НОХОЙ ЧАРГААР АЯЛСАН МИНЬ

Өвлийг гэр бүл найз нөхдөөрөө хэрхэн зугаатай өнгөрүүлэх, өвөл хаашаа аялж зугаалах вэ зэрэг мэдээллийг Cardoctor сэтгүүлийн өвлийн дугаараар хүргэсэн. Ингээд та бүхэндээ НОХОЙ ЧАРГАНЫ АЯЛАЛ-аар аяласан сэтгэгдлээ хуваалцъя.

Анх Монголд нохой чаргаар аялуулдаг тухай олж мэдчихээд ихэд гайхаж билээ. Яаж нохойг чарганд хөллөдөг юм бол? Аваад давхиад явчихгүй байгаа? гэх мэтээр олон олон асуултыг өөрөөсөө асууж байлаа. Эцэст нь би Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд байрлах “Тэрэлж-Жаргал” экстрем спорт аяллын төвийг зорьж аялахаар шийдсэн юм.  Тус төв нь Улаанбаатар хотоос 68 км зайд байрладаг бөгөөд намайг очиход компанийн захирал Х.Түвшинжаргал угтаж авсан юм.  Тэрээр биднийг дагуулан Тэрэлжийн модон дунд байрлах тусгайлан хашаа татсан нохойн үүр рүү аваачлаа.

Биднийг ирж байгааг харсан ноход баярлан үсэрч, бараг уяагаа таслах нь холгүй байв. Яагаад ингэтлээ их хуцаж, баярлаад байгааг асуутал - хүмүүс ирэхээр чарганд хөллөн явдаг гэдгийг мэддэг учраас ингэж баярлаж байгаа юмаа гэж тайлбарлав. Нэг дор ийм олон Хаски үүлдрийн нохойг харахад надад сонирхолтой санагдаж байлаа.

Чарганд хөллөдөг ноход маш барьцамтгай

Ингээд биднийг чарганд хөллөх ноходтойгоо танилцуулан чаргаа бэлдэж эхлэв. Нохой бүр өөрсдийн дуудах нэртэй, содон зан авиртай гэдгийг тэрээр хэллээ. Чарганд хөллөдөг ноход маш барьцамтгай нэгийг чарганд нь хөллөөд эхэлбэл бусад нь чарганд хөллүүлэх гэж их барьцдаг гэсэн. Яг л олон жил уяулж байсан морь, хурдан морь дагаж давхих гээд байдагтай адил санагдаж байлаа.

Багийн ахлагч нохой заавал эм нохой байдаг

Х.Түвшин-Жаргал маань 80 нохойнхоо зүс, нэр, ааш занг нь  тун ч сайн мэднэ. Аргагүйдээ нохой бүрийг гөлөг байхаас нь тэжээж, чарганд хөллөж сургадаг болохоор тэр биз. Нохой бүрийнхээ нэрийг андахгүй мэдэж байсан шүү. Чаргандаа нохойгоо хөллөх гэж жаахан уддаг юм билээ.. Нэг чарганд л гэхэд  5-8 нохой хөллөдөг.

Тухайн хүний биеийн онцлогоос хамааран хэдэн нохой хөллөхөө шийддэг гэсэн. Чарганы түрүүнд явах нохойг багийн ахлагч гэнэ. Багийн ахлагч нохой заавал эм нохой байдаг. Учир нь эм нохой замаасаа гаралгүй дуулгавартай явдаг. Харин эр нохой бол замдаа өөр юм үнэрлээд, сатаараад алга болдог. Ийм учраас эм нохойг хамгийн урд хөллөдөг юм гэнэ. Их сонин байгаа биз.

Нохдоо хөллөөд дуусах үед би гэнэт чарган дээрээ яаж явнаа гээд сандраад эхэлсэн шүү. Нохой чарганы хувьд жирийн чарганаас арай өөр. Хүндийн төв нь доороо байдаг болохоор хөмөрч унах нь бага байдаг гэж надад тайлбарлаж өгөв. 2 хүн нэг чарган дээр явж болох ба нэг нь урд нь хэвтээд нөгөө нь зогсоогоороо чаргыг залуурдах үүрэгтэй. Ард зогсох хүн чаргыг зогсоох, залуурдах гээд их чухал үүрэг хүлээх болж байгаа юм.

Ингээд аюулгүй байдлын зааварчилгаа авч дууссаны дараа хөдлөхөөр боллоо. Бид нар 4 чаргаар нийтдээ 30 нохой хөллөн 5 км аялал хийхээр боллоо. Ноход ч хуцаж чаргаа гуд хийтэл татаж эхэллээ. Яг энэ үед үнэхээр сандарсан шүү. Байдгаараа чарганаасаа зуурчихсан явсан.

Нохдын гарааны хурд нь үнэхээр ямар ч хүнийг барьц алдуулам хурдтай юм билээ. Дуу дуугаа авалцан хуцаад л чаргыг минь гуд хийтэл татаад л чарганы аялал маань эхэллээ. Үнэхээр сонин мэдрэмж төрж байсан шүү.. Айх баярлах зэрэгцээд юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Та өөрөө суугаад мэдрээд үзээрэй.

Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль ой модон дундуур, хөлдсөн гол дээгүүр нохой чарга хөллөн салхи татуулан давхих үнэхээр онцгой мэдрэмжийг танд төрүүлнэ. Өнөө айгаад байсан хүн чинь сүүлдээ дасаад чарган дээрээ тун догь явж байгаа биз.

Аяллын явцад замдаа түр амрахаар болов. Энэ үед найрсаг Хаски нартай дотно танилцаж, хамт зургаа авахуулах боломжтой. Хаски нохой тун нөхөрсөг. Хүнд их дасамтгай, хүн хазаж, урсан тохиолдол гарч байгаагүй гэсэн. Үнэхээр  ноход  нь тун нөхөрсөг, эрхлээд таны цээжин дээр үсрээд л гараад ирнэ. Амттан, чихэрт тун дуртай гэсэн шүү. Хүмүүсээс янз бүрийн амттан өхөөрдөн өгсөөр байгаад дуртай болгосон гэсэн.

Х.Түвшин-жаргал бүх аяллаа өөрөө ахлан явдаг. Ноход нь ч түүний үгнээс гардаггүй. Анх 3-хан Хаски үүлдрийн нохойтой байсан бол одоо 80 гаруй ноходтой, өвөлдөө нохой чаргаар хүмүүсийг аялуулж, зундаа 4 дугуйт мотоцикл, морин аялал, Багги машинтай аяллыг зохион байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлж чаджээ. Өвөл, зунгүй адал явдалт экстрем спортыг Монголд хөгжүүлэх үйлст бие сэтгэлээ зориулж яваа мундаг, хөдөлмөрч залуугаар бахархах сэтгэл төрж байлаа. Залуучууд бидний төлөөлөл болж салбартаа амжилттай явж байгааг нь харах сайхан байсан шүү.

Аяллын дараах сэтгэгдэл үнэхээр гайхамшигтай. Зөвхөн кинон дээрээс үзэж байсан нохой чарганы аяллаар аялаад ирсэндээ баяртай байв. Хаски нохдыг багаас нь чарганд хөллөж сургадаг болохоор замдаа зүүн, баруун эргэ гэх командыг шууд биелүүлж байсан. 5 км аялал надад богинохон санагдаж өдрийн аяллаар нь явах юмсан гэсэн шунал хөдлөв. Нохой чарганы аяллаар 3 сар хүртэл аялах боломжтой бөгөөд 4,5 сард тэрээр нохдоо аваад Хөвсгөл далай дээгүүр аялал хийдэг хэмээсэн.

Надад эдгээр 80 нохойг яаж тэжээдэг бол гэдэг сонин санагдаж байсан тул түүнээс хэдэн зүйл тодруулан нохойн хашаагаар явж үзэв.

Энэхүү нохой чаргаа тэрээр өөрөө урлаж, хийжээ. Энгийн чаргатай харьцуулахад хүндийн төв нь доороо, мөн хөнгөн байх шаардлагатай байдаг. Тэрээр одоо 12 нохой чаргатай болж аялалд оролцогчдын тоогоо улам нэмсээр л байгаа. Нохой чарганы бүх зүйл нь онцлогтой, тусгай зүйлс байдаг. Чарганы уяаг энгийн уяагаар хийж болдоггүй. Тусгай утсаар хийсэн уяагаар нохдыг хөллөдөг.

Чарганы ул хэсгийн хус модыг олон давхарлан нааж хийснээр чарга илүү бат бөх болдог.

Өдөрт 80 нохойгоо хооллоход 300 кг хоол бэлтгэх шаардлагатай болдог. Тэрээр нохойгоо шар будаа, гоймон, дотор мах зэргээр хооллодог. Чарганд явах учраас амт чанартай хоол идэж байж олон км, хурдтай давхиж чаддаг. Үнэхээр ч чанартай сайхан хоолыг тусгайлан бэлтгэж өгдөг юм билээ. Ийнхүү би нохой чаргаар салхи татуулан давхиж, найрсаг Хаски нартай зургаа авахуулан нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм даа. Энэ өвөл таныг гэр бүлээрээ заавал нохой чарганы аялалд явж үзэхийг уриалж байна. Үнэхээр сонин, эгэл биш мэдрэмжийг та авах болно.

Монгол нохой чарга: https://www.facebook.com/MongolianSleddingDogs

Харилцах утас: 99005181

Докторын лавлах: 1800-1937

Докторын үнэнч үйлчлүүлэгчиддээ нохой чаргаар хөнгөлөлттэй аялах купоныг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ санал болгоё.