ГАЗРАА ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛААГҮЙ АВТО ЗАХУУДЫГ ХААЖ БАЙНА
Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор өчигдөр "Да хүрээ" авто захын арын "Мөнгөн хүлэг" техникийн захад Мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардах бичиг хүргүүлсэн байна. Энэ талаар холбогдох албанаас тодрууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын БОГУУХХ-ын байцаагч Г.Цэнд-Аюуш "Бид наймдугаар сарын 24-нөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт газраа зориулалтын дагуу ашиглаагүй автомашины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шаардах хуудас хүргүүлээд байна.
Энэ ажлынхаа хүрээнд өчигдөр "Мөнгөн хүлэг" захад шаардах хуудас хүргүүлсэн. Одоогийн байдлаар тус зах гаднах автомашины зогсоолоо бүрэн хааж, дотоод үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашид шаардах хуудас хүргүүлсэн бусад авто захууд тогтоосон хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол газрын эрхийг нь цуцлах арга хэмжээ авна" гэлээ.
Эх сурвалж: Ж.ХУЛАН, IKON.MN