ШИЛ АРЧИГЧИЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ? №327
Энгийн зүйлсээс эхэлье. Шил арчигч нь резинээр хийгдсэн байдаг. Иймээс автомашины шилэн дээрх цас, бороо, шороог хэдэн сарын турш арчихад элэгддэг. Та автын засвар, үйлчилгээний төвд хандан механикаар шил арчигчаа солиулж болох ч үүнийг өөрөө солиход тийм ч хэцүү биш.
Дийлэнх машины шил арчигчийн түгжээ болон хэмжээ нь адилхан байдаг. Шил арчигч нь 3 үндсэн хэсэгтэй. Шил арчигчийн гар буюу сууриас нь түгжээ хүртэлх уртасгагч гар, шил арчигчийн резинийг барьдаг металл эсвэл хуванцар бие болон шил арчдаг резин.
Шил арчигчийн сольж байна гэдэг нь элэгдэж муудсан резинийг солино гэсэн үг юм. Шил арчигчийг дараах алхмуудын дагуу солино.
- Шил арчигчаа солих болсон эсэхээ мэдэх
Резинээ гаднаас нь шалга. Хуучирч муудсан резин хатуурч, эмтэрсэн байдаг. Хэрэв таны шил арчигчийн резин уян зөөлөн чанараа алдаж, хагарч эмтэрсэн байвал солих болжээ гэсэн үг юм. - Бороо цастай үед шил арчигчийг шилийг бүрэн гүйцэд арчиж байгаа эсэхийг шалга
Хэрэв бороо цастай үед шил арчигч тасалдаж, шилэн дээр зураас үүсгэж, дуу гаргаж байвал солих цаг нь болжээ гэсэн үг юм. - Шил арчигчийн хэмжээг мэдэх, худалдаж авах нь
Хуучин шил арчигчаа хэмжиж, дэлгүүрээс адил хэмжээтэйг сонгон аваарай. Шил арчигчийн урт богиноос хамаарч шилийг дутуу арчих, эсвэл цонхноос илүү гарах тохиолдол гардаг.
“Баруун, зүүн шил арчигч нь адилхан хэмжээтэй байдаггүй, үргэлж нэг хоёр инчийн зөрүүтэй байдаг.” - Шил арчигчийн гарыг өргөх
Шил арчигчийн гарыг 90 градус босгоно. Ингэхдээ болгоомжтой байх нь зүйтэй. Учир нь шил арчигчийн гар нь пүрштэй байдаг бөгөөд хүчтэй тавьж харвах тохиолдолд машины шилийг хагалах аюултай. - Хуучин шил арчигчийг сугалах
Шил арчигчийн гарны үзүүрт дэгээ байх бөгөөд энэ дэгээнд нь шил арчигчийг суулгадаг. Энэ хэсэг жижиг түгжээгээр түгжигдсэн байдаг ба дээр нь дарж хуучин шил арчигчийг гарны дэгээнээс нь салгаж авдаг.
“Хуучин шил арчигчийг салгаж авах үедээ шил арчигчийн гарыг барьж байх хэрэгтэй. Аль эсвэл үзүүрт нь даавуугаар зөөлөвч хийж шилээ хагалахаас сэргийлж болно.” - Шинэ шил арчигчаа суурилуулах
Шил арчигчийн гарны дэгээнд шинэ шил арчигчийнхаа гогцоог оруулна. Гогцоонд хийхдээ түгжээнд бүрэн гүйцэд оруулж өгнө. Дараа нь шил арчигчийн гарыг буулгана. - Нөгөө талын шил арчигчийг мөн дээрх дарааллын дагуу солино. Ингэхдээ яг таарсан зөв хэмжээний шил арчигчийг хийж өгнө.