УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 4 САРЫН 25-ААС 11 САРЫН 25-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХААХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.

Үүний дагуу одоо ашиглаж байгаа 2 эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 4 дүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэхүү авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2019 оны 4 дүгээр сарын 25-аас 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, авто замын дагуух Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр замыг гарган зорчуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болсон байна. 

Шинээр барих 2 эгнээ авто замын хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, тус банкны зээлийн журмын дагуу бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа аж. 

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замыг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх” зорилтын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. 

2019 онд баруун 5 аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 123 төсөл, арга хэмжээний 2559.7 км авто замын бүтээн байгуулалт болон их засварын ажил, 23 байршилд 1719.3 у/м төмөрбетон гүүр, хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.