PCV КЛАПАН, PCV-НЫ ЗОРИУЛАЛТ, ЭЛЭГДЛИЙН ШИНЖ ТЭМДЭГ
PCV клапан нь хөдөлгүүрээс гарч буй хорт бодисыг гадагш гаргахгүй байх зориулалттай. Мөн PCV нь хөдөлгүүрийн картерд илүүдэл даралт үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй бөгөөд хөдөлгүүрийн тосыг цэвэр байхад тус дэмтэй байдаг. Монголоор түүнийг агаарын даралт тохируулах хавхлага гэж нэрлэх нь бий.
PCV клапан нь хөдөлгүүрийн крышканы хэсэгт байрлана. Клапан нь сорох хоолой эсвэл коллекторт холбогдоно.
PCV клапны ажиллагаа
Хөдөлгүүр ажиллах явцад шатсан хий нь цилиндрийн кольцоор шүүрч хөдөлгүүрийн блок руу орчихдог. Ийм илүүдэл хийг хянаж байхгүй бол хөдөлгүүрийг гэмтээх аюултай байдаг. Мөн орчинд хортой нөлөөтэй тул агаар руу гадагшлуулж болохгүй.
PCV клапаны дотор пүрштэй бүлүүр хийгдсэн байдаг энэ нь блоконд орж ирсэн илүүдэл хийг буцааж хөдөлгүүр рүү оруулах үүрэгтэй. Илүүдэл хий хөдөлгүүрийн цилиндрт шатаж гадагшилна.
Хөдөлгүүрийн ажиллагаанаас шалтгаалж клапаны бүлүүр хэд хэдэн горимд ажиллана:
- Хаазлах болон хөдөлгүүрийн хамгийн их ачаалалтай үед: Бүлүүрийн пүрш агшиж PCV клапанаар илүүдэл хий дамжиж хөдөлгүүр рүү буцааж орно. Илүүдэл хий хэт ихсэж PCV клапан нь ачааллаа дийлэхээ болих үед илүүдлийг хөдөлгүүрийн агаар шүүх хэсэг рүү шууд гаргадаг. Ингэснээр агаарын шүүрэнд тосны толбо үүснэ гэхдээ энэ нь тийм ч их хор нөлөөгүй.
- Хөдөлгүүр нормальдах үед: Хөдөлгүүр нормальдах үед коллектор хаалттай байдаг бөгөөд их хэмжээний вакуум орчин үүсдэг. Энэ үед PCV клапан нь хэсэгчлэн нээгддэг. Нормальдах үед илүүдэл хий ихээр үүсдэггүй.
- Гал эртсэх: Эртсэх тэсрэлт үүсэх үед PCV клапан нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Очлуур нь цилиндр доторх шатахууны холимгийг хугацаанаас түрүүлж ноцоосон тохиолдолд сорох хоолойд илүүдэл даралт үүсдэг. Энэ үед PCV клапан хаагдаж тэсрэлтийн галыг картер руу орохоос урьдчилан сэргийлнэ.
PCV клапаны элэгдсэний шинж тэмдгүүд:
PCV клапан муудсаны хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг:
- Хөдөлгүүр доголдолтой нормальдах эсвэл асахгүй байх: PCV клапаны бүлүүр элэгдэж байнга нээлттэй болсон тохиолдолд хөдөлгүүр рүү илүүдэл агаар ихээр нэвтрэн орж агаар шатахууны хольцыг ядууруулж хөдөлгүүр асахгүй эсвэл доголдолтой нормальдахад хүргэдэг.
- Хөдөлгүүрийн CHECK ENGINE гэрэл асах: PCM буюу powertrain control модуль нь хөдөлгүүрийн агаар шатахууны хольцыг хянаж байдаг. Элэгдсэн PCV клапан нь ядуу эсвэл баяжсан агаар шатахууны хольцыг үүсгэхэд PCM нь хөдөлгүүрийн CHECK ENGINE гэрлийг асаадаг.
- Тос гоожиж эхлэх: PCV клапан нь картерын даралтыг бууруулах үүрэгтэй байдаг. PCV клапан нь бохирдож хаагдсан тохиолдолд картерд илүүдэл даралт үүссэний улмаас сальник болон жийргэвчээр тос нэвчиж эхэлдэг. Агаарын систем рүү ч гэсэн тос орж эхэлнэ.
- Наалданги, бохирдол үүсэх: PCV клапан элэгдсэн тохиолдолд илүүдэл хий нь хөдөлгүүрийн тостой холилдож бохир наалданги үүсгэж эхэлдэг. Бохир наалданги нь хөдөлгүүрийг гэмтээх аюултай тул PCV клапаны ажиллагаанд шалгаж байх шаардлагатай.
- Шатахууны зарцуулалт нэмэгдэх: Наалданги болж бохирдсон PCV клапан нь хэт баяжсан агаар шатахууны хольцыг бий болгож хөдөлгүүрийн идэлтийг ихэсгэдэг.
- Автомашин хурд авахгүй байх, доголдолтой нормальдах: Бохирдсоны улмаас PCV клапан нь нээгдэж гацдаг. Ингэснээр их хэмжээний агаар хөдөлгүүрт орж агаар шатахууны хольцыг хэт ядууруулна. Энэ нь хааз авахгүй байх , хөдөлгүүр догодолтой нормальдахад хүргэдэг.
Асуудлыг хэрхэн шийдэх вэ:
Эвдрэлтэй PCV клапаныг шинээр сольж тавих шаардлагатай. Шинийг хуучнаар сольж тавихад тийм ч хүндрэлтэй биш бөгөөд Та өрөө ч сольж тавьчихач болно.
Гэхдээ зарим хөдөлгүүрт PCV клапан нь крышкатай хамт суурилагдсан байдаг. Энэ тохиолдолд мэргэжлийн механикчаар үйлчилгээ хийлгээрэй гэж бид зөвлөж байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn