МЭДЛЭГ - ШИЛ АРЧИГЧИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ? №178

Бороо орж эхлэхээс өмнө шил арчигчийг солих шаардлагатай. Манай орны хуурай уур амьсгалд шил арчигчийн резин хатаж чийгшилгүй болсноос шил арчигчийг ажиллуулахад шилний гадаргуун өөрчлөлтийг даган уян байж чадахгүй загалтуулдаг.

Шил арчигчийг сонгохдоо юуны түрүүнд тухайн машины үйлдвэрлэгчээс заасан хэмжээг мэдэж байх ёстой ба үүнийг голдуу инчээр илэрхийлсэн байдаг. Хийх ёстой хэмжээнээс илүү уртыг худалдаж авбал зах хэсгээрээ хөндийрөх, ажиллуулах үед шилний дээд хязгаараас давж дээвэр дээгүүр гарч хөндийрөн муу арчдаг.

Иймээс таарсан хэмжээтэйг сонгох хэрэгтэй. Яг таарсан хэмжээтэй байхгүй бол 1-2 инч богиныг хийхэд арчих талбай тийм ч их багасаад байхгүй. Харин ч хурдан түвэггүй арчиж байгаа мэт болно.

Уламжлал болсон төмөрөөр хийсэн нугастай эсвэл төмөр их биеийг хамгаалсан резин ууттай болон сүүлийн үед дэлгэрээд байгаа цул хуванцар их биетэй шил арчигч байдаг.

Манайд оригинал болон дуураймал шил арчигч аль аль нь зарагдаж байна иймээс худалдан авахдаа анхаарах хэрэгтэй. Төмөр рамтай шил арчигчийн резиний 2 талын ховилоор гүйх хос нарийн цагаан төмөр нь 2 захдаа сугарч гаргалгагүйгээр резинээрээ хязгаарлагдсан байх ёстой.

Сайн нягталж харвал муу арчигчийн нэг тал задгай байх бөгөөд хэсэг хугацаанд хэрэглэсний дараа задгай тал руугаа цагаан төмөр нь сугарч гарснаар резин нь биегүй болж хөндийрдөг.

Буцааж шургуулж болох боловч ахин дахин сугараад түвэг уддаг. Төмөр рамтай шил арчигч муудсан бол шинийг авах хэрэгтэй. Солих резин нь нэг талдаа задгай байдаг учир төд удалгүй сугараад түвэг удна.

2 талын үзүүр хэсэгтээ цагаан нарийн төмөр нь резиндээ шигдэж хязгаарлагдсан байх ёстой
2 талын үзүүр хэсэгтээ цагаан нарийн төмөр нь резиндээ шигдэж хязгаарлагдсан байх ёстой
Резин нь хязгаарлагчгүй хуурамч арчигчийн цагаан төмөр сугарсан байгаа нь
Резин нь хязгаарлагчгүй хуурамч арчигчийн цагаан төмөр сугарсан байгаа нь

Мөн давхар 2 резинтэй шил арчигч байдаг ба голдуу дуураймал. Монголын нөхцөлд хамгийн тохиромжгүй. Учир нь 2 резиний завсар шороо тоос ороод арчих үед устай холилдоод шавар зуурч байгаа мэт болдог. Нөгөө талаар шил арчигчийн моторт ачаалал өгч шатаах эсвэл ажиллагаа удааширдаг.

Сүүлийн үед гарч байгаа хуванцар биетэй шил арчигч нь дуу чимээ багатай бөгөөд өвлийн улиралд нугасанд нь ус ороод хөлдөж гацахгүй сайн талтай. Манайд мөн л чанар муутай болон сайн гэсэн 2 янз худалдаалагдаж байгаа. Ийм шил арчигч авахдаа аль болох нумарсан хэлбэртэйг авах нь зүйтэй.

Шулуундуу байвал захаараа шилний дугуйрсан хэсэгт дарахгүй хөндийрөх талтай. Ийм шил арчигчийн үнэ ердийнхийг бодвол илүү үнэтэй байдаг боловч резин хатаж муудсан үед дан резинийг нь солих боломжтой. Хэрвээ таны шил арчигчийн резин олдохгүй бол зөвхөн резинийг нь солих механик арга бий. Их биеийн захын хуванцар хязгаарлагчийг бага зэрэг ангайлгаад авахад резин нь гараад ирнэ. Шинэ резинээ уртыг нь тааруулж хайчлаад шургуулаад хуванцар хязгаарлагчийг хийхэд л шинэ шил арчигчтай боллоо гэсэн үг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.