ГАДНА ДИЗАЙН НЬ КЛАССИК LEXUS LX470

Landcruiser 100-ийн хамгийн дээд хувилбарыг үндсэндээ LX470-д хэрэглэсэн юм. Гол нь  энэ загварыг Ландкруйзер 100 тай хамт эхнээс нь төлөвлөж гаргасан учраас амжилт олсон болов уу. Өмнөх загвар болох LX 450-ийг Landcruiser 80-ийн хэсэгчилсэн шинэчлэлтээр дундаас нь гаргасан болоод ч тэр үү тархаж амжаагүй гэж бодох юм.

Ердөө л 2-3 жил борлуулсан юм. Харин LX470-ийг 2007 он хүртэл 9 жил борлуулахаар их дэлгэрэх нь аргагүй биз. Мөн Lexus брэндийн LS, GS, IS  седанууд маш амжилттай борлуулагдан Lexus бол дээд зэргийн машин хийдэг юм гэсэн имижийг дэлхий дахинд таниулсан байсан учраас LX загвар торох зүйлгүйгээр борлуулагдсан.

1998-2003 онд

2003-2006 онд

2006 оноос

Түүний дээр Landcruiser брэндийн олон жилийн туршлага, чанар, Toyota брэндийн нэр хүнд нөлөөлсөн гээд маш сайн дэмжлэгтэй байсан. Хэрэв яг ийм загварыг өөр хэн нэг хийсэн бол амжилт олохгүй ч байсан байж магад. Хөдөлгүүрийн хувьд ердөө л ганцхан сонголттой энэ нь 4700 сс бүхий V8 хөдөлгүүр. 4 шатлалтай автомат хурдны хайрцаг л байлаа. Тэгсэн мөртлөө яагаад ийм сайн борлуулагдсан бэ гэвэл чанар л байсан юм гэж хэлэх байна.

Гадна дизайн нь классик жинхэнэ классик цэвэрхэн, урд их гэрэл нь тусдаа нүдэн хэлбэртэй нь шууд л анхаарал татсан. Ийм гэрэлтэй жийп тэр үед л лав байхгүй байсан байх. Мөн доод тойрсон хуванцар эмжээр нь маш үзэмжтэй болгосон. Арын гэрэл нь 100-г бодвол арай том дөрвөлжиндүү бөгөөд үзэмжтэй. Обод нь 16 инчийх бөгөөд 100 загвараас дизайн нь ялгаатай тусдаа гарсан. Хэсэгчилсэн шинэчлэлтээр 17 инч болсон ба энэ обод нь илүү үзэмжтэй болгосон юм.

Үйлдвэрлэгдэх хугацаандаа 1 удаа томоохон шинэчлэлт хийсэн ба 1 удаа жижиг сайжруулалт хийсэн байдаг. Эхний загвар нь дан хар фонтой нүүрэн дээр Lexus-ийн эмблемийг суурилуулсан ба салоны урд хянахын гэрэл, арааны рычаг, зэрэг нь 90-2000 оны машинуудын адил энгийн дизайнтай байсан.

Харин 2003 онд нилээн томоохон шинэчлэлт хийж хөдөлгүүрт VVT-i систем нэмж тавин, автомат хурдны хайрцагийг 4 шатлалтай байсныг 5 болгосон. Гадна дизайны хувьд урд нүүрийн хар фоны өргөн 2 шугамыг никель болгон, урд бамперийн дизайныг сайжруулж, ухрах гэрлийг арын номерийн 2 талд хийж өгсөн юм. Мөн гишгүүр дээр нарийн урт гэрэл хийсэн. Харин салоны байдлыг илт сайжруулж LED хянах дэлгэц, шаталсан замтай рычаг, дижитал даралттай паарны удирдлага, рулийн гол дахь никель эмблемтэй болсон гээд илт сайжирсан. Ободны хэмжээг томруулж 17 инч болгосон ба дизайныг ч аятайхан болгосон юм.

2006 онд бас нэгэн сайжруулалт хийсэн нь урд нүүрийг 4 никель шугамтай болгож арын гэрлийг диодон гэрлээр сольсон. Ободны дизайн ч бага зэрэг өөр болсон. 

Хамгийн сүүлийн энэ сайжруулалт гадна талаасаа хамгийн төгс болсон байх. Өнөөгийн 570-ын дизайн нь спорт маягийн гэх ерөнхийдөө дизайны нэг зарчмыг баримталсан учраас бусад Prado, Rav4, Highlander гэх мэт загваруудын томруулсан загвар шиг болсон ба өөрийн гэсэн онцлог бага гэх юмуу даа. 470-ын хувьд тухайн үеийн бүх загвараасаа ерөнхий дизайнаараа онцлог байсан гэж болно.

Тэр үеийн Prado 90, Highlander, Rav4-үүд өөр хоорондоо өөр чиглэлээр дизайн нь төлөвлөгдсөн байгаа. Сүүлийн үед Hyundai-ийн загварууд өөр хоорондоо төстэй усан долгион зарчмыг баримтлаад нэг л хэв маягт ороод байгаа билээ.

Манай монголд 2003 он хүртлэх загвар нэлээн орж ирсэн байдаг бөгөөд 2003 оны сайжруулалтынх ч бас бий, харин 2006 оны шинэчилсэн загварын тоо бага байдаг юм.

Үндсэн хөдөлгүүр нь асуудал багатай бөгөөд агаар оруулах хоолой нь хөдөлгүүрийн голоор явсан, дагуу байрлалтай зэрэг нь свечаг солиход хялбар болгосон. VVT-i системгүй хуучны хөдөлгүүр нь эвдрэл бага ба харин VVT-i-системийн доголдол гарчих тохиолдол бий. 

  • Хамгийн их эвдрэл үүсгэдэг зүйл нь шингэнт өргөгч бүхий амортизатор ба холын замд голдуу ачаа хэтрүүлэн ачсанаас  болж эвдэрдэг. 

Ингэсэн тохиолдолд доош суугаад хэвтчихдэг талтай. Даруйхан солиулахгүй бол цаашлаад өргөх актуатор, өргөх системийн жижиг аккумулятор, шингэн шахах насос зэрэг нь хий ажиллаж эвдрэх болно. Зарим сэлбэг нь үнэтэй олдоно, зарим нь олдохгүй. Хатуу зөөлнийг тохируулах горим нь дулаан цагт мэдрэгдэх ба өвөл бол төдийлөн мэдрэгдэхгүй, гэхдээ өвлийн цагт бол шингэн нь царцах учраас комфорт дээр нь тавьсан нь дээр. Кузов өргөх системийг нормаль дээр нь явахад л болно. Хэрэгцээтэй үед л өндөрлөнө үү гэхээс.

Хөдөө явахад гишгүүр нь Ланд 100-г бодвол доор, гадуураа хуванцар гадартай бөгөөд яалтгүй тулдаг гэмтэй. Дээш өргөөд өргөөд энгийн 100-ийн өндөртэй адил болно. Энгийн пүрштэйг бодвол их ачаа ачсан ч өндрөө хадгалах боловч удаан хугацаагаар илүү ачааллаж явах савлуулах гэх мэтэд тосоо хаяж доошоо хэвтчихээд жинхэнэ мөлхүүлэх шиг болно.

Хархорин орох, ойр хавиар эргэлдэх мэтийн хялбар замтай хөдөө явсан нь дээр ирээд хийлгэх засвар үйлчилгээ нь үнэтэй тусах учраас жинхэнэ оффроад аялалд тохирохгүй ээ. Шингэн систем нь төвөгтэй санагдвал нэг мөсөн Ланд 100-ийн пүрш амортизатораар солиод тавьчхаж болно. Тэгвэл энгийн пүрштэй 100 л болно гэсэн үг.

Шинэчлэгдсэн нь

Аливаа зүйлд ямар нэг шалтгаан байдаг шиг Ландкруйзер 200 гарснаараа монгол дахь 470-ийн имиж өссөн юм. Харин гадаадад бол хуучин загвар гэдгээрээ нэр хүнд өсөөгүй.

Тэнд тэгж харьцуулах шаардлага, нөхцөл байхгүй юм. Ланд 200 болон 570 нь хөдөлгүүрийн хүч нэмэгдсэн, том болсон, тохь тухтай болсон гээд магтаал ихтэй.

Монголд бол өөр. Ланд 200 нь намхан доогуураа тулдаг, өвөл хүйтэн, хөдөлгүүр нь V6 4.0 литрийн хөдөлгүүр нь хүч муутай зэрэг сөрөг талууд нь эргээд 470-ийн нэр хүндийг өсгөсөн гэхэд болно. 470 нь өндрөөрөө Ланд 80, 105-ийг гүйцэхгүй ч гэлээ, 200 болон 570-аас өндөр, дулаахан, хүчтэй гэдгээрээ монголд ахин орж ирэх нь нэмэгдсэн. Сүүлийн үед 200-д зориулсан offroad set орж ирэх болсноор тулаад байх асуудлыг шийдэж байгаа боловч, сэрүүхэн хэвээрээ л байна. Сүүлд 570 ихээр орж ирэх болсон ба үүнийг offroad-д зориулж биш зүгээр л гангарахад, бусдаас илүү харагдахад зориулж авчирч байгаа юм.

Тэгэхдээ 470-аар цэвэр оффроад аялал хийх боломжгүй ойр зуурын хөдөө гадаа явахад бол хангалттай. Шулуунд бол 15 литр орчим хотод бол 23 иднэ. Өвлийн цагт хотод бөглөрөөнд бол 30 литр бол энүүхэнд. Өвөл дан цас зүсэж явах бол 100 литр ч идэж магад.

Зуны маягийн дугуй нь хий эргэлтдээ хамаг бензинийг чинь юүлээд өгч байгаа хэрэг. Түүнийг нь бодохоор хурдан зарах юмсан гэж бодогдох байх. Ядаж л цасны том хээтэй дугуй тавих хэрэгтэй. За тэгээд 470-аар чоно хөөх зэргийг больсон нь дээр. Гэнэтийн чулуу юмуу нүх таарахад л рулийн аппаратын захын тяг нь гулзайх, цав гарах зэрэг гэмтэл гарна. Засвар сэлбэг нь үнэтэй болно.

Сэлбэгийн хувьд ах 100-гаас нь зээлдэх юм их бий. Үнийн хувьд бол хуучин оных нь сайн хямдарч байгаа даан ч манай татвар алаад өгч байгаа юм. Бараг авсан үнээ ахин нэг төлж байж авчрах болоод байгаа. Голдуу америкаас л ирдэг болохоор хянах нь майлаар хэмждэг нь ядаргаатай. Тэгээд ч давхар тоо нь үзэмж муутай харагддаг юм. Харин шинээр авсан евро стандартын 470 ууд бол дажгүй, чанар ч сайн.

Гэхдээ бүгд л арьсан суудалтай байдаг нь халуунд халуун, хүйтэнд хүйтэн, дээр нь голдуу жолоочийн суудал нь арьс нь үнгэгдээд хугараад үзэмжгүй болсон байдаг. Болж өгвөл 100-ийн суудлаар сольчихмоор, гэхдээ манайхан бүрээс хийлгээд л нууж байгаа юм.

Суудлаар нь хир явсан машин бэ гэдэг нь шууд л мэдэгдэнэ. Зарим нь гүйлтийг нь ухраачихаад халцарсан суудал нь харагдсаар байхад “үгүй бага явсан” гээд л гүрийх хүн олон байдаг. Одоо бүр нэг нөүтбүүк барьсан нөхөр тээвэр зуучийн газруудаар контейнер буух үед нь оччихсон “Миль ухраана” гээд явдаг болсон гэсэн.

Гадаадад бол ухраахыг хориглосон байдаг. Хэрэв тийм бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэнэ лээ. Яагаад гэвэл гүйлт гэдэг нь цаагуураа аюулгүй байдалтай холбоотой учраас гэж байгаа юм л даа. Ингээд бодоход америкаас ирж байгаа 470-ууд бүгд л ухраасан байгаа нь ойлгомжтой. Том нутагтай газар хямд үнэтэй манайхны авдаг нь доод тал нь хоёр зуун мянга явсан байх жишээтэй. Өөрсдөө сайтаас ороод үзсэн ч тийм байна. 100 дотор явсан нь бол их үнэтэй. Сайхан нь мотор нь 500 мянга явсан ч байж л байх юм даа.