S-CLASS PULLMAN-ТЭЙ ИЖИЛ ЗАГВАРЫГ ARES ATELIER САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Тюнингийн Ares Atelier компани Mercedes-Benz S Class XXL загварыг танилцуулахаар бэлтгээд байна. Ирэх 3 сард Женевийн мотор шоунд Мерседес-Бенз Pullman загварыг танилцуулахтай зэрэгцээд тэд өөрсдийн бүтээлийг танилцуулах бөгөөд энгийн S-Class-ийг уртасгаж шинэ бүтээлээ бий болгосон аж. Уртасгахын сацуу кузовын бат бөхийг илүү сайжруулж, карбон файбер бодикит ашигласан төдигүй хуягласан загвартаа 6мм зузаан сумны хамгаалалттай шил, сайжруулсан хурдны хайрцаг, тоормоз, 21 инчийн обуд зэргийг хийж өгсөн байна.
Салоны хувьд өөд өөдөөсөө харах суудлуудтай, Nappa төрлийн арьсан хийцтэй салон, хөргөгч, 17 инчийн удирдлагийн дэлгэц, iPad, Wi-Fi, сайжруулсан дууны систем зэрэгтэй. Нэмэлт төлбөр төлснөөр хуягласан загварт тэсрэх бөмбөг илрүүлэгч суурилуулах боломжтой аж.
Одоогийн байдлаар хөдөлгүүрийг хэр хүчтэй болгосон нь тодорхой бус байгаа бөгөөд S600-ийн V12 6.0 литрийн твин-турбо хөдөлгүүрээс илүү морины хүч гарна гэсэн юм. Ингэснээр 100 км/ц хурдыг 4.8 секундэд авч 250 км/ц хурдлах боломжтой болжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn