УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэхээр боллоо. Тус хуралдаанаар харьяа байгууллагын удирдлагууд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав.

Яам, агентлаг, аймгуудын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн 2016 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Зам, тээврийн хөгжлийн яам нэгдүгээрт орсон талаар салбарын сайд Д.Ганбат хуралдааны үеэр онцоллоо. Тэрээр цаашид анхаарч ажиллах, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

Тухайлбал, зам, тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.  

Мөн автозамын төлбөр хураах цэгүүдэд хяналт тавьж, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Хэнтий аймагт ажилласан талаараа танилцуулж, Дадал суманд түүхийн аялал жуулчлалын бүс байгуулахыг бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг хэллээ. Тиймээс Чингис хотоос- Дадал сум хүртэлх автозамын зураг төсөл, барилгын ажлыг судлахыг холбогдох дарга нарт үүрэг болгов.