4-Р ҮЕИЙН TOYOTA 4RUNNER

Тоёота 4Runner загвар нь анх гарахдаа Тоёота-ийн Пикап загвараас хэмжээний хувьд бага зэрэг том болж, SUV шинжийг өөртөө агуулах болсон юм. 1980 оны дунд үеэс түүний анхны тийм ч сайн хөгжөөгүй загвар нь гарч эхэлсэн бөгөөд Форд Bronco II, Chevy S-10 Blazer болон Ниссан Pathfinder загваруудтай өрсөлдөж байв.

Түүний дараагаар 2-р үе нь 1990 онд гарч ирсэн бөгөөд SUV шинжийг улам өөртөө шингээсэн дизайнтай болж чадсан бөгөөд түүнийг илүү өндөрсгөж, хаалгыг дээвэртэй нэгтгэж өгсөн байдаг. Ингэж явсаар байгаад 2003 оноос түүний 4 дэх үе хэмжээ дамжаа, жин болон люкс байдал зэрэг нь улам боловсронгуй болсноор гарч иржээ. Тоёота компанид 2 төрлийн дунд гарын жийп байдаг ба нэг нь энэ нөгөөх нь Хайландер загвар билээ.

2003 оны Тоёота 4Runner урд болон хойноосоо
2003 оны Тоёота 4Runner урд болон хойноосоо

Уг загварын тухайд мэдээжийн хэрэг бартааг туулахаар бүтээгдсэн тул кузов-рам бүтцийг ашигласан ба харин Хайландер нь суудлын тэрэг суурьтай тул илүү хотын нөхцөлд тохиромжтой юм. Цаашлаад Хайландер нь өмнөх нийтлэлээр бичиж байсан AWD хөтлөх системтэй буюу ихэнхдээ урд дугуйгаар хөтөлж шаардлагатай үед маш бага хүчийг хойд дугуйнд дамжуулдаг бол 4Runner нь парт тайм болон фулл тайм 4 дугуйн хөтлөгч системтэй. Тэдгээрийг бууруулсан дамжуулгад шилжүүлэх бололцоотой зэрэг жинхэнэ экстрэм аялалд зориулагдсан Тоёотагийн загвар болсон.

Эхний 3 үеийн загварт стандартаар 4 цилиндртэй хөдөлгүүрийг санал болгож ирсэн бол 4-р үеэс 4.0 литрийн V6 (245 морины хүчтэй, 383 Нм эргүүлэх хүчтэй) хөдөлгүүрийг стандартаар санал болгож эхэлсэн ба үүнээс илүү хүчтэй 4.7 литрийн 235 морины хүч болоод 433 Нм эргүүлэх хүчтэй хөдөлгүүрийг нэмэлтээр санал болгох болжээ. Өмнөх үед байсан механик хурдны хайрцгийн сонголт үгүй болж V6 хөдөлгүүрт 4 шатлалт АТ, харин V8 хөдөлгүүрт 5 шатлалт АТ хурдны хайрцгийг санал болгох болсон бөгөөд 2005 оноос шинэ загварууддаа зөвхөн 5 шатлалт автомат хурдны хайрцгийг санал болгох болжээ.

2005 оны загварын жилд бага зэргийн сайжруулалтыг хийж V8 хөдөлгүүрийн чадлыг ихэсгэж 270 морины хүч болоод 446 Нм эргүүлэх хүчтэй болгосон бөгөөд үүний дараа 2006 оны загварын жил хэсэгчилсэн шинэчлэлтийг хийж шинэ их гэрэл болон хойд их гэрэлтэй болгосон мөн шинэ стандартыг хөдөлгүүрт мөрдөх болсон байна. Харин 2008 оны шинэчлэлтээр сүүлийн үеийн технологуудыг шингээж өгөхөөс гадна хамгийн дээд хувилбар болох Limited-д санал болгодог байсан V8 хөдөлгүүрийн сонголтыг байхгүй болгожээ.

Шатахуун зарцуулалтын хувьд 2003 оны 4Runner-ийн V6 хөдөлгүүртэй хувилбар нь 13.7/10.7/100км (хот/шулуун) ба харин V8 хөдөлгүүртэй хувилбар нь 15.5/11.5л/100км шатахуун зарцуулалттай байна гэж заасан байдаг байна. Харин 2005 оны шинэчлэлтээр 13.5/10.2 (V6) ба 14.6/11.3 (V8) литр болж буурсан байдаг бөгөөд 2009 онд сайжруулалтаар энэ үзүүлэлт 13.4/9.9 – (6 цилиндртэй хөдөлгүүр), 15.0/11.5 – (8 цилиндртэй хөдөлгүүр) болсон байдаг ажээ.

Бусад Тоёотагийн автомашинуудтай ижилхэн 4Runner-т хэрэглэгчид "сайн" гэсэн үнэлгээг өгдөг бөгөөд төгс зүйл байдаггүйтэй адил түүнд ч мөн адил зарим нэгэн гэмтэл илэрч байлаа.

2005 оны Тоёота 4Runner
2005 оны Тоёота 4Runner

Хэрвээ таны автомашины трэйкшн/тэнцвэржилтийн системийн гэрэл (VSC TRAC/VSC OFF) хянах самбар дээр асаж унтарч байвал яаралтай компьютер оношилгоонд орж гэмтлийг засуулах шаардлагатай.

Актюатороос тос гоожсон байдал
Актюатороос тос гоожсон байдал

Өөр нэгэн гэмтэл нь хурдны хайрцгаас тос гоождог. Хурдны хайрцагтай холбогдсон цахилгаан актюаторын (хурдны хайрцгийн хүндрүүлсэн/хөнгөрүүлсэн дамжуулгад шилжүүлэгч) боолтны жийргэвч муугаас болж тос гоожих суурь нь тавигддаг байна. Уг жийргэвч нь актюаторын нэгэн цогц тул түргэн солих тусам сайн бөгөөд энгийн жийргэвчээр орлуулан солиход хангалттай.

Хамгийн гол нь үүнийг солиход нэлээдгүй хүч хөдөлмөр, цаг зав авдаг тул (хурдны хайрцгийг тэр чигээр нь салгах шаардлагатай) засварын өртөг өндөр гарах магадлалтай юм. Уг гэмтэлтэй холбоотой эргэн дуудалт байдаггүй хэдий ч интернетээр хайвал маш олон ийм асуудалтай хүмүүс байдаг.

Зөвхөн V8 хөдөлгүүртэй хувилбарт энэхүү гэмтэл гардаг бөгөөд V6 хөдөлгүүртэй хувилбар нь өөр төрлийн буюу парт тайм 4 дугуйн хөтөлгөөний системийг ашигладаг тул асуудалгүй, харин V8 нь фулл-тайм 4 дугуйн хөтөлгөөний системийг ашигладаг тул дээрх асуудал гардаг ажээ.

Чагтан голыг солих хэрэгтэй
Чагтан голыг солих хэрэгтэй

Мөн зогсох үед хойд хавиас цохисон чимээ 4Runner болоод түүнтэй явах эд ангиараа ойр хамааралтай Лексас GX 470 загварт гардаг бөгөөд бөгөөд энэ нь хойд чагтан гол солих болсны дохио юм. Харин Лексас-ийн хувьд 2006 онд эргэн дуудалт хийж үүнийг зассан юм билээ.

4Runner-ийн аюулгүйн байдалд та санаа зовох хэрэггүй бөгөөд шалгалт хийсэн байгууллагуудын зүгээс мөн л "сайн" гэсэн үнэлгээг авч чаджээ. Урдаа ирэх цохилтоос зорчигчийг хамгаалах тал дээр 4/5 оноо, харин хажуу болон хойноос ирэх цохиолтонд зорчигчийг хамгаалах үнэлгээ нь 5/5 байж чадсан байна.

Хэрвээ та чиргүүл чирэхээр төлөвлөж байгаа бол V8 хөдөлгүүр зөв сонголт болж чадах юм. V8 хөдөлгүүрээс гарах морины хүч тийм их биш ч гэсэн эргүүлэх хүч хангалттай тул таны ажилд тус нэмэр болох нь дамжиггүй. Харин та ихэнхдээ энгийн нөхцөлд, засмал замаар зорчдог бол 6 цилиндртэй хөдөлгүүр зөв сонголт болно гэж бодож байна.

Уг хөдөлгүүртэй хувилбарыг худалдан авах үнэ арай татуу, мөн шатахууны зардал багатай зэрэг давуу тал ихтэй, мөн дээрээс нь V8 хөдөлгүүртэй хувилбарт гардаг шиг хурдны хайрцгийн тос гоожилт байхгүй тул сэтгэлд сэвгүй байж чадах юм.

4Runner загвар бол SUV дотроо бага зайтай ангилалд багтах хувилбар бөгөөд түүнийг оффроад нөхцөлд зориулан бүтээсэн учир ийм ч байх нь аргагүй билээ. Үнэ болоод хэмжээгээр Жийп Гранд Широки, Ниссан Патфайндер, өмнөх үеийн Киа Соренто болон шинэ Киа Боррего, цаашлаад Ланд Ровертой өрсөлдөхүйц юм. Гэхдээ Ланд Роверийн үнэ Тоёотагийн үнийн хязгаараас гараад явчих тул шууд харьцуулах бас боломжгүй юм.

Эхлэн худалдан авах үнэ гайгүй дээрээс нь Тоёотагийн найдвартай, түшигтэй байдлын хангасан тул эргээд зарахад ч үнэ нь унадаггүй давуу талтай, дээрээс нь 4Runner-ийн түүхэн дэх хамгийн хит болж чадсан загвар тул хаана ч газардахгүй, мэдэхгүй чадахгүй зүйл тулгарахгүй давуу талуудтай юм.

Хэрвээ та 4Runner загварыг худалдан авахаар сонирхож байгаа бол хойд тэнхлэгээс элдэв цохисон дуу гарч байгаа эсэх, V8 хөдөлгүүртэй бол цахилгаан 4 дугуйн хөтөлгөөн актюатороос тос гоожиж байгаа эсэхийг найдвартай механикаар оношлуулж шалгаж авах нь зүйтэй.

2003 оны 4Runner-ийн салоны байдал нь спортлог төрхтэй