PRIUS АВТОМАТ КРОП - ИТГЭЛТ АНД
Зарим жолооч Prius-ийг энгийн кроптой зарим нь ECVT кроптой гэж ярьдаг. Үүнд товчхон тайлбар дайя. Prius-т суурилуулсан CVT-г PSD (Power-Split Device) буюу хүч хуваарилах төхөөрөмж гэж нэрлэдэг.
Энэхүү PSD-г дагуул араат механизм дээр бүтээсэн бөгөөд уг механизмийн наран арааг генератортай, хөтлөгч буюу дагуул арааг дотоод шаталтат хөдөлгүүртэй, харин титэм арааг цахилгаан мотор болон дугуйтай холбосон байдаг. Улмаар энэ систем хүчний урсгалыг чиглэл бүрт зугуухан хуваарилж эхэлнэ. Үүний ачаар машиныг эхлээд зөвхөн цахилгаан мотороор асааж, хөдлөөд эхлэхэд нь дотоод шаталтын хөдөлгүүр оролцох боломжтой болгосон.
Энэ бүх үйл явцыг хайбрид системийн контроллер удирддаг. Prius-ийн кропт дагуул араат механизм ашигласнаар автомашин хөдөлгөөнд дуу чимээгүй оролцох боломжтой болсон. Хэрэв та анзаарсан бол хурд өсөхийн хэрээр хөдөлгүүрийн дуу чангардаггүй, нэгэн жигд дуутай байдаг нь ийм учиртай. Түүнчлэн уг кроп авсаархан, урт настай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай бат бөх эд ангиас гадна шатахуун зарцуулга болон хорт утаа ялгарлыг эрс багасгах, шатахууныг мэдэгдэхүйц хэмнэхэд хувь нэмрээ оруулдаг.
Гэхдээ хэт өндөр ачаалалд тэсвэр сул. Prius-ийн кроп нь хөдөлгүүр болон цахилгаан эд ангитай нягт ажилладаг учир тэдгээрийг зөв арчлах нь эргээд кроптоо сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ноцтой гэмтвэл бүтнээр нь солихоос аргагүйд хүрдэг.
Хэмнэлтийн хааны кропны зөв ашиглалттай холбоотой чухал хэдэн зөвлөгөөг танд хүргэе.
- Prius шинээр худалдан авах гэж байвал юуны өмнө хөдөлгүүр, явах анги, цахилгаан системийн бүрэн оношилгоонд оруулахыг зөвлөе. Ялангуяа кропны ажиллагааг компьютерээр нарийн оношилбол далд гэмтлийг илрүүлнэ.
- Кропны тосоо хугацаанд нь солиулж хэвшээрэй. Хөдөө гадаа их явдаг бол кропны тосыг 15,000-20,000км тутамд, хотод унадаг бол 25,000км тутамд мэргэжлийн газар солиулах нь ашиглалтын хугацааг уртасгана.
- Хүйтэнд машинаа аль болох дулаан гаражид хонуулаарай. Prius-ийн кроп хүйтнээс ажирдаггүй гэж хэлж болно. Гэхдээ өвөлжин гадаа хонуулаад байвал кропны сальник, резин эд ангиудын ашиглалтын хугацаа багасахаас гадна бензин идэлт огцом нэмэгддэг.
- Гарын авлага ном дээр заасан зориулалтынх тос хийгээрэй. Стандартын бус тос хийх, хэт удаан хугацаанд хуучин тостой явж болохгүй. Pruis-ийн кроп хэдий бат бөх ч гэлээ муу тосонд мэдрэмтгий.
- Prius-ээр машин чирэх нь хориотой. Учир нь кроп өндөр ачаалалд тэсвэр бага. Хэрэв та зайлшгүй шаардлагаар Prius-ээ чирүүлэх бол 12В аккумулятор болон араагаа салгаад хурдаа 30 км/ц-аас хэтрүүлэлгүй, бас 30 минут тутамд амрааж чирүүлээрэй.
- Өвөл гадаа хонуулсан бол асаасан даруйдаа хөдөлгөөн эхлүүлэхийг хориглоно. Хөдөлгүүр халах зуур бээрсэн кроп бас гэсдэг тул хөдөлгүүрээ 2-5 минут халаасаны дараа хөдөлгөөнд орж байхыг зөвлөе.
- Хөдөлгүүр кропны хэсгээс элдэв чимээ гарах үед мэргэжлийн газрыг яаралтай зорь. Хэдий чинээ эрт оношилуулж засуулна, төдий чинээ эвдрэл бага гарахыг анхаар.
- Кропны тосны түвшинг өвөл зуны үйлчилгээ хийлгэх бүртээ заавал шалгуул. Хэрэв бага зэрэг л хөлөрсөн шинж ажиглагдвал тосны түвшин багассаныг мэдэлгүй давхиулсар кропоо бүтнээр нь солих нөхцөл үүсч болзошгүйг анхаараарай.
Эх сурвалж: Доктор Авто Сүлжээгээс эрхлэн гаргасан Prius сэтгүүлээс