НАЛАЙХЫН ЗАМЫГ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НААС ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗУРАГЛАЛ ГАРСАН БАЙНА
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон билээ.
Замын хөдөлгөөн хаагдахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болжээ. Хүнд даацын ачааны автомашин болон автобуснууд Зуунмодын замаар, бусад нь түр замаар зорчихоор зохицуулалт хийсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.
Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.
Бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.
Тээврийн цагдаагийн албанаас авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай болох юм.
Эх сурвалж: ikon.mn