SRS АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙН ДЭР ГЭЖ ЮУ ВЭ? №193

Автомашины SRS (Supplemental Restraint System) аюулгүйн дэр нь уян зөөлөн материалаар хийгдсэн тодорхой нөхцөлд агаар болон бусад хийн даралтын нөлөөгөөр асар хурдан хэмжээгээ тэлж зорчигчийг машины урд самбар, руль, салхины шил гэх мэтийг мөргөж гэмтэхээс хамгаалах зориулалттай ослын үеийн хамгаалалтын хэрэгсэл юм.

ТҮҮХ

Энэхүү агаарын дэр гэгдэх хамгаалалтын хэрэгслийг анх 1940-өөд оны үед нисэх онгоцны нисэгч болон зорчигчдыг хамгаалах арга болгож хэрэглэж туршсан бөгөөд 50-аад оны үед анхны нь патентыг авжээ.

Америкийн зохион бүтээгч Аллен Брид (Allen Breed) гэдэг хүн өнөөгийн автомашины аюулгүйн дэрний хамгийн чухал хэсэг болох доргилт, цохилтыг мэдрэх шааригтай хошууг бүтээжээ. Тэрээр өөрийн бүтээлээ 1967 онд автомашин үйлдвэрлэгч Крайслер компанид өгсөн нь автомашины ослын бүсийг тэр болгон хэрэглээд байдаггүй дураараа зорчигчдыг аюул ослоос хамгаалах төрөл бүрийн арга хэмжээ сүвэгчилж байсан автомашин зохион бүтээгчдэд цагаа олсон тусламж байлаа.

Форд компани 1971 оноос энэ төрлийн хамгаалах хэрэгсэлтэй автомашины туршилт хийж эхэлсэн. 1973 онд Олдсмобиль компани Торнадо (Oldsmobile Toronado) загварын машинаа энэхүү дэрээр тоноглосон байв. Дараагийн жилээс нь Бьюик, Кадиллак и Олдсмобиль-ийн зарим нэг том тэрэгнүүдийг хоёр агаарын дэртэйгээр үйлдвэрлэж эхэлсэн боловч зах зээл дээр төдийлөн амжилт олсонгүй.

Женерал Моторс (General Motors, GM)-ийн 70-аад оны судалгаагаар ийм дэрээр тоноглосон 10 000 автомашинд долоон удаагийн үхлийн ослын тохиолдол оногджээ. Долоон тохиолдлын нэг нь энэхүү ослын дэрний буруугаас болсон бөгөөд бага зэргийн хүчтэй цохилт мэдрэгдмэгц ослын дэр ажиллаад зүрхний өвчтэй жолоочийн үхлийн шалтгаан болжээ.

Тэгэхдээ иймэрхүү тохиолдол ховор таардаг учир АНУ-ын Үндэсний замын хөдөлгөөнийг зохицуулах хорооноос гаргасан үйлдвэрлэж байгаа бүх автомашиныг аюулгүйн дэрээр тоноглох тухай шийдвэрт ямар нэгэн нөлөө үзүүлсэнгүй.Ингээд 1983 онд Мерседес-Бенц компани W-126 загварын автомашиныг аюулгүйн дэрээр тоноглосон бөгөөд тэгэхдээ ямар нэгэн ослын тохиолдлын үед автоматаар суудлын бүс нь чангараад дараа нь дэр ажилладгаар зохицуулжээ.

Энэ тохиолдолд аюулгүйн дэр нь суудлын бүсийг орлох биш харин хамтран зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалагч чухал нэгэн элемент болжээ.

80-аад оны дунд үеээс “Форд”, Женерал Моторс зэрэг автомашины томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэж байгаа бүх автомашинаа энэ төхөөрөмжөөр тоноглох болсноор аюулгүйн дэр нь аливаа автомашины стандартын салшгүй нэг хэсэг болсон байна. «Autoliv» компани энэ үед автомашины хажуугийн аюулгүйн дэр зохиож түүндээ патент авсан бөгөөд тэр нь 90-ээд оны дундуур үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн байна.

Ингээд үзэхэд Женерал Моторс компаний 70-аад оны загварууддаа нэвтрүүлсэн аюулгүйн дэрийг бусад автомашин үйлдвэрлэгчид 90-ээд онд л өөрсдийн загварууддаа тоноглол болгож оруулсан нь харагдаж байна. АНУ-ын эрх баригчид 1984 оны 7-р сарын 11-нд  “1989 оны 4-р сарын 1-нээс хойш үйлдвэрлэгдэх бүх төрлийн автомашиныг аюулгүйн дэр юм уу суудлын бүсээр тоноглосон байх” тухай хууль баталсан байна.

Хонда корпораци 2006 онд өөрийн үйлдвэрлэсэн Алтан жигүүр (Gold Wing) маркийн мотоциклоо аюулгүйн дэрээр тоноглосон нь тухайн салбартаа анхдагч болов.

Үр нөлөө

Хийн дэр нь суудлын бүсний адил ямар нэгэн аваар ослын тохиолдлын үед зорчигч толгой болон цээжин биеэрээ автомашины салооны аль нэг хэсгийг цохиж гэмтэхээс урьдчилан сэргийлж хамгаалах үйлчилгээтэй. АНУ-д хийсэн судалгаагаар аюулгүйн дэрний ачаар жил тутам 6 000 гаруй хүний амь нас аврагдаж байдаг гэнэ.

Эхэн үеийн аюулгүйн дэр

Стандартын суудлын бүс нь 70-аад оны автомашинуудын зорчигчоо хамгаалах гол хэрэгслэл байсан бөгөөд энэ нь салхины шилний хагархай хэсгүүд болон бусад элдэв үзүүртэй зүйлсээс зорчигчийг найдвартай хамгаалж чаддаггүй нь практик дээр нотлогджээ.

Харин аюулгүйн дэр нь зорчигчийг цохилтоос болон шилний үйрмэг гэх мэтээс хангалттай өндөр түвшинд хамгаалж чаддагаараа давуутай бөгөөд кабины доод хэсэгт байрлуулсан өвдөгний хэсгийг хамгаалах боломжтой аюулгүйн дэрний хувилбар ч байдаг байна.

Женерал Моторс компани өөрийнхөө системийг ACRS (Air Cushion Restraint System) гэж нэрлэжээ. 70-аад оны үеийн энэ систем нь хожмын хамгаалалтын аюулгүйн дэр зохион бүтээх суурь болжээ. Үйл ажиллагааний хувьд ердийн акселерометр дээр үндэслэгдсэн бөгөөд энэ бол тусгай баллонд байгаа бодисууд химийн урвалд орж тэсрэлт маягаар синтетик хүүдийг асар богино хугацаанд дүүргэж хийн зөөлөвч үүсгэн аливаа цохилтын хүчийг сулруулж зорчигчийг болзошгүй эрсдлээс хамгаалдаг юм.

Энэхүү дэр нь дотроо байгаа хийг аажуухан гадагшлуулдаг тусгай цоорхойтой нь өөрийн үүргээ биелүүлснийхээ дараа хэрэгцээгүй болсон хийг гадагшлуулах зорилготой ажээ.

Хоёр хажууд байрлуулсан аюулгүйн дэрнүүд нь зорчигчийг хажуугийн болон араас ирж болзошгүй цохилтуудаас хамгаалдаг бөгөөд уулзвар дээр эргэх үед болон өөр бусад тохиолдолд орж ирдэг хажуугийн мөргөлтийн аюулаас сэрэмжилсэн маш сайн хамгаалалт юм.

Аюулгүйн дэр нэг л удаа ажилладаг болохоор зарим нэгэн тохиолдолд эхний цохилтуудаас хамгаалавч дараалан ирсэн олон цохилтуудыг зөөллөх чадвараа алддаг байна.

Энэ үед суудлын бүс зарим нэгэн ачааллыг өөртөө үүрч олон төрлийн гэмтэл бэртлээс зорчигчийг урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой юм. Ингээд үзэхээр машины суудлын бүсийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай бөгөөд аюулгүйн дэртэй гэж алгуурлан тайтгаралгүй машиныхаа суудлын бүсийг бүсэлж хэвших нь автотээврийн хэрэгслээр зөрчигсдийн өөрийгөө болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх цорын ганц найдвартай арга юм.

60,70 оны үед суудлын бүс орлуулагч гэх мэтээр рекламдан сурталчилж нэмэлт хэрэгсэл болгон худалдаалж байсан энэхүү хамгаалалтын хэрэгсэл нь дангаараа бус суудлын бүстэйгээ хамт байсан тохиолдолд л ямар нэгэн болзошгүй эрсдэлээс найдвартай хамгаалах хэрэгсэл болдог гэдгийг автодизайнерууд олж тогтоогоод энэхүү хоёр хэрэглэлийг хамтад нь автомашины стандарт хэрэглээ болгосон байна.

Эмгэнэлт тохиолдлууд

Хамгаалалтын дэр нь ажиллах үедээ агшин зуурт маш их тэлэн томордог төхөөрөмж болохоор зорчигчийг тохиолдсон аюулаас хамгаалахаас гадна зарим цөөн тохиолдолд шарх гэмтэл үүсгэх болон үхлийн аюулд хүргэсэн шалтгаан ч болдог байна.

АНУ-д суудлын бүсгүйгээр ашиглаж байсан зорчигчийг хамгаалах аюулгүйн дэрний задрах хурд нь Европын орнуудын стандартыг бодвол хамаагүй илүү байснаас болж эмгэнэлт явдал харьцангуй илүү тохиолдож байсан нь мэргэжилтнүүдийн хараанд өртөж 80-аад оны сүүлч 90-ээд оны эхэн үеээс суудлын бүсний гүйцэтгэх үүргийг  нарийн судалж өөрсдийн алдааг залруулах үйл ажиллагаа явуулжээ.

Одоо тэнд хэрэглэж байгаа аюулгүйн дэрний задрах хурд нилээд багассан хэдий ч зорчигч түүнээс дор хаяж 25 см зайтай байх шаардлагатай гэдэг нь аюулгүйн дэрний өөрийн учруулж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн арга юм.

1990 онд аюулгүйн дэртэй холбоотой анхны үхлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнээс хойш янз бүрийн үүнтэй адил тохиолдлууд үргэлжилсээр 1997 онд АНУ-д гэхэд иймэрхүү 53 тохиолдол бүртгэгдэж байсан нь тийм ч бага тоо биш ээ.

1994 онд TRW компаниас автомашины зорчигчийн аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүдийн талаар судалгаа явуулж аюулгүйн дэрний задрах хурдыг бууруулах санал гаргасан нь энэ төрлийн осол эндэгдлээс зорчигчдыг хамгаалах чухал алхам байв.

2005 он гэхэд автомашины ослоос хамгаалах аюулгүйн дэр нь нөхцөл байдлаас хамааран тус тусдаа ажилладаг хэд хэдэн хэсгээс бүрддэг болсон нь хамгаалах хэрэгслээс өөрөөс нь болж үүсдэг эмгэнэлт явдлуудыг эрс багасгах ач холбогдолтой арга хэмжээ байв. Тухайн жилд аюулгүйн дэрээс болж 2 удаа хүүхдүүд осолдсон тохиолдол бүртгэгдсэн ба харин насанд хүрэгчдийн хувьд ганцхан удаагийн бэртлээс өөр ийм тохиолдол гараагүй байна.

АНУ-ын (NHTSA) Үндэсний замын хөдөлгөөнийг зохицуулах хорооноос гаргасан мэдээгээр бол 50 000 зорчигч аюулгүйн дэрээр тоноглогдсон автомашин дотроо нас барсан байна. Гэхдээ эдгээрийн хэд хэчнээн нь аюулгүйн дэр аврах боломжгүй байсан, мөн түүнчлэн дээрх төхөөрөмж гэмтэлтэй байснаас ажиллаагүй талаар тодорхой мэдээлэл байдаггүй юм байна.

АНУ-ын NHTSA Үндэсний замын хөдөлгөөнийг зохицуулах хороо болон бусад байгууллагуудын мэдээлэл нь тийм төхөөрөмжтэй автомашинуудын ослыг бүртгэснээс бус тухайн ослын үед аюулгүйн дэр ажилласан эсэх, өөр бусад шалтгаан байсан\ жишээ нь мөрөө балласан аллага г.м\  үгүйг судалсан нарийн тоо баримт судалгаанд түшиглээгүй болохоор дээрх төхөөрөмжийн өөрийн буруугаас болсон эсэхийг тогтоох баримт болно гэхэд эргэлзээтэй.

Тохиолдол нэг бүрийн талаар тодорхой судалгаа хийж ослын шалтгаануудыг детальчлан судалсны эцэст л дээрх төхөөрөмжийн талаар үнэн бодит дүгнэлт хийж болох биз ээ. Жишээлбэл: жолооч гаансаар тамхи татаж байх үед аюулгүйн дэр ажиллавал юу болох вэ? Тэр их хурдтай тэлж байгаа уут гаансний толгой уруу цохиж жолоочийн хоолой уруу гударснаар төгсгөлд нь эмгэнэлт явдал гарвал түүнийг аюулгүйн дэрнээс болж ийм явдал гарлаа гэж үзэх үү?

Гэхдээ бас зарим тохиолдолд аврах алба, гал түймэртэй тэмцэх, цагдаагийн үйл ажиллагаанд багагүй хор хохирол учруулах магадлалтай. Аюулгүйн дэрний доторх хий гарах нь удаан байдгаас автомашин дотор байгаа шархдаж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэх, тэднийг болзошгүй гал түймрийн болон бусад аюулаас зайлуулан холдуулахад төвөг бэрхшээл удахаас гадна машины салон доторх зайг багасгаж осолд өртөгсдийг гаргаж авахын тулд тусгай хайч болон зүсдэг багаж төхөөрөмж хэрэглэн дээврийг зүсэх гэх хүндрэлд хүргэдэг тохиолдол цөөнгүй байна.

Аврах үйл ажиллагаанд оролцож байгаа хүн бүр аюулгүйн дэрний хийг яаж хурдан гаргах, элдэв болзошгүй аюул, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдэгдэхүүнтэй байх шаардлагатай. Жишээлбэл: осолд орсон автомашины аккумуляторыг хамгийн түрүүнд салгах г.м

Европчуудын дунд суудлын бүс бүсэлдэггүй хүний тоо АНУ-ынхтай харьцуулбал цөөхөн байдаг бөгөөд европчуудын автомашины аюулгүйн дэрний задрах хурд ойролцоогоор (~200 км/ц) байдаг нь америкчуудын хэрэглэдэг аюулгүйн дэрний задрах хурд(~300 км/ч)-аас хамаагүй удаан учир тэр хэмжээгээрээ зорчигчдод хор хөнөөл бага учруулдаг сайн талтай.

HONDA i-SRS

Хонда корпорацын гаргасан нэгэн санаа бол аюулгүйн дэр нь ердийн уут хэлбэртэй биш пиропатроны тэсрэлтийн үр дүнд спираль хэлбэртэй ороомог үүсэж тэр нь уулчдын аврах хэрэгсэлтэй адилхан зорчигчийг ороож хамгаалдаг байх юм.

Ажиллах ерөнхий зарчим

Хамгаалалтын аюулгүйн дэр систем нь үндсэн 3 элементээс тогтоно:

  • Хийн дэр буюу нийлэг эдээр хийсэн уут болон хийн хольцтой баллон
  • Цохилт буюу доргилт мэдрэгч
  • Оношлон ажиллах блок
  • Зарим нэгэн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн ийм төхөөрөмжүүд унтраалгатай on/off байдаг бөгөөд түүнийг хэрэглэгчийн зүгээс асааж унтрааж болдог байна. Аюулгүйн дэрний үндсэн хэсэг нь хөнгөн синтетик уут болон хий үүсгэгч баллоноос тогтдог.

Жолоочийн хэсгийн аюулгүйн дэр нь рулийн төвд байрладаг харин зорчигчийн хэсгийн дэр нь урд талын самбарын хэсэгт байрладаг байна. Жолоочийн урд байрлах аюулгүйн дэрний диаметр ойролцоогоор 50 см байдаг нь хүүхдүүдийн усанд тоглодог бөмбөлөгтэй хавьцаа юм. Зорчигчийн хэсгийн дэрний диаметр нь түүнээс бараг 2-3 дахин том байдаг жолооч ба рулийн хоорондын зайг бодвол зорчигчийн урд самбарын хоорондын зай хамаагүй их байдагтай холбоотой юм.

  • Цохилтыг мэдрэгч хэсэг нь автомашины урд хэсэг юм уу салоны урд хэсэгт байрладаг. Автомашинуудад нэг болон түүнээс дээш огцом цохилт мөргөлтийн хүчийг мэдрэх мэдрэгчийг байрлуулсан байдаг. Мэдрэгчүүд нь хөдөлгөөний хурд огцом буурах өөрчлөлтийг хэмждэг бөгөөд осол болон түүнтэй төсөөтэй нөхцөл байдал үүсэж автомашины хурд хэт огцом буурсан тохиолдолд ажиллаж аюулгүйн дэрний ажиллагааг идэвхжүүлдэг байна.

Аюулгүйн дэр нь зорчигчдод аюул учруулмааргүй тоормослох болон донсолгооны нөхцөлд ажиллахгүй байхаар зохицуулагдсан ба аливаа хурдаа алдах тохиолдлуудаас автомашин дотор сууж байгаа хүмүүст аюул учрах магадлалтай тохиолдолд л ажиллахаар тохируулагдсан байдаг.

  • Оношлон ажиллах блок нь аюулгүйн дэрний системийн ажиллагааг хянах үүрэгтэй. Жишээ нь: автомашиныг асаахад системийг идэвхжүүлэх г.м. Хэрвээ оношилгооны блок ослоос хамгаалах системийн ажиллагаа хэвийн бус байгааг илрүүлбэл хянах самбарт байрласан анхааруулах гэрэл асаж жолоочид аюулгүйн дэрний үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдож байна гэж мэдээлдэг.

Ихэнх төрлийн иймэрхүү оношилгооны блокууд осол мөргөлдөөний үед үндсэн аккумулятор гэмтэл авсан тохиолдолд аюулгүйн дэрийг ажиллуулахад хүрэлцэхүйц энергийг өөртөө хуримтлуулах боломжоор хангагдсан байдаг байна.

Пикап, кабриолет маягийн арын суудалгүй буюу хүүхдийн суудал гэх мэтийг л байрлуулах боломжтой автомашинуудын арын суудлын аюулгүйн дэрийг унтраалгаар унтрааж асаах (on/off) боломжтойгоор үйлдвэрлэсэн байдаг.

Ийм төрлийн унтраалгыг жолоочийн юм уу урд талын аюулгүйн дэрэнд зөвхөн онцгой тохиолдолд уг тээврийн хэрэгслийг эзэмшигчийн гаргасан хүсэлтийг улсын эрх бүхий байгууллага тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд л байрлуулахыг зөвшөөрдөг.

Эхэн үедээ аюулгүйн дэрийг зөвхөн жолоочийг хамгаалах зориулалтаар жолооны хүрдний голд /хамгийн их гэмтэл авах магадлалтай байсан учир/ байрлуулдаг байсан бөгөөд 90-ээд оноос зорчигчийн урд талын суудалд зориулж, дараа нь хажуугийн аюулгүйн дэрийг хаалга болон зорчигчийн суудлын хооронд байрлуулдаг болжээ.

Хөдлөх хэрэгслийг хамгаалах дэр

Автомашины салхины шилний доод талд байрлуулсан энэхүү аюулгүйн дэр нь осол, мөргөлдөөний үед машины урд талд байрлуулсан мэдрэгчийн дохиогоор ажиллаж зорчигч толгойгоороо урд шилийг мөргөж гэмтэл авахаас (ойролцоогоор үхлийн гэмтэл авах 80 % -ийн магадлалтай ) хамгаалах зориулалттай хийгджээ.