TOYOTA КОМПАНИ ЖОЛООЧГҮЙ АВТОМАШИНЫ СТАРТАП PONY.AI-Д $400 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА

Хятадын автомат жолоодлоготой машин хөгжүүлэгч старт-ап компани Pony.ai нь өнгөрсөн лхагва гаригт нийт $462 сая долларын хөрөнгө оруулалт босголоо. Үүний $400 сая нь Тоёотагийн дан хөрөнгө оруулалт аж.

Ингэснээр компанийн үнэлгээ ойролцоогоор $3 тэрбум долларын өртөгтэй болж байгаа бөгөөд Хятад дахь хамгийн өндөр үнэлгээтэй автомат жолоодлоготой машины стартап болж байгаа юм.

Тус компанийг 2016 онд Baidu гэх БНХАУ-ын технологийн компанийн дарга асан байгуулж одоогоор Бээжин болон Гуанжоу, Америкийн Сан Францискод хөгжүүлэлтийг хийдэг. Тоёота компанийн хувьд Токио олимпийн дараа, энэ жилийн сүүлээр өөрсдийн хөгжүүлж байгаа автомат жолоодлоготой системийг танилцуулахаар төлөвлөөд байгаа юм.

Дан ганц энэ удаагийн хөрөнгө оруулалт ч бус өнгөрсөн оны 4 сард Денсо компанитай хамтран UBER-ын автомат жолоодлоготой таксинд $667 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгэхээр тун удахгүй Японы авто үйлдвэрлэгчийн гайхалтай бүтээлүүд ар араасаа гарч ирэх нь дамжиггүй ээ.