ШИЛНИЙ 6 ТОХИРГОО

Тухайн үйлдвэрлэгчээс хамааран шил өргөх ажиллагааг янз бүрээр хийсэн байдаг. Ер нь шилээ хаахдаа машин асаалттай байх юмуу, кумутаторын байрлал “ON” байрлал дээр хаадаг. Заримдаа шилээ хаахаа мартаад машинаа унтраагаад түлхүүрээ авсан үед буцаагаад түлхүүрээ хийгээд эргүүлэх зэргээр төвөгтэй.

Энэ төвөг удсан үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор загвар ангиллаасаа хамаараад нэгэн нэмэлт горимыг хийсэн байдаг юм. Зарим нь ч анзаарсан байж магадгүй, гэхдээ мэдэхгүй нь мэдээд авахад илүүдэхгүй. Энэ функц таны машинд байхгүй ч байж болно. Гэхдээ шалгаад үзэхэд илүүдэхгүй.

  1. Явж ирэн  зогсоод машинаа унтраагаад жолоочийн хаалгаа онгойлгохгүйгээр түлхүүрээ авсан үед  нээлттэй байгаа цонхоо хаахад зориулан 30 секундийн хугацаанд цонхны товчлууруудыг ажиллагаатай байлгах горим юм. Жолоочийн хаалгаа онгойлговол горим идэвхгүй болдог. Энэ хооронд та онгорхой шилээ хааж амжих юм. 30 секундийн дараа товчлуур ажиллахгүй болно. Хэрэв амжаагүй бол ахин түлхүүрээ хийж ажиллуулна.
  2. Бас нэг хувилбар нь ирж зогсоод хөдөлгүүрээ унтраан жолоочийн хаалгаа онгойлгоход мөн 30 секундийн хугацаанд цонхны товчлууруудыг ажиллагаатай байлгадаг. Энэ хооронд та шилээ хаах ёстой. Түлхүүрээ авчхаад хаалгаа онгойлгоод буцаагаад хаавал энэ горим идэвхгүй болж ахин түлхүүрээ хийхээс өөр аргагүй.
  3. Одоо таны машин өөрөөсөө ирсэн алсын удирдлагаар хаалгаа нээж хаадаг байж болох юм. Тэгвэл та шилээ онгорхой орхиод хаалгаа хаагаад гаднаас нь түгжиж үзээрэй. Алсын удирдлагын хаалга түгжих товчлуур дээр удаан дарахад хаалга  түгжигдэхийн хамтаар бүх онгорхой цонхоо өөрөө автоматаар хаана. Хэрэв хаахгүй бол ийм горим байхгүй гэсэн үг. Энэ функц голдуу бүх шил нь “ALL AUTO” гэсэн товчлууртай машинд байх магадлалтай.
  4. Дахиад нэг хувилбар бий. Энэ нь хэрэв таны машинд түлхүүрээрээ шилээ хаадаг горим байж магадгүй юм. Түлхүүрээ хийгээд хаалгаа цоожлоод цоожлох талруу түлхүүрээ хэсэг хугацаанд бариад үз тэгвэл шил дээш хаагдаж байвал тийм горимтой гэсэн үг.
  5. Үүнээс улбаалан бас нэг функцийн тухай авч үзье. Энэ бол бүх хаалга нь “AUTO” гэсэн товчлууртай машины шилийг жолоочийн төв удирдлагаас  хаах үед  гараа хавчуулах зэргээр саад болох үед аюулгүй байдлын үүднээс шил автоматаар доош буудаг функц юм. Энэ функц хэдий хэрэгтэй ч санаандгүй тохиолдлоор таны хүүхэд юмуу хэн нэгэн хааж байх үед шилийг доош дарчихвал шил буугаад таны хаачихлаа гэж бодсон цонх онгорхой үлдэж магадгүй. Тиймээс  эргэн шалгахад илүүдэхгүй юм шүү.
  6. Өөр нэгэн тохиолдол байдаг. Энэ юу вэ гэвэл сүүлийн үеийн автомашинууд шилээ хаах нээх функцийг компьютерт сануулсан байдаг. Ямар нэг байдлаар аккумулятор суух ч юмуу, солих үед санамж алдагдаж жолоочийн талын төв удирдлагаас бусад шилийг удирдаж болохгүй зөвхөн тэр хаалганы шилний талаас удирддаг болдог. Энэ үед компьютерт сэргээн сануулах хэрэгтэй. Сануулах үйлдэл нь тухайн хаалганы  товчлуурыг доош дарж шилийг тултал буулгаад товчлуурыг дарсан чигтээ 3 секунд орчим болно. Эргээд шилийг дээш тултал бүрэн хааж, товчлуурыг дээш татсан чигтээ 3 секунд орчим барина. Энэ зарчмаар хаалга бүрийн шилийг сануулна. Ингэсний дараа жолоочийн төв удирдлагаас бусад хаалганы цонх нээгдэж хаагддаг болдог.  Хэрэв люктэй бол үүнтэй адилаар люкийг бас сануулах хэрэгтэй. Голдуу бүх шил нь тусдаа “AUTO” гэсэн товчлууртай машинд байх нь элбэг.