ШИНЭХЭН ТӨМӨР ХҮЛГИЙН ЭМЭЭЛ ХАЗААР

Морьтон Монголын ард түмэн бид эрт дээр үеэс хүлэг морио дээдлэн чамин хийц, загварлаг дизайнтай эмээл хазаар хэрэглэдэг байснаараа алдартай.

Сайн эрийн чимэг болсон хүлэг морио гангалан унах дуртай байсан нь эдүгээ ч бидний дунд хадгалагдан үлдсэн хэвээрээ. Орчин үед автомашинаа төмөр хүлэг хэмээн гангалан унах дуртай болсон нь үүний нэгэн нотолгоо болов уу?

Энэхүү нийтлэлд сонирхолтой мэдээлэл болон шинэхэн төмөр хүлэгт юу юу хэрэгтэй байдаг тухай зөвлөгөө мэдээллийг тусгалаа...

Алдарт Стив Жобс амьд ахуйдаа зөвхөн Mercedes-Benz SL 55 AMG маркийн улсын дугааргүй автомашин унадаг байв.

Калифорни мужийн хуулиар автомашин эзэмшигч нарт төмөр хүлгээ бүртгүүлэхэд хагас жилийн хугацаа өгдөг хуулийн цоорхойг ашиглан Стив нэгэн авто салонтой гэрээ байгуулж SL 55-аа хагас жил тутамд цоо шинээр сольж унах болжээ. Ингэх нь салонд ч бас ашигтай байсан аж. Стив Жобсын унаж байсан машин гэхээр шинэ машинаас илүү үнэ хүрдэг байсан гэлцдэг.

“Тэнгэрийн” хүмүүстэй харьцуулахад энгийн иргэдэд ингэж байн байн цоо шинэ машин авч солиод байх боломж байхгүй. Нэгэнт заавал будаг нь ханхалсан цоо шинэ машин авах зорилго тавьсан хүн олон жилийн турш хуруу хумсаа хуйхлан байж мөнгө хурааж хуримтлуулна.

Аргагүй ээ, автомашинтай болохыг хүсдэггүй эр хүн битгий хэл эмэгтэй хүн ч бараг байхгүй болсон цаг шүү дээ.

Нэг үеэ бодоход манайд алдарт брэндүүдийн албан ёсны дилер олон болжээ. Тэдгээрээс Toyota, Nissan, Mercedes-Benz, Kia, Hyundai зэрэг маркийн автомашин бусдаасаа өндөр борлуулалттай байж мэднэ.

Ер нь манайхан Ford, Volkswagen, BMW маркийн автомашинтай эртний танил. Бас сүүлийн үед залуучууд Renault, Porsche, Audi, Jaguar маркийн автомашин ихэд сонирхох болжээ. Хэрэв та мөрөөдлийн машиныхаа маркийг тодорхойлчихсон бол одоо тоноглолоо сонгоорой.

Эсвэл та цамхаг шиг том овортой, эрхэмсэг төрхтэй, iPad шиг нүнжигтэй том тольтой тохилог Nissan Patrol Y62 авахаар төлөвлөж сууна уу?

Савхин хийц, лаакан модон оруулга бүхий салон нь тансаг тавилгатай айлыг санагдуулах энэ дэгжин унааны үндсэн тоноглолд хөргөгч, халдаг толь, диодон их гэрэл, рульний савхин бүрээс, халдаг суудал, хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих олон төрлийн систем гээд тоочвол барагдхааргүй олон зүйл багтана. Ямар ч эрийн атаархлыг төрүүлж, шунал хөдөлгөж чадах сайхан амьтан даа!

Та тав тух, тохилог байдлыг тансаг чанартай хослуулах мөрөөдөлдөө хөтлөгдөн Volkswagen Passat авахыг хүсдэг үү?

Хурд хүч шүтдэг эр хүн бүрийн мөрөөдөл болсон энэ седан дөрвөн дугуйн хөтлөгчтэй, турботой, диодон болон галоген их гэрэлтэй. Бас толь нь халаагууртай, урд суудлын голд хөргөгчтэй гээд жижгэрүүлсэн Patrol л гэсэн үг. Нэмээд бүх загвар нь хүүхдийн суудал бэхэлдэг ISOFIX бүстэй.

Ингээд аль нь ч бай, нэг л өдөр таны мөрөөдөл биелж, та хүслэнт хүлгээ худалдан авчээ. Шил толь болсон салоноос гял цал хүлгээ унаад баяр хөөрөө нууж ядан гэр бүл, найз нөхдөөрөө мялаалгах гэж яарч явна уу? Тэгвэл та түр азна!

Юун түрүүнд шилэндээ гэрэл бууруулагч хальс наалгаад ав. Үүний дараа дугуйгаа шалга. Хэрэв та машинаа өвөл худалдаж авсан бол юун түрүүнд өвлийн дугуй худалдаж авч таарах байх. Зуны дугуйтай явж байгаад шарваад цоо шинэ машинаа гэмтээвэл яана!

Ингээд салоноос гарангуутаа банкаа дүүргээрэй. Шинэ машин гол төлөв ойролцоох ШТС хүрэх хэмжээний бензин, түлштэй ирдэг. Дараа нь мэдээж иж бүрэн сайхан угаалгаад ав. Ачилт тээвэрлэлтийн үеэр машин тоос шороонд нэлээд дарагдсан байдаг. Үүний дараа доод эд ангид зэвний эсрэг хамгаалалт түрхүүлэхэд илүүдэхгүй.

Машиныг маш богино хугацаанд хуучруулдаг дайсан бол зэв юм.

Хэрэв та нэмэлт тоноглолгүй автомашин авсан бол түүний хийцийг өөрчилж эвдэхгүйгээр шаардлагатай систем, төхөөрөмжийг нэмэлтээр суурилуулж болно. Мөн зарим нэг тоноглолыг нэмж худалдаж авч таарна.

Тухайлбал, картерийн таг, локер буюу дугуйн аркны хамгаалалт зэрэг тоноглол топ тоноглол биш л бол тэр бүр дагалдаж ирдэггүй. Резин шалавч, хивсэнцрээс өгсүүлээд ухрахын камер, хурд түгжигч, олон янзын датчик, дохиолол хамгаалалтын болон туслах төрлийн системүүд мөн адил. Энэ бүхнийг та өөрөө нэмж суурилуулж таарна.

За тэгээд машинд галын хор, эмийн сан, ослын гурвалжин заавал байх ёстой. Машин цэвэрлэх сэгсгэр алчуураа бас мартаж болохгүй.

Салоноо үргэлж цэвэрхэн авч явахын тулд суудлын бүрээстэй, шалавч хивсэнцэртэй болгож л таарна. Хэрэв машинаа зун авч байгаа бол радиаторын гадна талд элдэв шавж, модны хөвөнгөөс хамгаалах тор бушуухан хийлгүүлэх хэрэгцээ тулгарна.

Энэ тор бас жижиг хайрга чулуу, нарийн элс шигэхээс тодорхой хэмжээгээр сэргийлж чаддаг. Эхний ээлжинд эдгээр зүйлээ авч хийлгүүлээд, салондоо сайхан үнэртэн анхилуулаад явж байхад болно. Үүнээс цааш авах тоноглолууд зөвхөн таны сонирхлоос шалтгаална.

Шинэ машинтай болсон жолооч нарт нийтлэг нэг дутагдал бий. Тэр нь анхны шатны үзлэгийг орхигдуулдаг явдал юм. 1500 орчим км гүйлтийн дараа салондоо буцаж очоод машинаа шалгуулчих хэрэгтэй.

Учир нь шинэ машины эд ангиуд зүгшрээгүй, холхионд дасаагүй байдаг тул баталгаат хугацаа дуусахаас өмнө зарим жижиг эд анги элэгдэх, засуулах шаардлагатай болсон байхыг үгүйсгэх аргагүй.

Тиймээс энэ бүхнээ шалгуулж засварлуулаад, шаардлагатай бол тос масло бусад шингэнээ сэлбүүлээд авах нь чухал юм шүү.