TOYOTA MARK X ZIO
Сайн байцгаана уу? Энэ удаагийн тойм булангаар сүүлийн үед манай хотод мэр сэр харагдах болсон Тоёота Марк Х Zio буюу АНУ-д Венза нэрээр гардаг автомашины тоймыг хүргэхээр бэлдлээ. Юуны түрүүнд уг машины танилцуулгыг нь хийсэн нь зүйтэй байх.
Марк Х ЗиО загварыг Тоёота компани анхлан 2007 онд нийтэд танилцуулсан бөгөөд бидний сайн мэдэх Марк II Blit вагон загварыг залгамжлан гарч ирсэн юм. Уг загвар нь өмнө нь 2005 онд танилцуулагдаж байсан Кэмри суурьтай FSC буюу Flexible Saloon Concept загвар дээр суурилагдан бүтээгдсэн бөгөөд тэр жилийнхээ Токио Мотор Шоуны үеэр олон нийтэд танилцуулагдаж байсан.
ЗиО загвар нь 4-7 зорчигчийн суудалтай байдаг бөгөөд АНУ-д ихэнхдээ капитан суудалтайгаар гардаг бол Японд 5-7 хүний суудалтайгаар ихэвчлэн гардаг байна. Анх зах зээлд гарахдаа сард 4000 ширхгийг борлуулах зорилготой гаргаж байсан бөгөөд Япон улсын Нагакусад байрлах Тоёота Индастриз үйлдвэрт түүнийг үйлдвэрлэдэг ажээ.
Түүнийг Тоёота компанийн шинэ МС платформ дээр суурилан хөгжүүлсэн бөгөөд уг платформыг Зиогоос гадна Королла (150), РАВ4 (CA30W), Приус 30 (W30) гэх мэт бидний сайн мэдэх загварууд ашигладаг байна.
Хөдөлгүүрийн хувьд 2 төрлийн сонголттой бөгөөд үүнд 2.4 литрийн 2AZ-FE I4 цилиндртэй хөдөлгүүр мөн 3.5 литрийн 2GR-FE V6 хөдөлгүүр багтаж байгаа юм. 2.4 литрийн хөдөлгүүрт урд дугуйн (арлын дугаар ANA10) болон 4 дугуйн (ANA15) хөтлөгч системийг санал болгодог бол 3.5 литрийн хөдөлгүүртэй хувилбарт зөвхөн урд дугуйн хөтлөгч (GGA10 кузовын дугаартай) системийг санал болгодог ажээ.
2GR-FE хөдөлгүүрийг 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулсан бол 2AZ-FE хөдөлгүүрийг CVT хурдны хайрцагтай хослуулсан байдаг байна.
Гадна дизайны хувьд Аурис загварт ашигласан шугамуудыг Марк Х ZiO-д ашигласнаар бага зэрэг хүнд, овор хэмжээ ихтэй харагдах болсон ч түүний жин ердөө л 1,570-1,660 кг юм. Түүний кузовын төрөл нь минивэн болон сташион вагон төрлүүдийн хооронд орших бөгөөд гарсан эхний жилдээ Японы Шилдэг Дизайнтай автомашинаар шалгарч байжээ. Ерөнхийдөө 30-40 насны хэрэглэгчдэд зориулагдан гарсан ба Хонда Одиссэй, Stream, Airwave, Toyoota Wish, Estima загваруудтай дотоодын зах зээлд мөр зэрэгцэн өрсөлддөг байна.
Марк X Zio загвар шинэ үеийн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хангах гэр бүлийн загвар мөн үү?
Мэдээжийн хэрэг, Тоёота компани энэ төрлийн зах зээлийг мартсангүй, тэд холимог загварыг гаргаснаар хүмүүсийн сонирхлыг маш ихээр татсан юм.
Түүнийг анх удаагаа хархад урд хромон нүүр, урт кузов мөн Belta загвар шиг урд нүүр, хурц төрхтэй Марк Х седан загварын хэлбэрийг авсан нь харагдаж байв. Хойд их гэрэл нь LED бөгөөд урд их гэрлийг сонголтоор HID болгуулах боломжтой ба ерөнхий дизайн нь ганган, бага зэрэг спортлог болжээ.
Зио загварын хувьд Кэмри эсвэл Хайландер загваруудын голоор буюу Кэмригээс өндөр, Хайландер загвараас намхан ч газраас тэнхлэг хүртэлх зай нь Хайландертэй ижилхэн 21 см байдаг байна. АНУ-д гаргадаг Венза загвар нь Японы дотоодын зах зээлд гаргадаг Зио загвараас үзэмж сайтай бөгөөд маш том 19-20 инчийн обуд зэрэг нь түүнийг галбирлаг харагдуулдаг.
Тав тух
Шинэ техник технологийн ололтыг түүнд хэрэгжүүлсэн бөгөөд түлхүүргүй нэвтрэх систем мөн түлхүүргүй асаалтын систем зэрэг зүйлсийг түүнд суулгаж өгсөн. Тоормосыг гишгэж 'Engine start' товчлуурыг дарснаар хөдөлгүүр асах бөгөөд хянах самбар нь өөрийн эрхгүй хараа булаадаг.
Хүйтэн болон халуунаар үлээх ажиллагаа сайтай, яг л зуны үед өвлийг эсвэл өвлийн улиралд зуныг санагдуулам сайн ажиллаж байв. Бид түүнийг нэхмэл даавуун суудлыг илж үзэхэд люкс автомашинд хэрэглэсэн сайн чанарын материал шиг мэдрэмжийг төрүүлж байв. Улмаар хойд тээшний хэсгийг сонирхвол олон янзаар ашиглаж болохуйц давуу талтай юм, мөн нууцлагдмал аяганы суурь, 2 тийш онгойдог урд самбарын хайрцгаас өөр сонирхол татах зүйлс байсангүй.
Энэ машиныг үнийг өсгөхөд DVD тоглуулагч мөн ухрах камерыг стандартаар тавьж өгсөн нь бага зэрэг нөлөөлсөн бололтой.
Хэдийгээр 7 хүний суудалтай ч гэсэн 8 хүн өлхөн багтчихаар зайтай юм. Хэрвээ дунд эгнээнд урт хөлтэй хүн суувал хойд суудлын хүмүүс бага зэрэг шахцалдах нь харагдаж байна, гэхдээ ерөнхийдөө зай талбай хангалттай юмаа.
Амралт зугаалга, эсвэл юм хум зөөх бол 2 болон 3-р эгнээний суудлыг хурааснаар хойно хангалттай зай гарч ирж байна. Ингэснээр хайрцаг, сагс, унадаг дугуй зэрэг зүйлсийг хийх боломжтой болох юм. Мөн дээрээс нь дунд хэсэгт шалнаас гарч ирсэн зүйлгүй тул хүүхэд, хөгшид амархан шилжиж бууж, суухад амар болсон нь яах аргагүй энэ төрлийн автомашинуудын давуу тал билээ. Аа бас 3-р эгнээний суудлыг хурааж дээгүүр нь хөшиг татаж болох бөгөөд хойно ачсан эд зүйлсийг урт гартнууд харчихгүй, дээрээс нь салоны эмх цэгцтэй байдалд ч тус болох юм гээч...
Жолоодлогын мэдрэмж
Тормозоос хөлөө авч хаазанд дээр гишгэхэд 163 морины хүчтэй 2AZ-FE хөдөлгүүр унтаа байдлаас сэрж хүржигнэн ажиллана. Жолоодлогын хувьд тийм ч гайхширмаар биш, гэхдээ руль эргүүлэхэд цахилгаан рулын аппарат зөөлхөн бас аятайхан байгаа мэдрэгдэж байсан бөгөөд тормоз гишгэхэд их мэдрэмтгий яг л цэргүүдэд "Номхон" хэмээн тушаал өгч байгаа мэт дуулгавартай байв. Монокок хийцтэй кузов нь нэг цул мэдрэмжийг төрүүлж байсан ба үл хамаарах тэнхлэгийн ачаар тав тухыг хэрэглэгчдэд мэдрүүлж байв. Урд тэнхлэг нь L-хэлбэрийн гартай МакФерсон страт бүтэцтэй бол хойд тэнхлэг нь дээд доод гараас бүтсэн бүтэцтэй юм. Тэнхлэг хоорондын зай урттай тул тэнцвэрийн тал дээр сайжирсан.
Хянах самбарын гэрэл бага зэрэг асах бөгөөд түүн дээр гадаах темпратур, шатахуун зарцуулалт болон явсан км зэрэг зүйлс жолоочид маш эмх цэгцтэйгээр харагдаж байв.
Хүссэн хурдандаа амархан хүрч байсан төдийгүй шаланд хаазыг тулгахгүйгээр 2.4 литрийн DOHC хөдөлгүүрийн бүрэн хүчин чадлыг мэдэрч болж байв.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Г.Тэнгис