2004 ОНЫ ТOYOTA MARK X
Марк II-ийн үргэлжлэл Марк Х гээч гарч эхэлсэн юм байна. Нэр нь солигдохын зэрэгцээ дизайны чиглэл нь огцом өөрчлөгдөн бөмбөгөр навтгар болчихжээ. Өмнөх Грандаас хэмжээний хувьд бараг ялгаагүй уртаараа 5 мм богино, өргөнөөрөө 1.5 см л өргөн, өндрөөрөө 2.5 см намхан болжээ.
Энэ ялгаа нь нүдээр харахад бараг мэдэгдэхгүй бөгөөд урд капот, арын багаажны хажуу ирмэгийн налуу нь их болсноор бөмбөгөр жижгэвтэр харагдах болсон юм даг. За энэ ч яахав 2000 оноос хойших автомашинуудын нийтлэг дизайны бодлого гэх юм уу даа. Хөдөлгүүр нь урьдын дасаж дадсан цуваа 6 цилиндртэй биш ба цоо шинээр гарсан V хэлбэртэй 6 цилиндртэй GR серийн хөдөлгүүрүүдтэй болжээ.
V6 болсноороо илүү бага зайд хөдөлгүүр байрлах болж түүнийг дагалдаад салоны зай уртаараа нэмэгдсэн зэрэг ашигтай талууд гарсан л даа. Гэтэл нөгөө V6 хөдөлгүүрийн нь тэжээлийн систем нь нөгөө гайхал D4 байдаг байгаа. За одоо л эндээс асуудал үүсэх гээд байгаа юм. Түрүү удаад D4 хэцүү энэ тэр гээд бичээд тавьсан чинь зарим нь уурлаж л байна лээ. D4 сайхан арчлаад явбал зүгээр энэ тэр гээд л, монголчууд чадахгүй болохоороо мууллаа гээд.
Ямар санаанаасаа зохиож байгаа биш шууд цацалттай хөдөлгүүрүүдийн дутагдлыг аль хэдийн үйлдвэрлэж байгаа инженерүүд нь хүлээн зөвшөөрөөд Mitsubishi GDI-гаа бүр мөсөн зогсоож, Nissan нэг хэсэг том эзлэхүүнтэй хөдөлгүүрт тавьж гаргаж үзээд бүтэхгүй юм байна гээд больж таг дуугуй болсон бол Toyota D4-өө хийхээ больж оронд нь хосолсон ажиллагаатай D-4S гэсэн шинэ системийг нэвтрүүлээд байгааг хэлчихэд илүүдэхгүй байх.
Бусад даган дуурайж шууд цацалт нэвтрүүлээд байгаа компаниуд ч удахгүй хийхээ болих биз. Гэхдээ энэ хөдөлгүүр авангуут л эвдрээд таг болчихно гээд байгаа юм биш, ашиглалтын явцад янз бүрийн доголдол илрэх юм л даа. Мэдээж засаж болно. Гэхдээ үнэтэй. Энэ хамаагүй гэвэл таалагдсан нэг нь аваад унана биз дээ. Үүнээс түрүүнд нь орж ирсэн Nadia-аас сургамж авбал авахаар болсон байх.
За одоо гадна дизайны талаар жаахан ярилцъя. Ерөнхийдөө бол сайхан стильтэй бөмбөгөр загвар. Жаахан том харагддаг машинд дуртай хүнд бол арай л жул харагдах байх. Нэг ёсондоо BMW-ийн загвар луу дөхүүлсэн гэмээр санагдлаа. Тэнхлэг хоорондын зайг нь өмнөх загвараас 8 см-ээр урт болгосон байна. Ингэхдээ урд дугуйг урагшлуулж өгснөөр Мерседес, BMW шиг европ маягийн болжээ.
Жишүү өнцгөөр аль ч талаас нь харсан давгүй сайхан харагдана. Араасаа бол давгүй, гэхдээ Jaguar шиг нарийхан харагдах байх. Арын хаалганаас эхлүүлээд хойд төгсгөл хүртэл шөвгөр болгон нарийсгаж өгснөөр нарийн юм шиг болсон бөгөөд багаажны зайнаас ч гэсэн хороосон байх л даа. Харин урд талаасаа ойрхноос харахад нүүр, гэрэл бампер гээд элементүүд гоёмсог харагдана. Харин холоос бүхэлд нь харвал таны өөдөөс газарт наалдсан унжийсан царайтай хүн шиг машин ирж явбал тэр чинь Mark X байхаас гарцаагүй.
Яагаад гэхээр бөгтөр дизайнаасаа болоод урд нарийн гэрлийн байрлал нь дэндүү доор болчихсон юм. Нөгөө талаар арын яндан хоёр салаа болж бампер дээрээ хос зууван нүхтэй болсон байгаа. Тэр нь нэг тийм хромдсон маягийн эмжээртэй байдаг. Араасаа мөргүүлээд янзлуулсан бололтой тэр эмжээр нь хагарч унаад олдохгүй байгаа бололтой зүгээр л 2 онгорхой нүх болсныг харсан их л муухай харагдаж байсан шүү.
БНХАУ-д Reiz нэрээр гаргадаг бөгөөд гадна гэрлээс авахуулаад ихэнх хэрэгслүүд нь таардаг тул Монголд олдохгүй ч урд суугаа хэн нэгэнд захихад сэлбэг олдоц сайтай загвар юм. Хойд гэрэл нь улаан, цагаан өнгийн сонголттой байдаг ба улаан нь арай л нүнжигтэй харагддаг үнийн хувьд 120.000 орчим төгрөгөөр Хятадад борлуулагддаг юм билээ.
Марк Х-ийн дараагийн үеэс авахуулаад урд их гэрлийн дизайн өөрчлөгдөж хөмсгөө зангидсан хэлбэрийн их гэрэлтэй болж өгсөн бөгөөд бусад зүйлсийн хувьд өмнөх үеийн шинж чанарыг агуулан гарч ирсэн билээ.
Одоо дотор салон руу шагайж харцгаая. Материалын сонголт, дизайн, мебель оруулгууд, никель хүрээ энэ тэр гээд үзэмж талаасаа бол янзтай сайхан болжээ. Хаалгаа их онгойлгосон үед сунаад байхааргүйгээр хаалганы дотор бариулыг тусад нь хийсэн эвтэйхэн байв. Нийт өндөр нь 2 см намхан болсон болохоор суудлын байрлал намхан болсон байна. Хэдий уртаашаа өвдөг тулахааргүй болсон боловч суулт намтай учир өвдөг жаахан дээр гарч байв. Жолоочид бол жийгээд сууж байгаа юм шиг. Суудлын талбайн хувьд бол өргөн налгар.
Дээд толгойн хэсгээр 2 хажуугаасаа багана нь шахсан маягтай ба толгойн орчимд бол давчуу. Арын суудлыг түшлэг нь унаж багаажтай холбогдохоор хийсэн байна. Хойд багаажны бөмбөгөр байдал дөрвөлжин зүйл ачихад таг нь тулахаар байсан учраас суудлаа буулгаж урагш нэвт гаргаж хийхээр бодсон байхаа. Усны болон бензиний хэмжүүр нь дижитал хэлбэртэй болсон, дасаагүй бол жаахан эвгүй.
Дэлгэц нь тод цэнхэр өнгөтэй болохоор шөнийн цагт жаахан нүд өвдөж магадгүй юм. Зүүтэй хийснээс хямдхан тусах байх л даа. За тэгээд хөдөлгүүр асаах товчлуур, толины удирдлага, ионжуулагч, суудлын цахилгаан удирдлага энэ тэр гээд элдэв тоноглол байгаа. Рычагны байрлалыг CD плэйер шиг хэмжээтэй дугуй тавцан дээр байрлуулсан нь онцлог гоё юм байна. Гэсэн ч байнга түүнийг хараад яваад байх биш дээ. Зарим хувилбарт люк хийлгэх боломжтой юм байна.
Явах анги, хүч дамжуулах анги нь 180 Crown-тай адилхан бөгөөд гагцхүү арай хатуу амортизатортай гэх юмуу даа. Урд гарах өнцөг нь их ч бампер нь доор байрлалтай, хажуу хормой нь ч доор ер нь л их намхан бөгөөд манай замд тун болгоомжтой явмаар. Өндөр болголоо гэхэд тийм ч сайхан харагдахгүй байх. Том инчтэй дугуй хийвэл хажуугаасаа үзэмжтэй харагдана. Даанч Монголд хэцүү юм.
Хойд тэнхлэг нь Multi link буюу нэг дугуйг бие даасан 5 татуургаар бэхэлсэн учир уян хөдөлгөөнтэй ба ямар ч байдалд дугуйг замд эгц босоо дарж өгнө. Харин олон тулк резин солиулах болох нь. Урд талдаа дээд доод хос гартай 2 өндгөн тулгууртай тэнхлэгтэй. Мөн л 2 өндгөн тулгуурыг зэрэг солиулах. Дээрх бүтцүүд нь техникийн шийдлийн хувьд автомашиныг тэнцвэртэй, тогтвортой байлгадаг ч нарийн тохиргоог шаарддаг юм. Хөдөлгүүрийн эзлэхүүн хамгийн багадаа 2.5 литр. Урьдын 2.0 той мотор ор сураггүй болжээ. Бас 3.0 литрийн хөдөлгүүр бий тэгээд л болоо.
Харин автомат кроп нь 6 шатлалтай болсон гэдэг ба ингэснээр бензин бага иднэ барина гээд бөөн реклам. Үзвэл зөрүү нь нэг зуун хэдэн гр байх жишээтэй. Суугаад явахад пүн хийгээд уул нь сайхан л даа. Тохь тух дуу шууны талаар нээх хэлээд байх юм байхгүй сайхан. Бензин идэх тал дээр барьцтай сайжирсан юм байхгүй яг л бусадтай адил. Үзүүлэлт дээрээ бол найм ес идэх юм харагдана лээ. Шинэ дээрээ тэгээд тэр хөгжилтэй бензин сайтай газраа л тэгж идэх байх. Манайд бол зун дор хаяж 12 идэж л таараа, дээр нь үнэтэй бензин хийх хэрэгтэй болно гээд хармаан хоослохдоо гаргууд байх. Шулуун замд л дээрх үзүүлэлтэд хүрвэл юу юм гэхээс.
Эх сурвалж: Тойм бичигч Р.Энхболд | www.cardoctor.mn