TOYOTA PRIUS

Дэлхийн хамгийн анхны хос хөдөлгүүртэй суудлын машин бол Toyota компанийн үйлдвэрлэсэн Prius юм. Анхны загвар нь 1997 оны 10 сард гарсан ба хөдөлгүүр нь 16-н калапантай, цуваа 4 цилиндртэй хос нударган голтой, 1,5 литрийн багтаамжтай 1NZ-FXE загвартай байжээ. Хос хөдөлгүүр гэдэг нь бензин хөдөлгүүрээс гадна цахилгаан хөдөлгүүртэй гэсэн үг юм. Ингээд 2000 онд нэлээн том шинэчлэл явагдсан ба авсаархан шинэ батарейтай болсон төдийгүй, бензин хөдөлгүүрийн хүчин чадал 20%-иар, цахилгаан хөдөлгүүр 10%-иар тус тус  нэмэгдсэн.

Prius NHW10 (1997-2003он)

1997 онд анх худалдаанд гарсан. Бага оврын седан бөгөөд өвөрмөц урд нүүр болон капоттай. Ийм загвар нь агаарын эсэргүүцлийг багасгах зорилготой. Сайжруулсан хайлшин ободтай. THS /Toyota Hybrid System/ буюу Aтокинсоны зарчмаар ажиллах дотоод шаталтын хөдөлгүүр болох 1NZ-FXE бензин хөдөлгүүр, мөн 1CM загварын тогтмол гүйдлийн цахилгаан хөдөлгүүрээс бүтсэн машин юм. 1СМ загварыг нь сайжруулан 2СМ болгосон байна. 100 км-т 3.5 л иддэг бөгөөд энэ нь бензин хөдөлгүүртэй машинд байж боломгүй бага тоо юм.

Хянах дэлгэц нь урд хянах самбарын голд байрладгаараа салон нь өвөрмөц бөгөөд мөн 5.8 инчийн LCD дэлгэцтэй. Уг дэлгэцэн дээр замын зааварчилга, хөгжим, эйркoндишн /агааржуулагч/ зэргийн үзүүлэлтүүд гардаг. Гэвч моторын эргэлтийн хурд хэмжигч байдаггүй.

1998 оны 11 сард G selection, G selection-navigation хувилбарууд худалдаанд гарчээ. 1998 онд тухайн оныхоо  шилдэг загвартай машинаар шалгарсан. 2000 онд дахин шинэчлэл хийгдэж 100км-т 3.4 литр бензин иддэг болсон ба тухайн оноосоо хойд Америкт худалдаалагдаж эхэлсэн. 2001 онд S загварыг сайжруулан , DVD дуу хоолойн зааварчилгатай систем болон автомат хурд баригч систем бүхий S premium 21 хувилбар худалдаанд гарсан бол  2002 оны 8 сард 100 км-т 3.2литр иддэг болгон сайжруулсан ба S navi-special, G navi special загварууд худалдаанд гарчээ.

Prius NHW20 (2003 - 2009)

4 хаалгатай седан загвараас 5 хаалгатай буюу ар шил нь багажтайгаа онгойдог загвар болон шинэчлэгдсэн. Мөн тэнхлэг хоорондын зай нь 2700 мм болон уртассан. Дугуй нь 4 боолтоос 5 боолттой болсон ба хөдөлгүүр нь өмнөх загвартайгаа адилхан 1NZ-FXE загварын хөдөлгүүртэй байсан ба 100км-т 2.8 литр иддэг болсон юм.

Энэ нь 4 хүний багтаамжтай машинууд дундаа дэлхийн хамгийн өндөр амжилт тогтоосон загвар болоод  байна. 2003 онд ″Оны шилдэг загвар″-аар шалгарсан. Түлхүүрээ халаасандаа хийгээд машиндаа дөхөн ирэхэд автоматаар өөрөө асдаг буюу түлхүүргүй асдаг систем, мөн дэлхийн хамгийн анхны автоматаар ухарч байрладаг систем суулгасан төдийгүй шарвалтаас хамгаалах систем, цахилгаан рулийн аппарат гэх мэт олон дэвшилтэт технологитой загвар болсон юм.

NHW20 нь дотроо хэд хэдэн загварууд /S, G, Touring selection, EX/ гарсан. Touring selection загвар нь шаландаа хаалттай мөн, арын спойлертой болсон. 16 инчийн хөнгөн цагаан ободтай, 195/55R16  сайн чанарын дугуйтай.

2005 оны 11 сард хойд гэрэл нь тунгалаг буюу өнгөгүй цагаан болсон ба  өмнө нь байсан DVD нь HDD болсон. 2007 оны 4 сард Prius үйлдвэрлэгдэж эхэлсний 10 жилийн ойд зориулан ″S 10th anniversary edition″ загвар худалдаанд гарчээ.

Prius ZVW30 (2009 оноос -)

Өмнөх загвараас бага зэрэг л томорсон ба агаарын эсэргүүцлийг бууруулахын тулд шалны доод хэсэг хаалттай болсон. Шатахуун зарцуулалтыг багасгасан учраас өмнө нь байсан 1.5 литрийн багтаамжтай 1NZ хөдөлгүүрийг ZR загварын 1.8 литрийн багтаамжтай 2ZR-FXE хөдөлгүүрээр, харин цахилгаан хөдөлгүүрийг 3JM болгон сайжруулсан.

Мөн хөргөлтийн систем нь цахилгаан усны насостай болсон Toyota-гийн анхны автомашин бөгөөд үүнийг тавьснаар энергийн алдагдлыг багасгасан байна. Энэ загвар нь дэлхийд хамгийн бага иддэг загвар буюу 100км-т 2.4 литр шатахуун иддэг. Өмнөх загварт тавьсан дэвшилтэт шинэ технологи, системүүд дээр нэмэгдээд дэлхийн хамгийн анхны мэдэрдэг гэрэлтэй дэлгэцтэй загвар болсон.

Дээврийн хойд хэсэгт нарны энерги хураах самбар байрлуулсан ба үүгээрээ машин дотор агаарыг хөргөдөг нарны зайн хөргөх систем, машины гаднаас агааржуулагчаа ажилуулах алсын удирдлагатай болсон нь мөн л дэлхийн хамгийн анхны дэвшилтэт технологи юм. ZVW30 нь дотроо хэд хэдэн хувилбар байдаг.

Өмнөх S болон G мөн шинээр үйлдвэрлэгдсэн L-ээс гадна дээд зэргийн Touring Selection гэсэн загварууд байдаг. L загварын онцлог нь бусад загваруудаасаа 30кг-аар хөнгөн болсон буюу нийт 1310 кг жинтэй. Мөн эко дугуй буюу GT3 дугуйтай. 100км-т 2.6 л шатахуун зарцуулдаг. S загвар нь хамгийн их зарагдсан загвар бөгөөд дугуй нь L загвараас том буюу 195 болсон. G загвар нь харьцангуй дээд зэргийн загвар бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасан ганган чамин загвар юм.

Tourning selection загвар нь 2 дахь загвараа бодвол хурд хүчний хувьд илүү бөгөөд Toyota-гийн гол брэнд болжээ. HID их гэрэл тавьсан ба, шалны доод хаалт, арын далавч гэх мэттэй болсноороо агаарын эсэргүүцлийг багасгаж өгсөн. 215/45R17 буюу 17 инчийн хайлшин ободтай. Маш олон дэвшилтэт технологийг өөртөө агуулсан загвар юм.

  • 2009 оны 10 сард Японы оны шилдэг машин шагнал
  • 2009 оны 11 сард Шилдэг загвартай машинаар тус тус шалгараад байгаа.
  • 2010 оны 9 сарын байдлаар эхний загвараасаа хойш нийт 2000000 ширхэг зарагдсан байсан.
  • 2010оны 10 сард Тoyota компани улсдаа 1000000 ширхэг Hybrid машин борлуулсныг тэмдэглэн S″LED edition, G″LED edition загваруудыг гаргахаа зарласан ба 2010 оны 11 сарын 1-ээс  худалдаанд гарна.