай. Хэдий уснаас хамгаалсан жийрэг таг бий боловч удаан хугацаанд ашиглагдсан зэргээс жийрэг хатуурах, задлаад ахин угсрахдаа битүүмжлэлийг дутуу хийснээс ус орох магадлалтай болсон байдаг.

Хайбрид машин агаар шүүгчээрээ ус сорохдоо энгийн авто машинаас илүү амархан байдаг байна.

Яагаад гэхээр ихэнх энгийн машины агаар шүүгч хөдөлгүүрээс тусдаа байрлаж урт хоолойгоор агаараа соруулж авдаг энэ нь түргэхэн хугацаанд ус орсон ч агаар шүүгчийг нэвтэрч урт хоолойг дүүртэл сорогдтол нилээ уддаг юм.

Мэдээж гүн усанд удаан орсон тохиолдолд ус орох нь гарцаагүй бөгөөд энгийн бензин хөдөлгүүр унтарч машин зогсдог. Харин хайбрид машины хувьд урт хоолой хийх зайд хайбрид систем байрласан байдаг учир агаар шүүгчийг шууд хөдөлгүүрийн дээр хийсэн байдаг.

Богино хоолойгоор агаар сорж байдаг. Өөрөөр хэлбэл агаар шүүгчийг ус нэвтэрлээ л бол ус шууд хөдөлгүүрт сорогдож орох аюултай.

Ингэлээ гэхэд хөдөлгүүр усанд унтарч зогсох боловч хайбрид систем ажиллаж цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар уснаас гараад явна. Хэсэг хугацаанд цахилгаан хөдөлгүүр ажиллаж баттерэйн цэнэг багасаж бензин хөдөлгүүр асах хэрэгтэй болно.

Энэ үед л таны хөдөлгүүрт ус ороод зогссон бол асахдаа эвдэрч болно. Эвдрэх эвдрэхдээ ноцтой эвдрэх болно. Яагаад гэхээр хайбрид нь стартер гэж байдаггүй. цахилгаан мотор нь бензин хөдөлгүүрийг асаадаг юм. Энгийн машины стартер 2-4 кВт чадалтай бол цахилгаан хөдөлгүүр дор хаяж 30кВт байгаа.      

Энгийн стартераар ус орсон хөдөлгүүрийг эргүүлэхэд хэд эргүүлээд гацаж ахин эргэхээ байдаг. Задлаад гэмтсэн деталиудыг солиод хөдөлгүүр хэвийн байдалдаа орно. Харин хайбридийн хувьд маш хүчтэй цахилгаан мотортой тул шатуныг хугартал эргүүлж хугарсан шатун хөдөлгүүрийн блок болон ойролцоох эд ангийг цөм цохидог.

Ингээд хөдөлгүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй болгодог.    

Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг.

Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг. Тиймээс та машиныхаа хамрын урд үзүүр дээгүүр ус давсныг харсан л бол уснаас гармагцаа, унтрааж шалгах хэрэгтэй. Мөн усанд орсны дараа машин дан цахилгаан хөдөлгүүрээр яваад байвал сэжигтэй гэсэн үг.

Даруйхан зогсож шалгах хэрэгтэй. Юуг шалгах вэ гэж үү?

Юуны түрүүнд агаар оруулах хоолойн урд ам норсон эсэхийг, дараа нь агаар шүүгч норсон эсэхийг. Хэрэв агаар шүүгч норсон байвал цааш очлуурыг авч үзэх эсвэл тусламж дуудах хэрэгтэй. Ингэсний дараа аль цилиндрт ус орсныг тогтоож усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа эргэж угсран явна.

За ер нь цахилгаан ус хоёр хэзээд харшилдаг хоёр туйл шүү дээ, тэгэхээр цахилгаан тэргээр аль болох ус туулахгүй л байх хэрэгтэй юм шүү дээ.