АККУМУЛЯТОР СОЛИХОД АНХААРАХ ЗҮЙЛС №164
Аккумулятор муудаад ирэхээр машины асалт муудах, хөгжим сонсох, жижиг гэрлээ асаах төдийд л цэнэгээ алдаад суугаад байдаг. Сүүлдээ дан ганц хөдөлгүүрээ асаахад нөөцлөн хадгалан гамнадаг. Ингэж явах нь төвөгтэй байдаг. Аккумулятор муудсан үед юуны түрүүнд түүний шингэний түвшинг шалгах хэрэгтэй.
Аль нэг банкны шингэний түвшин доод хязгаараас доошилсон бол цэнэг дамжуулахгүй болж эхэлдэг. Ийм үед шингэн нэмэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэвч сүүлийн үеийн аккумуляторууд дээд талыг нь битүү хийх болсон байна.
- Энэ нь ахин сэргээхгүйгээр шууд шинийг авч тавь гэсэн үг юм. Хэрэв дээрээ тагтай бол тийм аккумуляторт дундарсан үед нь нэрмэл ус хийгээд яваад байвал нилээн хэдэн жил давгүй явчихна.
- Аккумуляторыг солихдоо эхлээд заавал хасах туйлыг эхлээд салгана. Эхлээд нэмэх туйлыг салгахаар эргүүлэх үед богино холболт үүсэж цахилгаан хэрэглэгч болон гал хамгаалагчийг шатааж болзошгүй.
- Хасахаа салгаж өөр төмөр зүйлд хүрэхээргүй тусгаарласны дараа нэмэх туйлыг салгана. Аккумулятороо авсны дараа шинэ аккумуляторыг сольж хийх ба туйлыг зөв байрлуулах хэрэгтэй.
- Андуурч байрлуулж шонг буруу холбосноос ерөнхий гал хамгаалагч буудаж хөдөлгүүр асахгүй болно. Иймд онцгой анхаарах хэрэгтэй. Туйлыг нэмэх хасах клемийн харалдаа зөв байрлуулаад эхлээд нэмэх шонгоо холбож сайтар чангалах хэрэгтэй. Дараа нь хасах шонг холбож сайтар чангална.
Сүүлийн үеийн автомашинууд аккумуляторыг салгахаар бүх санамж нь алдагдаж зарим зүйлүүд ажиллахаа больдог ба түүнийг дахин программчилж байж хэвэндээ ордог болсон.
Яагаад ийм болов гэхээр түлхүүрээ хариулж салгахгүйгээр аккумулятороо салгаснаас болж байгаа юм. Тэгэхээр эхлээд түлхүүрээ сугалаад авсны дараа эсвэл товчлуурыг бүрэн унтраасны дараа аккумуляторыг солиорой. Ялангуяа хөдөө хээр бусад машинд тавьж холбох гээд ийм байдалд ордог учраас анхаараарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn