ӨВӨЛ МАШИНАА ХААНА ХОНУУЛАХ ВЭ?
Монголын хүйтэн өвөлд машинаа хэрхэн хонуулах вэ? гээд бүгд л толгойгоо гашилгаж суугаа байх, хэд хэдэн аргууд байгааг хамтдаа ярилцъя. Доор дурдсанаас илүү юм уу энд байхгүй арга байвал бичээрэй уншигчдаа.
Машинаа тэр чигт нь задгай хонуулах
Ингэхийн тулд мэдээж аккумулятораа өвлийн сайн аккумулятороор солих, хөргөлтийн шингэнийг мөн л хөлддөггүй шингэнээр солих хэрэгтэй. Нэмээд свэчэг сайжруулах шаардлагатай.
Ямар нэг доголдолтой машин асахгүй нь ойлгомжтой. Ийм тохиолдолд -25 градус хүртэл гайгүй асаад байна. Түүнээс хүйтэнд өдөр болгон унаад оройхон тавьдаг машин уналгүй хоёр гурав хонуулахад бол ер нь хэцүү болно гэсэн үг.
Дээрх бүгдийг хийгээд тоосгон юм уу бетон гараашид тавих
Энэ нь бидний хамгийн хялбар арга. Мэдээж гараашийн хаалгаа доторлож, зай завсрыг тагласнаар нэлээн хэд хоног тавихад машин асна. Гадаа -30 байхад гараашид -15 орчим л байна. Машин бол зовлонгүй асах ба суудал жаахан хүйтэн байх байх шүү. Та өөртөө ийм гарааштай бол бараг зарлагагүй гэсэн үг. Харин түрээсээр хэрэглэвэл дулаан гараашид тавьснаас хямд юм. Мөн дуртай цагтаа машинаа гаргаж болно.
Дулаан гараашид тавих
Өөртөө байрныхаа доороо дулаан гарааштай бол бүх юм ок. Харин түрээслэх бол яах вэ. Мэдээж өвлийн техникийн үйлчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Өдрийн цагаар машин чинь гадаа байна шүү дээ. Хотын төвд бол дулаан гарааш үнэтэй, тэгээд бөөнөөр нь мөнгийг нь авна гэнэ. Дээрээс нь өглөө эрт авах болно. Яагаад гэвэл нийтийнх шүү дээ. Эсвэл таныг эрт гарах гэтэл хэн нэгэн нь хаагаад тавьсан байна. Тэгээд л үргэлж эрт босож амралтын өдөр ч тайван унтах хэцүү байна даа. Ганц сайхан нь гарахад машин дулаан байна.
Хучиж хонуулах
Сүүлийн хэдэн жилд нэлээн хүчээ авч байгаа арга. Гэхдээ л бас өөрийн гэсэн зовлонтой. Хучлагаа хийлгэхэд хэдэн төгрөг нэг удаа зарна. Тэгээд хучлагаа байнга тээж явах шаардлагатай болно. За яахав гаднаа харуултай байрныхан бол эвхээд орхиод явчиж болдог юм билээ. Тийм биш бол ил зогсоолд тавихгүй л бол хучлагыг чинь нэг шөнө л хуу татаад аваад явна шүү дээ.
Машин асахын хувьд бол гадаа ил байснаас дээр асаад байна. Гэхдээ хучлага доогуураа салхи орохооргүй хучиж байх хэрэгтэй.
Зарим машины хучлага богинодоод доогуураа салхи орохоор хийсэн байдаг. Ер нь хучлага дээрээ машиныхаа дугаарыг томоор оёулчихвал арай алдаад байх нь гайгүй байж магад. Суудлын тэргийг хучихад хялбар боловч дунд зэргийн жийпүүдийг хучих нь нуруу, болон хүч шаардаж эхэлнэ. Эмэгтэй хүнд бол хэцүү л ажил. Бүр том Ланд мэт бол бүүр хэцүү, бараг л хоёулаа байх хэрэгтэй болно. Дээр нь хувцас хунар заваарах нь ойлгомжтой шүү дээ.
Асаалтын системтэй дохиолол тавиулах
Сүүлийн үед дохиолол тавиулах нь элбэг болжээ. Дохиолол нь дотроо асаалтын системтэй болон энгийн хамгаалах үүрэгтэй гэж хоёр төрөл байна. Та асаалтын системтэй дохиоллыг сонговол өвлийн хүйтэнд ажрахгүй байж болно. Гэхдээ энд бага зэрэг тооцоог өөрсдөө хийгээд үзэх хэрэгтэй.
Дулаан гараашид тавивал хэд болох уу, үе үе асаагаад хоновол хэдэн төгрөгийн бензин зарах уу гээд. Дээрээс нь хучлага хучих ажлаас чөлөөлөгдөнө, хувцас заваарахгүй гээд олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Дохиолол нь жолооч өөрөө асаадаг ба тогтмол хугацаагаар асаадаг гээд үндсэн 2 функцтэй, илүү үнэтэй дохиололд температур мэдэрч асаадаг функц бий.
Тийм бол бүр сайн. Асаалтын хооронд дахь хугацаа болон асах минутыг өөрөө сонгож тохируулна. Мөн паарныхаа сэнсийг хүчтэйхэн үлээдэг дээр нь тавьбал салон давхар дулаан байх болно. Зөвхөн хотод ч биш хөдөө хээр явахдаа ашиглаж болох юм.
Үнийн хувьд 300 мянгаас дээш байж магадгүй. Зун цагт бол эйркондишнийг ажиллуулахад хэрэглэх боломжтой. Гэвч сүүлийн үеийн түлхүүргүй системтэй машинд тавихад хүндрэлтэй байгаа, учир нь машины түлхүүр буюу удирдлага нь ойр байхгүй бол машин асахгүй байдаг.
Халаалтын төхөөрөмж тавиулах
За энэ төхөөрөмж бол таны машины хөдөлгүүрийг ажиллуулахгүйгээр радиаторын усыг чинь халаагаад байна гэсэн үг, нэг ёсондоо халуун тогоо юм. Таны банкин дахь бензинээс сорон авч ажиллана. Зөвхөн өглөө явахаасаа өмнө халаагаад байдаг хүн бол 7 хоногт литр орчим бензин зарцуулдаг гэж яриад байгаа. Энэ төхөөрөмжийн үнэ 3 сая төгрөг орчим тэгэхээр их үнэтэй машинуудад л таарах юм билээ. Нөгөө талаар түлхүүргүй асдаг машинд тохиромжтой юм.
Дэлхий дээр ганц компани ийм төхөөрөмж хийдэг ба Webasto гэж нэрлэдэг. Өөр байгаа бол тэр нь дуураймал, эсвэл хуулбар гэсэн үг. Яг оригиналыг нь авч, мэргэжлийн хүнээр тавиулахгүй бол таны машиныг шатааж ч магадгүй.