МИНИЙ 8 АЯЛАЛ

Намайг Г.Хишигтогтох гэдэг. Би эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах дуртай нэгэн. Саяхан зургийн цомгоо үзэж байгаад надад өвөл аялсан зураг бараг байхгүйг анзаарсан юм. Өвөл хааяа нэг агаарт гарахаас өөр онц зүйл хийдэггүй маань тэр. Ингээд өвөл юу, юу хийж болох талаар судалж 8 төрлийн аялал хийхээр шийдсэнээ та бүхэнтэй хуваалцаж байна.

Cardoctor сэтгүүлийн ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ 2016 шинэхэн дугаараас онцлох нийтлэлийг хүргэж байна.

НОХОЙ ЧАРГАНЫ АЯЛАЛ

Нохойг чарганд хөллөн уралддаг кино гарснаар хүмүүс Хаски үүлдрийн цэнхэр нүдэт нохойг мэддэг болсон. Тэрхүү нохдыг чарганд хөллөн уралдаж байгаа нь  бидэнд нэг хэсэгтээ л шинэ содон харагддаг байжээ. Тэгвэл яг кинонд гардаг шиг цэнхэр нүдэт Хаскиг нохой чарганд хөллөн Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, Туул голын хөвөөгөөр 20-30 км газар салхи татуулан давхих боломжтой болжээ.

Гадаадын жуулчид цастай газар очиж нохой чарга унах гэж гэж хэдэн мянган доллар төлдөг бол бидэнд бүтэн өдрийг цэвэр агаарт нохой чарга хөлөглөн өнгөрүүлэх гайхалтай сайхан боломжийг хямд зардлаар хүргэж байгаа залууст талархлаа илэрхийлэх нь зүйтэй байх.

Та энэ аялалд оролцохдоо хөнгөн дулаан хувцас, нүдний шил, цасны гутал зэргийг бэлтгэсэн байхад л болно. Сүүлийн жилүүдэд энэхүү нохой чаргатай аяллыг хоёр ч аяллын газар долоо хоног бүр зохион байгуулж байгаа юм байна. Энэ өвөл хийх миний аялал дундаас хамгийн сонирхолтой нь нохой чарганы аяллыг гэж би онцолж байна. Та ч гэсэн энэ өвөл заавал нохой чаргаар аялж үзэхийг зөвлөе.

ХӨХ СУВД МӨСНИЙ БАЯР

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гайхамшигт Хөвсгөл” нэртэй мөсний баярыг Хөвсгөл нууранд 2015 онд зохион байгуулж байсан. Хөвсгөл нуурыг бүрэн хөлдөж дуусахаар хийгддэг энэхүү баяр 2017 оны  эхний саруудад болохоор төлөвлөгджээ.

Тэр үеэр хэд хэдэн газар аялал зохион байгуулж явуулах юм байна. Жил бүр ойролцоогоор 1500 хүн энэхүү баярыг зорин очдог. Тиймээс энэ жил би Хөвсгөлийн мөсний баярт оролцохоор шийдсэн. Та харин надтай нэгдэж болно шүү.

Мөсний баярын үеэр болдог сонирхолтой тэмцээн, уралдаан:

  • Чаргатай морьдын уралдаан
  • Цаатан өрхтэй танилцах, цаа бугын үзүүлбэр
  • “Сор” бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг.
  • Мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн.
  • Тэшүүрийн тэмцээн
  • Үндэсний  хувцасны өвлийн загварын үзүүлбэрүүд
ӨВЛИЙН ЗАГАСЧЛАЛ

Би зун загас барьж үзэж байсан. Гэхдээ энэ удаа өвлийн загасчлалд анх удаагаа явах бодолтой байна. Над шиг явахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулж өөрийн судалсан багахан мэдээллээ хүргэе.

Та загасны уурга шидэж, загас барьж үзэхийг хүсдэг ч таны санаснаар баригдахгүй үе гардаг биз. Тэгвэл өвөл загас барихад бүх юм эсрэгээрээ байх болно. Хэрэв та зөв газраа цооног гаргаж чадвал загасны уурга ч хэрэггүй байж магадгүй шүү. Цооног ухаж загасчлахын  жаргалыг өвөл загасчилж үзсэн хүн л мэдэрнэ. Би ч гэсэн энэ жаргалыг мэдэрч найз нөхөдтэйгээ хамтдаа нэг өдрийг сайхан өнгөрүүлэхээр яарч байна.

Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий:

  • Хэзээ ч ганцаараа бүү яв
  • Загасны хэрэгсэл болон бусад зүйлсээ урт уяатай чарган дээр ачиж явах.
  • Мөсний зузаан хэр байгааг шалгах

Загасчлахад шаардлагатай зүйлс:

  • Цооног гаргах мөсний өрөм, царил, цүүц
  • Богино, хөнгөн гар уурга
  • Өгөөш
ЦАНА, ЧАРГААР ГУЛГАХ

Өвөл биднийг зугаацуулдаг зүйл бол яалт ч үгүй цана, чарга. Их хотын утаа, чимээ шуугианыг хэсэг ч болов мартан гэр бүлээрээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсвэл цанын бааз орох нь хамгийн зөв шийдвэр байдаг.

Улаанбаатар хотод миний очдог, ойрхон хэд хэдэн цанын бааз бий. Үүнд: Хандгайт, Богиний ам, Скай резортыг нэрлэж болно.
Амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрүүлж стрессээ тайлангаа, агаар салхинд гарах нь хамгаас илүү амралт болдог тул өвлийн богинохон улиралд 2-3 удаа гараад авахад илүүдэхгүй. Миний хувьд жил бүр цана, чаргаар гулгадаг ч энэ жил арай олон удаа цанын бааз орж хүүгээ баярлуулнаа.

ФОТО ЗУРГИЙН АЯЛАЛ

Би фото зураг авах хоббитой. Өрөө зураг дарах нь надад сайхан дурсамжийг үлдээдэг. Тэр ч үүднээс зун бүр аяллаар явахдаа явсан газрынхаа байгалийн үзэсгэлэнг зурганд мөнхөлдөг. Сайхан зураг харахад сэтгэл сэргээд, тэнэгэр болдог шүү дээ. Гэхдээ би өвөл аяллаар явдаггүй учраас надад өвлийн байгалийн зураг байдаггүй. Тиймээс энэ удаа өвлийн фото зургийн аялал хийхээр шийдсэн.

Харин та юу гэж бодож байна надтай ижил бодолтой байгаа бол цас малгайлан орж буй өдөр эсвэл маргааш нь ч юм уу зургийн аппаратаа аваад Богд уулийг зориход л бид хоёрын зорилго биелнэ.

ДУГУЙТАЙ АЯЛАЛ

Манай улсад сүүлийн хэдэн жил олон төрлийн сонирхолтой аялал жуулчлалын хэлбэрүүд хөгжиж байгаагийн нэг нь дугуйн аялал.

Дугуйг зөвхөн дулаан үед л унадаг гэж бодож байсан нь эндүүрэл байжээ. 7 жилийн өмнөөс “Мөнгөн өвөл” нэртэй өвлийн дугуйн аяллыг “Монгол аялагч” клуб зохион байгуулах болсон байна.

Жилээс жилд оролцох гишүүдийн тоо нэмэгдэж байгаа тус аялалд та ч бас нэгдээрэй. Заавал дугуйтай байх албагүй бөгөөд зохион байгуулагчдын зүгээс уулын дугуй, аяллын унаа, өдрийн хоол, хөтөч зэрэг эрүүл агаарт амрах, аюулгүй байдлыг хангах зүйлсийг бэлтгэн өгдөг нь тун их таалагдлаа.

Өвлийн нэг өдрийг хөгжилтэй, адал явдалтай өнгөрөөхийг хүсвэл энэ ч янзтай аялал байна даа...

ЯВГАН АЯЛАЛ ХИЙХ

Сошиал медиа хөгжихийн хэрээр хүмүүс өөр өөрсдийн сонирхлоороо нэгдэцгээж байна. Үүний томоохон жишээ бол явган аяллын бүлгүүд юм. Би ч гэсэн явган аяллын нэг бүлгэмд нэгдэж ууланд хааяа алхдаг.

Амралтын өдөр бүр Богд уул маань явган аялагчдын хөлд дарагддаг. Ажлын стрессээ тайлах, дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс өглөөний 7 цагаас эхлэн алхаж эхэлдэг. Учир нь явган аялал хийх нь зүрх судасны өвчин тусах магадлалыг 60% хүртэл бууруулж хөдөлгөөний дутагдал үүсэхээс сэргийлдэг.

Ялангуяа өвлийн улиралд ууланд алхагчдын тоо маш их нэмэгддэг. Энэ нь хотын утаанаас хэсэг ч гэсэн салж, байгалийн сайханд элдэв зүйл бодолгүй алхахтай холбоотой. Та ч гэсэн бидэнтэй нэгдэн өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

ЦАСАН ХҮН

Гэр бүлээрээ сайхан амарч аялах нь халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлдэг давуу талтай. Бяцхан үрийн тань сэтгэлд шинэ жилийн холбогдолтой кино, хүүхэлдэй зэрэг уран бүтээлүүд дээр гардаг шиг цасан хүн хийж үзэх юм сан гэсэн мөрөөдөл байж л таараа.

Тэгвэл мөрөөдлийг нь биелүүлэх цасан хүнийг хамтдаа бүтээж, мартагдахааргүй дурсамж үлдээхийг танд зөвлөе.

Улаанбаатар хотын ойр орчим 70 км зайд байрлах гэр бүл, найз нөхдөөрөө амарч болох тохижилт сайтай 8 амралтын газар, зочид буудлын мэдээллийг орууллаа.

1. БУМБАТ РЕСОРТ
Байршил: Улаанбаатар хотоос 25 километр
Налайх чиглэлийн замд

  • Үнэ: 120‘000-210‘000₮
  • Хоол: 8‘000-27‘000₮

Холбоо барих: 98285252; 98160975
Цахим хуудас: www.facebook.com/bumbatresort

2. МОНГОЛ ШИЛТГЭЭН
Байршил: Баянзүрх дүүрэг 20-р хороо Гачуурт тосгон

  • Холбоо барих: 11-323762

Цахим хуудас: www.facebook.com/Hotel-Mongolia

3. ТЭРЭЛЖ ЗОЧИД БУУДАЛ
Байршил: Налайх дүүрэг, Горхи-Тэрэлж байгалийн үзэсгэлэнт газар

  • Үнэ: 240‘000-3‘500‘000₮
  • Хоол: 40‘000-60‘000₮

Холбоо барих: 9999-2233
Цахим хуудас: www.tereljhotel.com

4. UB 2
Байршил: Улаанбаатар хотоос 68 км-ийн зайд
Тэрэлж байгалийн цогцолбор газарт

  • Үнэ: 80‘000-180‘000₮
  • Хоол: 40‘000-60‘000₮

Холбоо барих: 99774125, 99098723
Цахим хуудас: www.facebook.com/ub2hotel

5. МАНДАЛ
Байршил: Төв аймаг Эрдэнэ сум,Чингис хааны хөшөөт
цогцолбороос 7км зайд байрлана.

  • Үнэ: 100‘000-180‘000₮
  • Хоол: 10‘000-50‘000₮

Холбоо барих: 9990-1804, 9990-1814
Цахим хуудас: www.facebook.com/MandalResort

6. ИХ МОНГОЛ
Байршил: Горхи Тэрэлж, Цагаан тэмээтийн аманд

  • Үнэ: 120‘000-150‘000₮
  • Хоол: 10‘000-80‘000₮

Холбоо барих: 7011-1702

7. MONGOLICA
Байршил: “Чингис хаан” олон улсын нисэх
буудлаас 7км зайд

  • Үнэ: 140‘000-310‘000₮
  • Хоолны багц: 6500-31‘000₮

Холбоо барих: 9698-5152, 9919-9152
Цахим хуудас: www.mglhotel.mn

8. ХААН ЖИМС
Байршил: Улаанбаатар хотоос 57 км-ийн зайд
Чингис хааны хөшөөт цогцолбороос 4км зайд байрлана.

  • Үнэ: 220‘000₮
  • Хоолны багц: 33‘000₮

Холбоо барих: 11-353700
Цахим хуудас: www.khaanjims.mn
(Даваа-Баасан гарагуудад гэр бүл хамт олноороо ирвэл хямдралтай)

ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН CARDOCTOR СЭТГҮҮЛИЙГ ДОКТОРЫН БҮХ САЛБАРААС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ.