ӨӨРӨӨРӨӨ БАЙ IPSUM
Хамгийн анх гарсан загвар нь нэлээд хит болсон гэж байгаа. Тэр загвар нь монголд нилээн орж ирсэн байдаг. Дотроо зайтай шатахуун зарцуулалт боломжийн учраас. Одоо бидний ярих гээд байгаа загвар бол түүний дараачийн загвар юм. Өмнөхөөсөө илүү том болж хөдөлгүүрийн эзлэхүүн томорсон. Нэрийн ард 240e, 240i, 240s, 240u гэсэн ялгах тоонууд байх ба энэ нь хувилбаруудыг ялгах код юм.
Люкс хувилбар нь 240u, 240u G selection, спорт хувилбар нь 240s, суурь загвар нь 240e бөгөөд суурь загварыг арай сайжруулсан нь 240i юм. Тиймээс энэ бичээсээр нь та ямрыг нь авах гэж байгаагаа ялгаж болох юм. Тэнхлэг хоорондын зай нь өмнөхөөсөө 9 см-ээр уртассан байгаа. Хэрэв та өмнөх загвараар нь гүдгэр дээгүүр тоохгүй гараад байдаг байсан бол энэ удаад зөөлөн гарахгүй бол голоороо тулж мэдэхээр юм байна.
Ер нь монголд л голоороо тулах уу гэдэг болохоос биш бусад газар бол урт болохын хирээр явдал сайжирна гэдэг. Энэ зам нь хурдан сайжраасаа билээ. Хэдий урт болсон ч бүтэн эргэх радиус нь 5.5 м. 11 м өргөнтэй зам дээр бүтэн эргэж чадахаар байна. Хөдөлгүүр нь ердөө л ганц сонголттой ба 2.4 литрийн 2AZ-FE ба одоо монголд байгаа Клюгэр, Рав4, Камри, Эстима, зэрэгтэй адил хөдөлгүүртэй юм.
Өмнөх загварын 2.0-той хөдөлгүүр нь өгсүүр газарт байн байн хүнд араандаа оруулж арай л хүч нь багадаад байдаг байсан бол энэ удаад хөдөлгүүр нь томорсон нь завшаантай. Тэгэхгүй бол том зовлогоо даахгүй зовох байсан байх. Олон жил хийгдсэн 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай бөгөөд CVT кроп байхгүй. Урд хөтлөгчтэй ба 4WD гэж байгаа. 4WD нь сонгодог 4WD биш бөгөөд урд хөтлөгчөөрөө явж байгаад урд дугуй хий эргэх нөхцөл үүсэхэд хойд дугуйнууд автоматаар залгагдаж дэм өгөх юм. Гүн шавар цасанд бол горьгүй.
Ихэвчлэн урдуураа хөтөлдөг болохоор 4WD нь авчихсан нь шулуухан. Урд тэнхлэг нь страт бүтэцтэй, хойд тэнхлэг нь хагас хамааралтай учраас юм ачихаар алцайгаад байхгүй.
Гадна дизайн нь ерөнхийдөө цүлхгэрдүү болсон ба яг дэргэд нь очоод зогсвол гялгар уутанд ус хийсэн юм шиг цүлхгэр харагдана. Урд гэрэл нь 1998 оны загварын бух бензийн гэрэлтэй төстэй хэлбэртэй болсон нэг л шөвийсөн юм шиг болжээ. Ганц нүхтэй спорт гэсэн урд нүүртэй бол бүүр шаамийгаад сүргүй, харин олон хуваалттай том нүүртэй болох тусам арай дээрдэж байгаа юм. Салоны зайг томруулахын тулд урд баганыг нилээн урагш болгожээ.
Хойд хаалга бол нилээн том бөгөөд урт болохоор нарийн зайд бууж суухад жаахан хэцүү, харин өргөн зайд онгойлсон үед бол чөлөөтэй уужим юм. Хойд багана нь гурвалжин хэлбэртэй том бөгөөд өмнөх загварын стилийг оруулсан боловч тал шилгүй. Бүдүүн бахим бат бөх харагдавч урагш налуулсан нь би явахгүй гээд хөлөө жийгээд байгаа ч юм шиг, хойд шилтэй дагуу хийсэн бол гоё урт харагдах байсан юм болов уу.
Гэхдээ яах вэ хажуугаасаа тийм ч муу бишээ. Хойд талдаа мөн урд гэрлийн хэлбэртэй төстэй дизайныг гаргажээ, холоос бол гурвалжин гэж харахаар, ойртож байж л долгиолсон хэлбэрийг анзаарахаар болжээ. Номерийн суурь нь хаа очиж урт өргөн бөгөөд европ стандартын урт номер хийж болохоор юм. Манай энэ социализмын үеийн дөрвөлжин номер хэцүү дээ. Үүнийгээ хэзээ болих юм байгаан.
Доогуураа хормойтой хувилбарууд байгаа бөгөөд манай нөхцөлд бол шүргээд байхаар юм байна. Яах аргагүй таалагдаад байвал авсан ч яахав дээ. Хормойг нь мултлаад авч болно. Харин гупер дээр нь жижиг нүхнүүд үлдэж магадгүй юм. Ерөнхий хэмжээний хувьд бол нүсэр санагдах боловч Crown, Camry-аас бага болохоор сүрдээд байх хэрэггүй хэдэн өдөр бариад л дасна.
Салоны дотор тал том зайтай, за бараг зайг нь ихдүүлсэн юм уу л гэмээр. Бөмбөгөр дэлика ямар зайтай байдаг билээ яг л тиймэрхүү санагдана. Урд хянах самбар нь бандгар том бахархмаар боловч спорт хувилбарын руль нь гурван салаатай нарийхан байгаа нь урам хугаллаа. Руль дээр хурдны автомат кропны гар шилжүүлэг байна.
Харин люкс болон бусад хувилбарт том бандгар руль хийсэн байна. Паарны удирдлага хөгжмийн байрлал гарт ойр. Түүний доор ундааны 2 тавиур бий. Ундааны тавиур доор үнсний сав байрлуулжээ. Ундааны тавиурыг хэрэглэж байвал тамхи татаж болохгүй нь. Тамхи татах ундаа уухын аль нэгийг нь сонгох болох юм байна. Түүний доор нилээн том нүүртэй хайрцаг байх ба их л юм орох байх гэж бодохоор. Онгойлоод үзвэл жижигхээн сав. Салоны өнгө хар ба шаргал бөгөөд шаргал нь үнэтэй седан загварт сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Урд суудал дээр байрлалтай бөгөөд хоорондоо хүн гарчхаар зайтай тохойн түшлэгтэй нь олзуурхууштай. Ширээ болохоор эвхэгддэг тавиур бас бий. Хойд 2-р эгнээний суудал урагш хойш нилээн урт зайд шилжих нь 3-р эгнээд хүн суулгах, хөл тулахгүй суухад нэн тохиромжтой болсон байна.
Ялангуяа 3- р эгнээнд хүн суухад өвдөг тулаад баймааргүй. 2-р эгнээний суудал жолооч талаасаа 60:40-өөр хуваагдана. Япондоо бол жижиг суудал нь хүн буулгаж суулгах талдаа гараад 1 хүн бууж сууснаар 3-р эгнээнд орж таарч байгаа бол монголд бол 2 хүн бууж байж 3-р эгнээнд орж суух зэрэг бага зэргийн асуудал байна.
Хамгийн арын суудлын түшлэг доош эвхэгдэн хойд багаажны шал болдог нь зүгээр. 3-р эгнээг хэрэглэсэн үед ч бага зэргийн ойр зуур юм ачих зай гарна. Харин тэр хойд хэсгийн шалны доор нөөц дугуй байхгүй бөгөөд хоёр төлөг хийчхээр том зай бий. Нөөц дугуйг 2-р эгнээний суудлын доогуур байрлуулснаар ийм зайтай болжээ.
Хөдөлгүүрийг нэлээн давчуу зайд багтаасан болохоор засвар хийхэд хэцүү нэгийг нь авахын тулд бусад эд ангийг авах хэрэгтэй болох зэргээр хугацаа их орохоор. Урд амортизатор солиход нэлээн л юм болохоор юм. Ерөнхийдөө бол их түүний дүү болох Wish загвар жижиг юм гэж бодсон хүмүүс, Alphard арай их бензин идэх юмаа гэж бодсон хүмүүс, том зайд дуртай нэгэн нь авахаар унаа юм.
Энэ загвар нь бүтэн 8 жилийн турш 2009 он хүртэл хийгдсэн ба энэ хугацаанд жижиг сажиг сайжруулалт хийгдсэнийг ялгах хэцүү. Түүний дараачийн загвар гэж байхгүй болохоор нэлээн удаан хугацаанд хуучрахгүй байхаар шинжтэй юм. Шатахуун зарцуулалт 9 орчим литр идэхээр заагдсан байгаач бодит байдал дээр Клюгэртэй ойролцоо иднэ гэж бодох хэрэгтэй.
Мөн олон ам бүлтэй айлд бол яг тохирох ба засмал замаар хол явсан ч хүч нь багадаад байхгүй болохоор ер нь л сайн сонголт болох байх гэж бодлоо.
Эх сурвалж: Тойм бичигч Р.Энхболд | www.cardoctor.mn