ZVW30 КЛУБ

Сайн байцгаана уу, намайг О.Хангарьд гэдэг “ZVW30” клубийн үүсгэн байгуулагч

Манай клуб 2015.12.22-ны өдөр анх 17 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 120 үндсэн гишүүн, 10,000 гаруй дагагч гишүүдтэй “ЗӨВ-30” ТББ нэрийн доор үйл ажиллагаа явуулж байна.

Клубын гишүүд бид автомашиныхаа арчилгаа, сэлбэг эд анги, нэмэлт тоноглолын талаар мэдээллээ хуваалцаж нэг нэгэндээ зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, туршлага солилцохын зэрэгцээ чөлөөт цагаа гэр бүлийн хэмжээнд эрүүл орчинд, зөв боловсон өнгөрүүлж, сэтгэл зүрхээрээ нэгдсэн нэгэн баг хамт олон болж чаджээ.

2018 онд бид авто тюнинг дэмждэг Prius Tuning Mongolia, Hawks Tuning, MGL Lords Group, Smoke Club, Zero Gravity, Mongolian Celice Crew, Vilss клубтэй хамтран “UB TUNING MAY” авто тюнинг шоу зохион байгуулж тус шоунд 8 клубын 50 машин танилцуулагдаж 700 гаруй хүн ирж үзсэн байдаг.

Манай клуб нь байгуулагдсан цагаасаа сайн үйлсийн аянд нэгдэж, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд болон өндөр настай ахмад иргэдэд туслах олон үйл ажиллагаа явуулсаар өдгөө 4 жилийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд нийт 15 сайн үйлсийн аян зохион байгуулжээ.

Анх Монголын Пажеро клуб, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран цасанд боогдсон иргэдэд халуун хоол, цай дөхүүлэн өгч тусламжийн аянд нэгдэж байсан.

Мөн бид жил бүр идэр есийн хүйтэнд халуунд халж, хүйтэнд хөрж ард иргэдийнхээ энхийн манаанд зогсдог Замын цагдаа болон ТҮК-ийн ажилчидад халуун аарц, чацарганаар талархсан сэтгэлээ илэрхийлдэг уламжлалтай.

Манай клуб бяцхан дүү нараа баярлуулж, тэдний ирээдүйн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, 2016 онд өрх толгойлсон 4 хүүхэдтэй ээж, 2018 онд 2 ээжид тусалж сэтгэлийн дэм болгон Сар шинийн бэлтгэлийг нь хангаж тусалсан бол Хүүхдийн баярт зориулан СХД-ийн “Эрдэм” төвийн асрамжийн газрын хүүхдүүдийг нэг өдрийн турш баярлуулах хөтөлбөр, Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд туслах, БЗД- ийн 10-р хорооны 1-р ангид орох 50 хүүхдэд хичээлийн хэрэгслийг бэлдэж өгөх “Сэтгэлийн дэм” аян, СХД-ийн Онцгой байдлын Гал түймэр унтраах 26-р ангийн албанд 50 ширхэг мод суулгах өдөрлөг, ЧД Замын цагдаатай хамтран автомашинд зорчиж буй хүүхдүүдэд 100 бэлэг тараах зэрэг сайхан арга хэмжээг зохион байгуулжээ.

Бид гоё ганган машинаар ижилсэхээс илүүтэй нийгэмдээ, залууст ЗӨВ үлгэр дууриал болж бяцхан дүү нарынхаа төлөө ЗӨВ зүйлс хийж тэдний төлөө цохилох зүрхтэй, хийж бүтээх эрч хүчтэй эерэг залуусын клуб байх болно. Та ч гэсэн бидэнтэй нэгдэж болно шүү.

Бид нэгэн гэр бүл. Хүүхэд-Бидний ирээдүй. Хүүхдийн сайн сайхны төлөө бид сэтгэл зүрхээ зориулах болно.