НОГООН ДЭВСГЭРТЭЙ УЛСЫН ДУГААРТАЙ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

Авто тээврийн үндэсний төвөөс олгох серийн дугаар дууссантай холбогдуулан “УАА” шинэ серийн дугаарыг энэ сарын 24-ны өдрөөс иргэдэд олгож эхэлсэн билээ.

Мөн тус өдрөөс эхлэн Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдгийн шинэчлэгдсэн стандартын дагуу дугаарын дэвсгэрийн өнгөнд ч өөрчлөлт орсон юм.

Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодрууллаа.

-Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдгийн одоо мөрдөгдөж байгаа стандартын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтийг стандартаар тогтоож өгсөн байдаг. Харин 2019 оны зургаадугаар сарын 11-ны өдөр Стандарт хэмжил зүйн газрын даргын С/19 дүгээр тушаалаар энэ стандартад нэмэлт өөрчлөлт оруулсан.

Тус өөрчлөлтөөр өмнө нь байсан нийт 25 үсэгтэй 50 серийн дугаарыг олон улсад танигддаггүй зарим тэмдэгтүүдийг хасаж 11 серийн дугаартай болгосон. Энэ нь латин үсэг хэрэглэдэг гадаад орнуудад уншигддаггүй тэмдэгтүүдийг хассан гэсэн үг.

Автомашины тус 11 серийн анхны дугаар нь "УАА" гэсэн шинэ серийн дугаар юм. 

Автомашины УАА гэх улсын дугаарын шинэ серийг долоодугаар сарын 24-ны өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар нийт 1,840 тээврийн хэрэгсэлд олгоод байна. Гэхдээ энэ УАА тэмдэгттэй улсын дугаарыг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгож байгаа.

Манайд өдөрт 300-400 импортын тээврийн хэрэгсэл бүртгүүлж, 400-500 автомашины шилжилт хөдөлгөөн хийгддэг.

Стандарт шинэчлэгдсэнтэй холбогдуулан улсын дугаар олгох үйл ажиллагаа нээлттэй болсон. Тиймээс иргэд хүссэн автомашины дугаараа цахимаар захиалан авах боломжтой. Энэ нь манай үйлчилгээнд гарсан том дэвшил гэж ойлгож байна.

- Мөн автомашины дугаарын дэвсгэрийн өнгөнд өөрчлөлт орсон байна шүү дээ. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

- Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтийг стандартад:

Эко буюу 100 хувь цахилгаан болон ус төрөгчийн хөдөлгүүртэй машинд дэвсгэр нь ногоон дэвсгэртэй байхаар,

Нийтийн зориулалтын зам дээр явах боломжгүй тусгай замын тээврийн хэрэгсэл буюу хүнд даацын тээрийн хэрэгслийн дугаар нь хар дэвсгэртэй байхаар, 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэлд олгох дугаар нь шар дэвсгэртэй байхаар зааж өгсөн. Стандартын дагуу автомашины дугаарын дэвсгэрийн өнгийг өөрчлөх ажил энэ сарын 24-нөөс эхлэн хэрэгжиж байна.

Мөн энэ стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг мөрдөн ажиллаж байна.

- Өнөөдрийн байдлаар хар болон шар, ногоон дэвсгэртэй улсын дугаарыг тус тус хэчнээн тээврийн хэрэгсэлд олгоод байна вэ?

- Өнөөдрийн байдлаар хүнд даацын тээврийн хэрэгсэлд олгох хар дэвсгэртэй улсын дугаарыг нийт дөрвөн тээврийн хэрэгсэлд олгосон. Программын шинэчлэлтэй холбоотойгоор ногоон дэвсгэртэй дугаарыг яг хэдийг олгосон гэдгийн хэлж мэдэхгүй байна. 

Гэхдээ Монгол Улсад зуун хувь цахилгаан тээврийн хэрэгсэл 223 бий. Үүнээс 209 нь Улаанбаатарт байгаа бол 14 нь орон нутаг бүртгэлтэй. Харин шар дэвсгэртэй автомашины улсын дугаарыг хараахан олгож эхлээгүй байна.

- Тэгвэл хүнд даацын, зуун хувь цахилгаан болон нийтийн тээврийн хэрэгслүүд заавал дугаараа солих шаардлагатай юу?

- Бид заавал соль гэж хүчээр шаардаж болохгүй. Журманд ч тэгж заасан. Нийтийн тээврийн хэрэгсэлд олгох шар дэвсгэртэй улсын дугаарыг нийтийн тээврийн компаниуд хүссэн тохиолдолд олгоно.

Одоогоор нийтийн тээврийн хэрэгслийн шар дэвсгэртэй болгохоор хандсан тохиолдол гараагүй байна. Тиймээс л шар дэвсгэртэй дугаар олгогдоогүй байгаа юм.

Мөн цахилгаан тээврийн хэрэгсэлтэй иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаж, автомашины дугаараа шинэ стандартын дагуу хэвлүүлэн ногоон дэвсгэртэй болгож болно.

Улсын дугаараа ногоон дэвсгэртэй болгосноор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарим тохиолдолд замын хөдөлгөөнд давуу эрхээ эдлэх боломж нь бүрэн нээгдэх байх.

Импортоор орж ирж байгаа, шинээр бүртгүүлж байгаа зуун цахилгаан тээврийн хэрэгсэлд тээврийн хэрэгсэлд ногоон дэвсгэртэй улсын дугаар олгоно.

Харин хүнд даацын тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам талбайд зорчихыг хориглосон учир тухайн тээврийн хэрэгсэлд заавал дугаараа хар дэвсгэртэй болгох шаардлагатай. 

Ингэж автомашины улсын дугаарын дэвсгэрийн өнгийг солих нь тухайн тээврийн хэрэгслийг хянахад хялбар болж байгаагаараа давуу талтай.

Бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар давуу эрх элдэх талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Б.Саруул "Бүрэн цахилгаан автомашиныг ялгамжтай буюу ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлөхгүйгээс гадна дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно" гэж мэдээлэв.