ШИНЭ Ч БАЙ, ХУУЧИН Ч БАЙ... ТОГТМОЛ АРЧИЛГАА Л ХЭРЭГТЭЙ
Хуучин цагт унаж буй хүлгээр эзнийг нь шинждэг байсан гэлцдэг. Харин одоо үед автомашиныг нь хараад л хэр цэвэр цэмцгэр хүн болохыг нь мэдэж болно.
Үнэтэй машин унахдаа чухал биш юм аксентийг хүртэл цэвэрч нямбай аливаа зүйлд сайхан ханддаг хүмүүс цэмцгэрээр нь одоог хүртэл унасан хэвээрээ.
Дээр үед нэг ийм онигоо ярьдаг байсан. Эксель, Бенз хоёр мөргөлдөөд аль аль нь юу ч үгүй хэмхэрч гэнэ.
Тэгсэн Бензний эзэн гэж гартаа алтан цагтай, хүзүүндээ бүдүүн гинжтэй баян нөхөр гарч ирснээ “Өө яахав. Шинийг авчихъя” гэхэд нь Эксельний эзэн “Одоо яана даа, би энэ машинаа авах гэж олон жил мөнгө хуримтлуулсан шдээ” гэж уйлах шахан үглэхэд нөгөө баян “Чи өөрөө яах гэж ийм үнэтэй машин авсын?” гэж тайвшруулсан гэдэг.
Бэлэн авсан, лизингээр авсан нь ялгаагүй ээ таны л олон жилийн хөдөлмөрийн үр шим тэсвэр тэвчээрээр олддог гэж хэлж болно.
Ер нь шинэ машин ч гэсэн салоноос гарлаа л бол үнэ нь шууд унадаг. Дээр нь эд ангиуд нь ажиллагаандаа зүгшрээгүй байгаа. Харин хуучин машины бүх эд анги нь зүгширч, холхиод дассан байдаг давуу талтай юм шүү. Гэсэн ч машин худалдаж авна гэдэг маш хариуцлагатай ажил.
Мэдээж та хувьдаа засварын газар эсвэл сэлбэгийн дэлгүүргүй л бол сэлбэг тоноглол нь олдоц муутай ховор маркийн машин сонгоод хэрэггүй. Хамгийн түгээмэл маркийн машин авч гэм ээнэ сэлбэг нь элбэг, дурын засварын газар засуулчих боломжтой болно.
Өнөөдрийн байдлаар манай хуучин автомашины зах зээл дээр Prius 20, 11 болон 10, Nissan Xtrail, Mitsubishi Pajero, Toyota Mark 2, Toyota Corollа, Sonata 6, Toyota Crown, Toyota Harrier зэрэг автомашин борлуулалтаараа топ 10-ыг манлайлж явна.
За авах машинаа сонгочихлоо. Одоо яах вэ?
Хамгийн түрүүнд оношилгоонд оруул. Манай улсад үйл ажиллагаа тогтмол явуулдаг засварын газруудын явах эд ангийн оношилгоо, компьютер оношилгоо, улсын үзлэг оношилгоо гээд бүх төрлийн оношилгоо яг л ижилхэн үнэтэй. Эндээс машиныхаа “өвчин хууч”-ийг оношлуулчихвал нэгт дараа нь сэтгэлд сэвгүй, хоёрт үнэ тохиролцоход аятайхан шалтаг болно.
- Ялангуяа компьютер оношилгоо их чухал. Орчин үеийн машин олон төрлийн цахим системээр баялаг болсон.Хөдөлгүүр, кроп, тоормосны ABS систем, аюулгүйн дэр, батарей зэргийг компьютероор л оношилж мэднэ.
- Хоорондоо аалзны тор шиг сүлжээ үүсгэсэн утасны нэг нь л тасрахад аль нэг эд анги ажиллагаагүй болно гэсэн үг.
Автомашиндаа компьютероос гадна явах эд ангийн оношилгоо хийлгэсэн байхад гэмгүй.
- Үүнээс гадна амортизатор, өндгөн тулгуур, тоормосны систем, наклад, рулийн механизм гэх зэрэг эд ангиа, мөн ноцтой осолд орж байсан эсэхийг нь нягтлан үзүүлж, шалгуулаад авах хэрэгтэй.
Оношилгоонд ороод болчлоо. Одоо яах вэ? Нэн түрүүнд оношилгоогоор илэрсэн гэмтлээ засуулах нь юу юунаас илүү чухал учир тэр зардлуудаа төлбөрөөс хасах тал дээр ярилц.
- Ер нь хуучин автомашин хэдий “цэмбэгэр” байлаа ч эхний үед түүний арчилгаа, тордлогод их бага хэмжээний зардал зайлшгүй гарч л таарна.
Одоо машиндаа ямар зүйлс байгааг шалгацгаая. Арай ганц бахь ч үгүй явж байгаа юм биш биз? Гаднаас оруулж ирсэн хуучин тэрэг юм юмтай ирэх нь ч бий. Хуучин автомашин юм чинь юу ч үгүй л байж ч мэднэ. Тиймээс эхнээс нь шалгаад үз.
Машинд заавал байх ёстой зүйлийн жагсаалтад:
- Эмийн сан, галын хор, ослын гурвалжин ордог. Байхгүй бол худалдаж авах хэрэг гарах нь дээ. Үзлэгт ороход заавал шалгана.
- Дараа нь дугуй солих багаж, төхөөрөмж байгаа эсэхийг шалга. Домкрат, дугуйн торцов байна уу? Одоо үед дугуйн торцов илүү боловсронгуй, сонголт өргөнтэй болсон байгаа. Дугуй солиход гар доор байхад илүүдэхгүй.
- Дараа нь салон доторх тоноглолоо шалгаарай. Руль нь бүрээстэй байна уу? Өвлийн хүйтэнд гар бээрч ядаж байхад хүйтэн руль барихад тухгүй. Тиймээс бүрээстэй байвал зүгээр.
- Улмаар шалавчуудаа шалгачих. Резин шалавч, дээр нь хивсэнцэр байна уу? Аль аль нь элэгдээд цоорчихсон байх вий. Мөн танихгүй хүний олон жил хэрэглэсэн суудлын бүрээс, байх хэрэгтэй юу?
- Хуучин машинд бараг заавал сольдог зүйлийн нэг нь шил арчигч байдаг.
- Түүнчлэн машиндаа олон янзын төхөөрөмж, систем байна уу? GPS, смарт түлхүүр, ухрахын камер, дохиолол хамгаалалтын төрөл бүрийн системтэй байж болно.
- Тэгвэл үнэ нь бага зэрэг өндөр байхад буруудахгүй. Энэ мэтээр шалгаж үзээд өөрөө юу юу авах хэдэн төгрөг болох баримжаа авсан бол одоо яах вэ? Бүх асуудлаа та хоёр мэдэж байгаа одоо л үнээ ярилцдаг хэрэгдээ.