Г.ЖҮГДЭРГАРАВ: “ДОКТОР АВТО СҮЛЖЭЭ” КОМПАНИЙН ЭХНИЙ ФРАНЧАЙЗ САЛБАР МАРГААШ ЗАМЫН-ҮҮДЭД АЛБАН ЁСООР НЭЭГДЭНЭ

Монголын автын салбарын компаниудын нэг “Доктор авто сүлжээ” ХХК өөрсдийн бизнесийг санал болгох франчайзингийн хөтөлбөрөө зарлаад буй билээ.

Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн эхний франчайз салбар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээгдэхэд бэлэн болжээ.

Үүнтэй холбоотойгоор “Доктор авто сүлжээ” ХХК-ийн Франчайз төсөл хөтөлбөр хариуцсан захирал Г.Жүгдэргаравтай ярилцлаа.

-“Доктор авто сүлжээ” ХХК-ийн анхны франчайз салбар Замын-Үүдэд нээгдэх гэж байна. Тус төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- "Доктор авто сүлжээ" компани өөрийн франчайзинг хөтөлбөрөө 2019 оны аравдугаар сарын 23-ны өдөр олон нийтэд нээлттэй зарласан. Одоо ч хөтөлбөр үргэлжилсээр байна.

Бид Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Европын Холбоотой хамтарсан төслөөр өөрийн франчайзингийг нэвтрүүлж байгаа.

Анх франчайзингийн төслөө эхлүүлэхдээ Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтарч олон улсад туршлага, ур чадвараараа танигдсан мэргэжилтнүүдийг урьж жил гаруйн хугацаанд хөтөлбөрөө бэлдэж байв.

Тиймээс юун түрүүнд, "Доктор авто сүлжээ" компанийн 20 гаруй жилийн хөдөлмөрийг дэмжиж, энэ төслийг хэрэгжүүлж, амжилттай болоход туслалцаа үзүүлсэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Европын Холбоо болон бидэнд итгэж хамгийн эхний франчайзингийг авсан салбаруудын эздэд талархлаа илэрхийлмээр байна.

-Одоогоор хэчнээн хүн "Доктор авто сүлжээ" ХХК-ийн франчайзингийг авч, ойрын хугацаанд салбараа нээхээр болоод байна вэ?

-Анх бид франчайзинг хөтөлбөрөө зарлахад маш олон хүн сонирхож, танилцуулгын нээлттэй өдөрлөгт 360 гаруй хүн сонирхон ирж байсан. 

Тэр үеэр хамгийн эхний гурван гэрээнд гарын үсэг зурснаар Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Хөвсгөл аймаг зэрэг байршилд Доктор авто сүлжээний франчайз салбарыг байгуулах боломж бий болсон. 

Гэрээнд тусгагдсаны дагуу хамгийн эхний франчайз салбар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд маргааш буюу есдүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор нээлтээ зарлана. 

Мөн удахгүй аравдугаар сарын 1-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод дараагийн франчайз салбар маань нээлтээ хийнэ. Энэ онд "Доктор авто сүлжээ" компанийн хоёр франчайз салбар орон нутагт нээгдэнэ гэсэн үг. 

Харин гэрээ нь баталгаажсан гурав дахь салбар 2021 онд зургаадугаар сарын 1-нд нээгдэх юм. 

Манай хөтөлбөрийн хүрээнд "Доктор авто сүлжээ" компанийн франчайзингийг аваад Монгол орны аль ч аймагт үйл ажиллагаа явуулах боломжтой. Цаашид ер нь бид франчайзинг хөтөлбөрөөрөө бүх аймагт, орон нутагт салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. 

-Доктор авто сүлжээгээр жилд хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ. Франчайзинг хөтөлбөрийн хүрээнд орон нутагт салбаруудаа нээх нь нэг талаар хэрэглэгчиддээ илүү хүрч ажиллах төлөвлөгөө болж байгаа хэрэг үү? 

- Тэгж ойлгож болно. Доктор авто сүлжээнээс жилд давтагдсан тоогоор 500 мянга гаруй хэрэглэгч тогтмол үйлчилгээ авдаг. 

Бид одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод бизнес салбараар үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад аймагт манай салбар байдаггүй учраас үйлчлүүлэгчид маань орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж ирэх тохиолдол цөөнгүй гардаг. 

Тиймээс ч үйлчлүүлэгчдээс "Доктор авто сүлжээ" компанийг аймгуудад салбараа нээж өгөөч гэсэн хүсэлт, санал олон ирдэг байсан. 

Харин одоо заавал биднийг тухайн орон нутагт салбараа нээ гэлгүйгээр үйлчлүүлэгчид маань өөрсдөө ч "доктор" болох боломж бий болсон байна. 

Хөтөлбөрийн маань хамгийн эхний Замын-Үүд дэх салбар маань нээлтээ хийсний дараа хүмүүс манай франчайзингийг авч, бусад аймгуудад нээх боломжтойг илүү бодитоор хүлээн авч, нүдээрээ харж, дүгнэх байх гэж бодож байна. 

Сонирхож байгаа хүмүүс бидний яриаг мянга сонсохоор, франчайзингийг аваад үйл ажиллагаагаа явуулж буй салбарыг очиж үзээд, өөртөө ч бас боломж байгааг олж хараасай. 

Доктор авто сүлжээний Замын-Үүд дэх франчайз салбар:

-“Доктор авто сүлжээ” компанийн франчайзингийн давуу тал, боломжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Франчайзинг гэдэг нь өөрийнхөө бизнесийг өөр нэг этгээдэд шууд шилжүүлж өгч байгаа хэлбэр. 

“Доктор Авто Сүлжээ” компанийн хувьд, анх 1999 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр бүхий л бизнесийн процессоо нэгдсэн форматын дагуу олон улсын жишигт нийцүүлэн мөрдөн ажиллаж байна. Тиймээс манай франчайзингийг аваад, үйл ажиллагаа явуулахад алдаа, эндэгдэл бараг гарахгүй. 

Өөрөөр хэлбэл, 20 гаруй жил туршигдаж зах зээлд аль хэдийнээ танигдчихсан, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн "Доктор авто сүлжээ" гэх брэнд моделийг аваад шууд ашиглах боломжтой нь франчайзингийн өөрийнх нь хамгийн том давуу тал. 

Түүнээс гадна, ямар ч бизнес эхлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болдог. Гэхдээ тэр хөрөнгөө хүн бүр өөрөөсөө шууд гаргах боломж хомс. 

Тиймээс Европын сэргээн босголтын банк, ХААН Банк, "Доктор авто сүлжээ" ХХК нэгдэн шинэ хөтөлбөр бий болгож, франчайзинг авах гэж байгаа хүмүүстээ санал болгож байгаа. 

Өөрөөр хэлбэл, манай франчайзингийг авч байгаа хүн нийт оруулж буй хөрөнгө оруулалтынхаа 30 хувийг л өөрөөсөө санхүүжүүлж, үлдсэн 70 хувийг Хаан банкны урт хугацааны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой. 

Мөн бид шинээр франчайзинг эзэмшигчийн үйл ажиллагааг жигдэртэл менежментийн талаас нь дэмжлэг үзүүлэх, шинээр бизнес эхлүүлж байгаа хүнээ сургалтын арга зүйгээр хангах зэргээр хамтран ажилладаг. 

-Франчайз салбар болон үндсэн салбарын үйлчилгээний чанар адилхан байх уу? 

-Тэгэлгүй яах вэ. “Доктор авто сүлжээ” компанийн франчайзинг салбар бидэнтэй яг л нэг системээр ажиллах учир үйлчилгээний чанар ч мөн адилхан байх болно. 

Манайхаас улирал бүр, сар бүр өөрийн гэсэн маркетингийн эвэнт, үйлчлүүлэгчид рүүгээ чиглэсэн урамшуулалт хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Тэдгээр хөтөлбөрүүд ч гэсэн франчайзинг салбарт адилхан хэрэгжинэ гэдгийг хэлэхэд таатай байна. 

Ер нь төвөөс удирдлагатай нэг маркетингийн зар сурталчилгаа явагдана. Мөн тухайн салбар орон нутгийн онцлогт нь тохируулсан арга хэмжээ давхар хийж, хэрэгжүүлнэ. 

-Та бүхэн өөрсдийн франчайзингаа цаашид хэрхэн хөгжүүлэхээр зорьж байгаа вэ. Мэдээж энэ хөтөлбөр Монголын 21 аймгаар хязгаарлагдахгүй байх. Тийм үү? 

-Бид цаашид франчайзингийнхаа хөгжлийг зөвхөн Монголд бус олон улс руу гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг нь энэ оны долдугаар сараас “Доктор авто сүлжээ” компани өөрийн франчайзингаа Казахстан улсад гаргах бэлтгэл ажил хийгдэх ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон. 

Гэхдээ ирэх оны долдугаар сар гэхэд бид Казахстан улсад өөрийн Доктор авто сүлжээний салбарыг байгуулах төлөвлөгөөтэй байна. 

Одоогоор тус улсад туршилтаар манай "ZigZag" суудлын бүрээсний үйлдвэр амжилттай ажиллаж байна. Ер нь "Доктор авто сүлжээ" ХХК өөрийн франчайзинг моделио Узбекистан, Киргизтан, Камбож зэрэг улсад гаргах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.