ДРАГОНЫ АВТО ВОКЗАЛЫГ НҮҮЛГЭХ ҮҮ?

Dragon Bus Terminal / Драгон худалдаа үйлчилгээний төвийн фэйсбүүк хуудсаас авав

Шинэ авто вокзал 24 автобусны гарцтай байна.

Сонгино хайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх үүргийг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох газарт даалгасан байдаг.

Энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар Авто худалдааны цогцолбороос мэдээлэл өглөө.

"Драгоны авто вокзалыг 2019 онд нүүлгэнэ. Авто худалдааны цогцолбор дахь “Олон улсын худалдаа логистикийн төв” ашиглалтад орсны дараа авто вокзалыг шилжүүлэх юм.

Учир нь Логистикийн төвд 20 автобусны зогсоол бүхий баруун бүс, хот хоорондын автобус терминалыг Бриллиант Юнайтед ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2019 ондоо ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв болно.  Жилдээ давхардсан тоогоор 800 мянгаас 1 сая хүртэл хүн нэвтрүүлэх хүчин чадалтай байна.

Мөн тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматажсан онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлнэ.

Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Нийт 24 автобусны гарцтай байх шинэ Авто вокзалын нийт талбай 4,200м2 байх ба нийтийн танхим нь 2,200м2 байна. Худалдаа үйлчилгээний хэсэг нь 2,000м2 талбайг хамарна.

Тус авто вокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулагдахаар төлөвлөсөн.

Нийслэлийн өмчит “Олон улсын худалдаа логистикийн төв” нь 4.7 тэрбум төгрөгийн төсөвтэй, 2019 оны долдугаар сарын 31-ний дотор барьж дуусгана" гэлээ.

Авто тээврийн Үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Драгоны зорчигч тээврийн төвөөр 49 чиглэлд өдөрт дунджаар 4,500-5,000 хүн үйлчлүүлдэг байна.