АЮУЛГҮЙ ЖОЛООДЛОГЫН ҮЛ ҮЗЭГДЭХ БААТАР: SANKEI 555 БРЭНД БА МОНГОЛЫН ЗАМ

Хурдны замаар салхи татуулан давхих спорт машин, хөдөөгийн замаар гэр бүлээ суулган зүтгэх MPV, хотын түгжрэлд алхам алхмаар урагшлах төмөр хүлэг гээд автомашин бүрийн цаана хүний амь нас, аюулгүй байдал яригддаг. Жолооч бидний хардаг зүйл бол ердөө л тансаг салон, хурдны хайрцаг, жолооны хүрд. Гэвч тэрхүү хүрдний эргэлт бүрийг дугуйнд алдалгүй дамжуулж, замын цохилт бүрийг өөр дээрээ үүрэн, хэзээ ч хугарахгүйгээр тэнхлэгийг барьж байдаг "үл үзэгдэх баатрууд" автомашины доор бий. Энэ бол явах эд анги, жолооны механизмын сэлбэгүүд юм. Энэ салбарт дэлхийн 120 гаруй орны жолооч нарын итгэлийг хүлээж, Монголын хатуу хөтүү замд ч чанараараа танигдсан нэгэн брэнд байдаг нь автомашин сонирхогчдын дунд "Гурван тав" хэмээн алдаршсан Японы Sankei 555 (Three Five) юм.

Компани үүсэж хөгжсөн түүхэн замнал, Япон инженерийн зөрүүд гүн ухаан, технологийн гайхамшиг болон Монголын хэрэглэгчидтэй холбогдсон сонирхолтой учралууд нь энэхүү брэндийг зүгээр нэг сэлбэг үйлдвэрлэгч биш, аж үйлдвэрийн амьд түүх гэдгийг гэрчилдэг. 

ГАРАЛ ҮҮСЭЛ БА ТҮҮХ

Аливаа агуу зүйл үргэлж алсын хараа, гүн гүнзгий утга учир дээр тогтдог. 1960 оны 9-р сард Японы Шига мужийн Ритто хотод Koichiro Ohmi гэх эрхэм металл цутгуур, хэв гамналтын аварга Gohsyu компанийн механик боловсруулалтын салбар хэлбэрээр Goshu Seiki компанийг анх байгуулжээ.
Аливаа агуу зүйл үргэлж алсын хараа, гүн гүнзгий утга учир дээр тогтдог. 1960 оны 9-р сард Японы Шига мужийн Ритто хотод Koichiro Ohmi гэх эрхэм металл цутгуур, хэв гамналтын аварга Gohsyu компанийн механик боловсруулалтын салбар хэлбэрээр Goshu Seiki компанийг анх байгуулжээ.

Тэрээр 1962 оноос жолооны механизмын гол нугас болох шарнер (Tie Rod End) бие даан үйлдвэрлэж эхэлмэгцээ 555 брэндийг бүртгүүлж, 1963 онд компаниа Sankei Industry Co., Ltd. болгон өөрчилжээ. Gohsyu бол Японы төдийгүй дэлхийн автомашины үйлдвэрлэлд маш хүндтэй байр суурь эзэлдэг, металл цутгуур, хэв гамналт (Hot/Cold Forging) болон ган боловсруулалтаар гаршсан Япон улсад номер-1, дэлхийн шилдэг гигантуудын нэг билээ.

Тэд Toyota, Honda, Nissan-ы хөдөлгүүрийн шатунь, тахир гол зэрэг хамгийн өндөр ачаалал даадаг ган эд ангиудыг цутган боловсруулдаг. Sankei 555 нь дэлхийн хэмжээний ган боловсруулах технологийн ноу-хау дээр суурилж бүтдэг тул "гангийн чанараараа номер 1" билээ. Тэд бүтээгдэхүүндээ зүгээр нэг энгийн ган ашигладаггүй. Тяга, өндгөн тулгуур (ball joint)-ын доторх голтуудыг SCM435 (Chrome Molybdenum Steel) буюу хром-молибдений хайлштай гангаар хийдэг.

Sankei 555 ганг боловсруулахдаа Японы хамгийн шилдэг технологи болох өндөр давтамжит индукцийн аргаар гадаргууг нь хатуужуулдаг. Энэ нь гангийн гадна талыг очир алмааз шиг хатуу (элэгдэхгүй) болгох бөгөөд дотор голыг нь уян хатан (цохилтод хугарахгүй, суналттай) хэвээр нь үлдээдэг.

Компанийн нэр болох Sankei (Гуравлан мандах) болон Three Five буюу 555 гэх нэршил нь зүгээр нэг тооны цуглуулга биш юм. Үүсгэн байгуулагч Коичиро Омигийн төрсөн нутаг болох Шига муж нь Японы түүхэнд өвөрмөц худалдааны соёлоороо алдартай. Нутгийн худалдаачид бизнестээ Sanpo-Yoshi буюу 3 талын сэтгэл ханамжийг урьтал болгодог байв. Энэ нь:

1. Худалдагч хожих (Бизнес ашигтай байх)

2. Худалдан авагч хожих (Хэрэглэгч чанартай бүтээгдэхүүн авах)

3. Нийгэм хожих (Бизнес нь нийгэмдээ тус дэм болох) гэсэн гүн гүнзгий философи юм.

Энэхүү 3 талын сэтгэл ханамж, харилцан итгэлцлийг 3 таван тоогоор 555 бэлгэдэж, брэндийнхээ албан ёсны уриаг For Safe Driving буюу "Аюулгүй жолоодлогын төлөө" хэмээн тунхаглажээ.

Энэхүү түүхийн залгамж халаа тасраагүй бөгөөд өнөөдөр компанийг үүсгэн байгуулагчийн залгамжлагч Yasuhiro Ohmi удирдаж, гэр бүлийн уламжлалт, чанарыг эрхэмлэсэн ухаанаараа Оомигийн гэр бүлийнхэн 66 жилийн турш менежментийг үргэлжлүүлж байна.

Коичиро Оми 1960 онд энэ компанийг байгуулсан шалтгаан нь тухайн үеийн Японы эдийн засаг, аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжил болон түүний алсын хараатай шууд холбоотой байв. Үүнийг дараах 3 гол шалтгаанаар тайлбарлаж болно.

1.Японы автомашины "Алтан үе"-ийг олж харсан нь 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр Япон улс дайны дараах хямралаас бүрэн гарч, аж үйлдвэржилт нь огцом өсөж байв. Тоёота, Ниссан, Хонда зэрэг компаниуд яг энэ үед массаар машин үйлдвэрлэж, айл бүр машинтай болох “Моторжуулалтын эрин үе" эхлэв. Коичиро Оми машин олшрохын хэрээр явах эд анги, жолооны механизмын сэлбэгийн эрэлт асар их болно гэдгийг маш соргогоор урьдчилан харсан юм. Ялангуяа машин ихсэх тусам элэгддэг, аюулгүй байдалд хамгийн чухал нөлөөтэй тяга, өндгөн тулгуур дээр мэргэшихээр шийджээ.

2.Толгой компанийнхаа давуу талыг ашиглах (технологийн боломж) Коичиро Омигийн эх компани болох Gohsyu нь тухайн үедээ металлыг халааж хэвлэх, цутгах (Forging) чиглэлээр хэвлэлийн үйлдвэрлэлийн маш том бааз суурьтай, технологиор тэргүүлэгч байв. Тэрээр "Бидэнд дэлхийн хэмжээний хамгийн бөх ган боловсруулах, хэвлэх технологи бэлэн байна. Үүнийг яагаад зүгээр нэг түүхий эд чигээр нь нийлүүлэх ёстой гэж..? Бэлэн гангаа өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн болгож, автомашины нарийн сэлбэг үйлдвэрлэвэл илүү үнэ цэнтэй" гэж үзсэн байна. Ингээд толгой компанийнхаа гангийн ноу-хау дээр суурилж, сэлбэг үйлдвэрлэх тусдаа салбарыг байгуулсан ажээ.

3.”Оми худалдаачдын" философийг аж үйлдвэрт нэвтрүүлэх. Түүний амьдарч, ажиллаж байсан Шига муж (хуучин нэрээр Оми бүс нутаг) нь Японд олон зуун жилийн түүхтэй худалдааны өвөрмөц соёлтой газар бөгөөд тэндхийн худалдаачид зөвхөн өөрийн ашгийг хардаггүй, "Худалдагч, худалдан авагч, нийгэм бүгд хожих ёстой" Sanpo-Yoshi гэсэн зарчимтай.

Коичиро Оми зөвхөн мөнгө олох гэж биш, харин "Дэлхийн жолооч нарт хэзээ ч хугардаггүй, хамгийн аюулгүй, найдвартай явах эд ангийг нийлүүлж, нийгэмдээ тус хүргэе" гэсэн чин эрмэлзэлтэй байсан тул брэндээ "Гурван Тав" буюу 3 талын сэтгэл ханамж хэмээн бэлгэдэн байгуулжээ. Тэрээр Японы автомашины тэсрэлтийг угтаж, өөрт байсан супер гангийн технологио ашиглан, хүмүүст аюулгүй бөгөөд чанартай сэлбэг нийлүүлэх гэсэн урам зориг, алсын хараан дээр энэ компанийг үүсгэн байгуулжээ.

ХӨГЖЛИЙН АЛТАН ХЭЛХЭЭС

• 1960 оны 9-р сар:

Японы томоохон хүнд үйлдвэр, цутгуурын Gohsyu Forging Co. компанийн механик боловсруулалтын салбар Goshu Seiki нэрээр Шига мужийн Ритто хотод анх байгуулагдав.

• 1962 оны 10-р сар:

Компани бие даан рулийн механизмын гол эд анги болох тяга үйлдвэрлэж эхэлснээр 555 брэндийг албан ёсоор бүртгүүлэв.

•1963 оны 1-р сар:

Компани нэрээ Sankei Industry Co., Ltd. болгон өөрчлөв.

•1970-1980 он:

Япон автомашинууд дэлхийн зах зээлд (АНУ, Европ) масс хэлбэрээр экспортлогдож эхлэхтэй зэрэгцэн Sankei 555-ын борлуулалт ч огцом өссөн. Энэ үед компани 2 дахь, 6 дахь, 7 дахь үйлдвэрүүдээ дараалан ашиглалтад оруулжээ.

•1990-ээд он (Олон улсын зах зээл):

1996 онд Индонезид P.T. SGI хамтарсан үйлдвэр байгуулж 1999 онд чанарын удирдлагын олон улсын ISO 9001 сертификат авав.

•2010 он:

АНУ-ын Чикаго хотод North American Suspension Inc. охин компаниа байгуулж, Хойд Америкийн зах зээлд нэвтэрчээ.

"ГУРВАН ТАВ" УУ? БРЭНД НЭРНИЙ ТӨӨРӨГДӨЛ

Компанийн удирдлагууд анх брэндээ дэлхийд гаргахдаа нэрийг нь англиар Three Five (гурван тав) гэж албан ёсоор бүртгүүлжээ. Тэдний лого дээр ч 3ш 5-ын тоо 555 байдаг шүү дээ. Гэтэл энэ брэнд олон улсад, тэр дундаа Ази болон Монголд орж ирэхдээ шууд л "Таван зуун тавин тав" эсвэл "Гурван тав" гээд нэрлэчихсэн.

Компанийн Япон маркетерууд үүнд маш их санаа зовж:

~Үгүй ээ, манай брэндийг Гурван Тав гэж дуудах ёстой. Энэ чинь философийн гүн утгатай гэж дилерүүдэд тайлбарлах гэж ихэд зүдэрдэг байж. Гэвч амьдрал дээр хэн ч "Гурван тав" гэж хэлж хэвшээгүй бөгөөд компани нь өөрөө бууж өгөөд, олон улсын уулзалтууд дээр "За, та нар яаж ч дуудсан хамаагүй, гол нь хайрцаг дээрх логог зөв таниад оригиналийг нь аваарай" гэж хошигнодог болжээ.

Энэ бол явах эд ангийн инженерүүдийн дунд яригддаг хамгийн алдартай түүх. 1970-аад оны сүүлээр Sankei 555-ын инженерүүд гангийн шинэ хайлш (өнөөх хром-молибдений ган) болон индукцийн хатуужуулалтын технологийг төгс болгож чаджээ.

Тэд өөрсдийн бүтээсэн өндгөн тулгуур (Ball Joint) болон рулийн тягуудыг "ямар ч замд хэзээ ч элэгдэхгүй, хугарахгүй" хэмээн бардамнаж байв. Түүнээс хойш хэдэн жилийн дараа компанийн санхүүгийн үзүүлэлт огцом унав. Санхүүгийн захирал нь сандарч, удирдах зөвлөлийг цуглуулан:

~ “Манай борлуулалт яагаад зогсчихов оо? Машины тоо нэмэгдээд байхад хүмүүс яагаад сэлбэг авахаа байчихав?” хэмээн асуужээ.

Шалтгааныг нь судалтал, тэдний бүтээгдэхүүн нь хэтэрхий чанартай учир жолооч нар нэг сольчихвол дахиж хэзээ ч тухайн машиндаа явах эд анги худалдаж авдаггүй, хуучин сэлбэг нь элэгддэггүйг тогтоожээ. Бизнесийн онолоор бол энэ нь "өөрийнхөө зах зээлийг устгах" аюултай алхам байв.

Бусад сэлбэг үйлдвэрлэгчид "Арай хурдан элэгддэг материал ашиглаж, дараагийн борлуулалтаа баталгаажуулаач" хэмээн зөвлөж байсан ч, 555 -ын зөрүүд инженерүүд "Бид чанарыг хэзээ ч бууруулахгүй. Харин ч илүү тоогоор олон улс руу экспортлож, шинэ хэрэглэгч хайя" гэсэн шийдвэр гаргасан гэдэг.

Энэхүү зөрүүд зан нь тэднийг дампууруулаагүй, харин ч дэлхийн 120 гаруй орныг эзлэх хөдөлгүүр болж өгчээ. Sankei 555 брэндийн сэлбэгүүдийн тухай ярихад тэдний бүтээгдэхүүний код, дугаарлалт болон хэмжилтийн тоон үзүүлэлтүүд нь маш нарийн, өөрийн гэсэн системтэй байдаг.

Засварчид, сэлбэг захиалдаг хүмүүсийн мэдвэл зохих гол тоон үзүүлэлтүүд болон бүтцийн цифрүүдийг багцлан танилцуулбал 555-ын хайрцаг дээрх код нь зүгээр нэг санамсаргүй тоо биш бөгөөд тухайн сэлбэг яг ямар үүрэгтэйг шууд хэлж өгдөг. Код нь ихэвчлэн 2 үсэг, 4 тооноос (жишээ: ⁠SE-3601⁠) бүрдэнэ.

Үсгэн кодын утга:

SE-xxxx: Steering End (Tie Rod End буюу шарнер)

SR-xxxx: Steering Rack (Rack End буюу тяга)

SB-xxxx: Steering Ball joint (Өндгөн тулгуур)

SL-xxxx: Steering Link (Stabilizer Link буюу босоо тэнцүүлэгч)

SI-xxxx: Steering Idler (Idler Arm буюу дээд, доод гар)

SA-xxxx: Steering Arm (Control Arm буюу татуурга)

Тоон цифрийн систем:

Үсгийн ард байгаа 4 оронтой тооны эхний цифр нь тухайн сэлбэг ямар брэндийн машинд зориулагдсаныг заана.

2-оор эхэлсэн бол (⁠SE-2xxx⁠) -> Nissan

3-аар эхэлсэн бол (⁠SE-3xxx⁠) -> Toyota

4-өөр эхэлсэн бол (⁠SE-4xxx⁠) -> Mitsubishi

6-аар эхэлсэн бол (⁠SE-6xxx⁠) -> Mazda

7-гоор эхэлсэн бол (⁠SE-7xxx⁠) -> Subaru, Isuzu, Suzuki

8-аар эхэлсэн бол (⁠SE-8xxx⁠) -> Honda

Жишээ нь: Хэрэв таны авсан сэлбэг дээр ⁠SB-3881⁠ гэж байвал энэ нь Steering Ball joint буюу өндгөн тулгуур бөгөөд, 3-аар эхэлсэн тул Toyota (Жишээ нь: Alphard, Camry, Land Cruiser гэх мэт) машиных гэдгийг шууд мэдэж болно.

555 сэлбэгүүд яагаад ийм бөх байдгийг лабораторийн болон үйлдвэрлэлийн дараах тоон үзүүлэлтүүд нь гэрчилдэг.

“ХЭТЭРХИЙ ЧАНАРТАЙ" ХИЙСНЭЭС БОЛЖ ДАМПУУРАХ ШАХСАН НЬ

0.001 ММ-ИЙН НАРИЙВЧЛАЛ:

Өндгөн тулгуур доторх ган бөмбөлгийг зүлгэж, өнгөлөх нарийвчлал нь микрометрээр хэмжигддэг. Бөмбөлгийн гадаргуу нь өөгүй толигор байж гэмээнэ доторх хуванцар элэгдэж урагдахгүй, олон жил "түгжрэлгүй" зөөлөн эргэдэг.

-40°C-аас +120°C ХЭМ:

Сэлбэгэнд ашиглагддаг резинэн хамгаалалт Dust Boot болон доторх тусгай тос Grease нь энэхүү температурын хязгаарт шинж чанараа алддаггүй. Резин нь хөлдөж хагардаггүй, тос нь шингэрч гоождоггүй тул Монголын эрс тэс уур амьсгалд хамгийн өндөр үзүүлэлт үзүүлдэг.

150% АЧААЛАЛ ДААХ ЧАДВАР:

Sankei 555-ын явах эд ангиуд нь автомашины үйлдвэрлэгчээс заасан ачаалал даах стандартыг хамгийн багадаа 1.5 дахин давуулан биелүүлэхээр тооцоолж бүтээдэг. Өөрөөр хэлбэл, машин гуу жалга рүү хүчтэй ороход оригинал сэлбэг хугарах хэмжээний цохилтыг 555 тэсэж гардаг.

Дэлхийн хамгийн том тамхины брэндтэй "шүүхдсэн" нь

Sankei Industry компани 1962 онд өөрсдийн сэлбэгтээ 555 брэндийг бүртгүүлээд олон улсад экспортлож эхэлтэл гэнэт маш том асуудал үүсэв. Учир нь дэлхийн тамхины зах зээлийн аварга British American Tobacco (BAT) компани яг ижил State Express 555 гэх брэндтэй байсан бөгөөд тэдний брэнд аль 1896 онд үүссэн, дэлхийд аль хэдийн танигдсан том "мангас" байлаа.

Taмхины компани Sankei-г "манай брэндийн нэрийг ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдүүллээ" хэмээн зарим улс орон дахь патентыг нь шүүхэд өгчээ. Sankei-гийн хуульчид болон инженерүүд шүүх хурал дээр маш тайвнаар ингэж хэлсэн гэдэг:

“Манайх автомашины аюулгүй байдлыг хангадаг, хүний амь насыг хамгаалдаг ган эд анги хийдэг компани. Хүмүүс тяга, шарнер, өндгөн тулгуур худалдаж аваад шууд асаагаад татахгүй нь тодорхой. Бас тамхи татдаг хүн машиныхаа доор орж манай сэлбэгийг хараад тамхи бодохгүй. Энэ хоёр зах зээл хэзээ ч огтолцохгүй” гэжээ. Шүүх ч үүнийг нь хүлээн зөвшөөрч, Sankei 555-ыг автомашины салбартаа энэ нэрийг албан ёсоор ашиглах эрхийг нь үлдээжээ.

Харин ч энэ түүх явсаар авто сэлбэгийн зах зээлд үнэгүй сурталчилгаа болж жолооч нар "Өнөөх тамхи шиг 555 сэлбэг үү” гээд амархан тогтоочихсон гэдэг.

Sankei 555 брэнд олон улсад нэр хүндтэй болохын хэрээр Хятад, Тайвань, Малайзад бүтээгдэхүүнийг дуурайж хийсэн хуурамч сэлбэгүүд зах зээлийг үерлүүлж эхлэв. Хуурамч сэлбэгүүд нь чанар муутай, хурдан хугардаг тул Sankei-гийн нэр хүндэд халдаж эхэлжээ.

Японы инженерүүд үүнтэй тэмцэхийн тулд зүгээр нэг хууль шүүхээр явах биш, маш өвөрмөц "инженерлэг" арга хэрэглэв. Тэд зах зээл дээр зарагдаж байсан бүх хуурамч 555 сэлбэгүүдийг бөөнөөр нь худалдаж аваад Япон дахь лабораторидоо авчран бүгдийг нь зүсэж, металлын бүтцийг нь шинжлэв.

Шинжилгээний явцад нэг сонирхолтой зүйл олж нээсэн нь хуурамч сэлбэг үйлдвэрлэгчид Sankei-гийн үйлдвэрлэдэггүй, каталогид нь байхгүй зарим нэг хуучин эсвэл ховор автомашины явах эд ангийг 555 гэсэн лого наагаад өөрсдөө зохиож хийгээд зарж байжээ. Тэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг маш сайн мэдэрсэн байв. Үүнийг нь харсан Японы инженерүүд:

"Өө, манай каталогид ийм машин багтаагүй байхад зах зээлд хэрэгцээ байгаа юм байна шүү дээ" хэмээн хуурамч сэлбэг хийгчдийн "санааг" нь бодитоор, жинхэнэ 555 сэлбэг болгон үйлдвэрлэжээ. Тэрхүү ховор автомашинуудын эд ангийг Японы өндөр чанартай гангаар албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлж эхэлсэн түүхтэй.

Жолооч нар ч "Өмнө нь 555-ын ийм сэлбэг авангуут хугараад байсан, одоо бүр жинхэнэ Япон нь гараад ирлээ" гээд баярлацгаажээ. Хуурамч сэлбэгчид уг нь тэднийг хохироох гэж байсан ч, эцсийн дүндээ тэдэнд зах зээлийн үнэгүй судалгаа хийж өгөөд, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд нь тусалчихсан хөгжилтэй түүхтэй.

Бива нуурын хажууд:

Шига муж нь Японы хамгийн том, хамгийн цэнгэг чихэрлэг уст Biwa нуураараа алдартай. Энэ хавьд байгаль орчны маш нарийн стандарт мөрдөгддөг тул Sankei 555 үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй, ямар нэгэн хорт хаягдал усанд нийлүүлдэггүй ногоон технологийг үйлдвэрлэлдээ ашигладаг.

Аж үйлдвэрийн стратегийн бүс:

Ритто хот нь Японы эртний нийслэл Киототой маш ойрхон (машинаар 30 орчим минут) бөгөөд Токио болон Осака хотуудыг холбосон төв хурдны замын зангилаа дээр байрладаг. Энэ нь үйлдвэрлэсэн сэлбэгүүдээ Япон даяар болон боомтууд руу тээвэрлэж, дэлхийн олон орон руу саадгүй экспортлоход логистикийн маш том давуу тал болдог ажээ.

Тэд энэхүү төв байр, үндсэн үйлдвэр дээрээ сэлбэгийнхээ судалгаа, хөгжүүлэлт, металл боловсруулалт, чанарын шалгалтаа хувааж байршуулан нэг доороос удирддаг. Sankei Industry компанийн үндсэн төв байр болон үйлдвэрт одоогийн байдлаар 500 орчим үндсэн болон гэрээт ажилтан ажиллаж байна. Дэлхийн 120 гаруй орныг сэлбэгээр хангадаг брэндийн хувьд 500 ажилтан гэдэг нь бага мэт санагдаж болох юм.

Гэвч тэдний ийм цомхон бүрэлдэхүүнээр аварга том зах зээлийг хангаж чаддагийн нууц нь:

• Үйлдвэрлэлийн өндөр автоматжуулалт. Шига муж дахь үйлдвэрүүд нь хамгийн сүүлийн үеийн роботжуулсан систем, автомат механикжсан шугамаар тоноглогдсон. Ган бэлдэцийг хэвлэх, индукциар хатуужуулах, өнгөлөх зэрэг хүнд болон нарийн ажлуудыг роботууд гүйцэтгэдэг.

• Нарийн мэргэшсэн инженерүүдтэй. Ажилчдын дийлэнх хувийг роботын ажиллагааг хянах өндөр зэрэглэлийн оператор, чанарын шалгалтын байцаагч нар болон судалгаа шинжилгээний инженерүүд эзэлдэг.

Тэд "олуулаа ажиллаж, масс бүтээгдэхүүн үйлдвэрлэх" бус цөөн хэрнээ чадварлаг багаар маш өндөр технологийн автоматжуулалт ашиглаж, чанартай сэлбэг үйлдвэрлэх зарчмыг баримталдаг.

ЗАХ ЗЭЭЛИЙН СТАТИСТИК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГТААМЖ

Сэлбэг үйлдвэрлэлийн салбартаа дунд хэмжээнд тооцогддог ч жилд дунджаар 8,000,000-10,000,000 сая.ш явах эд ангийг Япон дахь үйлдвэртээ автоматжуулсан роботын тусламжтайгаар үйлдвэрлэдэг.

Нийт борлуулалтын 10-15 хувь орчим нь сүүлийн үеийн Suzuki болон Subaru автомашин үйлдвэрлэгчдийн үндсэн OEM угсралтад шууд нийлүүлэгддэг бол үлдсэн 80-90 хувь нь Aftermarket (борлуулалтын дараах сэлбэгийн зах зээл)-д борлуулагддаг.

Компанийн дотоод уриа нь Quality First, Customers First, Continuous Improvement (Чанарыг нэгдүгээрт, Хэрэглэгчийг нэгдүгээрт, Тасралтгүй хөгжил) бөгөөд үйлдвэр, оффисын хананд хадаастай. Энэ зарчим ажилтан бүрийн өдөр тутмын мөрдлөг болдог. Японы алдартай Kaizen буюу жижиг гэлтгүй зүйлийг өдөр бүр сайжруулах гүн ухааныг ч үйл ажиллагаандаа шингээжээ.

Sankei Industry нь аварга том корпораци биш, харин нарийн мэргэшсэн, чанараар туйлширсан дунд хэмжээний өндөр технологийн компани юм. Тэдний өнөөгийн чадал чансааг дараах статистик үзүүлэлтүүд бэлхнээ гэрчилнэ. Сэлбэгийн нэр төрөл нь 2,000 гаруй бөгөөд Япон машины бараг бүх загварт зориулсан эд ангиудтай.

Өдөрт дундажаар 32,000-40,000ш сэлбэг роботжуулсан шугамаас гарч дэлхийн зах зээлд экспортлодог бөгөөд жилийн борлуулалтын орлого нь 13.5 тэрбум Иенд (85-90 сая ам.доллар) хүрдэг.

Монголын бартаат зам, Монгол орны цаг уур бол дэлхийн аль ч автомашин, сэлбэг үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том, хамгийн хүнд “шалгуур” гэж хэлж болох орчин билээ. Зундаа +40, өвөлдөө -40 хэм хүрч хөлддөг эрс тэс уур амьсгал, нүх сүв ихтэй асфальтан зам, хөдөө хээрийн ухаа толгод, чулуулаг бартаат зам нь автомашины явах эд ангийг хамгийн хурдан "элэгдүүлдэг".

Резинүүд хөлдөж хагаран, металлууд нь хэврэгшиж хугардаг энэ нөхцөлд Sankei 555 явах ангийн сэлбэгүүд Монголд хамгийн эрэлттэй брэнд болж чадсан юм. Тэдний сэлбэгэнд ашиглагддаг резинэн хамгаалалт (Dust Boot) болон доторх тусгай тос (Grease) нь -40°C-аас +120°C хэмд шинж чанараа алддаггүй тул Монголын өвөл резин нь хагарч шороо орохгүй, тос нь шингэрч гоожихгүйгээр урт хугацаанд тэсэж чаддаг.

Дээр нь автомашин үйлдвэрлэгчийн стандарт ачаалал даах чадварыг 150 хувь давуулан тооцоолж бүтээдэг тул машин гүн нүх рүү хүчтэй ороход хугараад шидэгдчихгүй тэнхлэгээ бариад өнгөрдөг. Автомашин үйлдвэрлэгчдийн оригиналь OEM сэлбэг хэт үнэтэй, бусад хямд хуулбарууд чанаргүй тул Монгол жолооч нарын хамгийн түрүүний "алтан сонголт" нь 555 брэнд байсаар ирсэн.

Өнөөдөр Монгол улсад Доктор Авто Сүлжээ компани Sankei 555-ыг Японоос шууд импортолж хэрэглэгч, зочиддоо нийлүүлж эхэллээ.

Автомашины явах эд анги гэдэг зүгээр нэг солиод хаядаг төмөр биш, түүний цаана хүний амь нас, гэр бүлийн аюулгүй байдал, инженерийн олон жилийн хөдөлмөр шингэсэн байдаг. 1960 онд Шига мужийн жижиг хотод "Гурван талын сэтгэл ханамж"-ийг бэлгэдэн дэлхийн жолооч нарт хамгийн найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэхээр зөрүүдэлсэн Япон инженерүүдийн тэрхүү сэтгэл өнөөдөр Монголын тал нутагт, хэдэн мянган км-ийн алсад ч төмөр хүлэг бүрийн доор үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

Чанарыг нэгт тавьж, хэрэглэгчийн итгэлийг алдахгүй гэсэн Sankei 555 брэндийн түүх бол аж үйлдвэрийн салбарт чанар, уламжлал хоёр хэзээ ч үнэ цэнээ алддаггүйн тод жишээ билээ. Торгон асфальтаас Талын бартаа руу Тавтай морил - Япон чанар “555”.