LAND CRUISER PRADO 120
1996 онд өрсөлдөгчгүй байсан Мицубиши Пажеро загварын эсрэг массыг хамрахаар 4 дугуйн хөтлөгчтэй SUV загварыг гаргаж байсан бөгөөд Пажеро загвартай ихээхэн төстэй Прадо 90 цувралыг зах зээлд танилцуулан гараагаа эхэлж байсан түүхтэй. Үүнээс хойш 1999 оны үед Пажеро загвар 3-р үеэ үл хамаарах тэнхлэгтэйгээр гаргаж уналтад ороод байх үеэс Тоёотагийнхан тэднээс суралцаж Прадо цувралын хойд тэнхлэгийг хамаарах тэнхлэгтэй хийхээр төлөвлөж 2002 онд зах зээлд танилцуулжээ.
Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанаас дунд ангиллын жийпний ангилалд хүчтэй тоглогч байсан загвар бол Прадо загвар юм. 120 цувралын хувьд Францад байрлах ED2 студид дизайныг боловсруулан анхлан 2002 оноос танилцуулагдсан бөгөөд 2009 оноос 150 цувралд зайгаа тавьж өгсөн юм. Амьдрах хугацааны туршид огт төлөвлөгдөж байгаагүй хөдөлгүүрийн сайжруулалтыг 2007 онд хийж турбо дизель хөдөлгүүрийн хүчийг сайжруулж байсан удаатай билээ. Өмнөх загвараас салоны зай томорч, тэнхлэг хоорондын зай сунасан бөгөөд 90 цувралаас 25мм намхан болжээ.
Хүмүүсийн их сонгодог TX хувилбарт стандартаар эйр кондишн, урд хоёр аюулгүйн дэр, ABS тормозны систем, CD чэйнжер, круйз контрол, төвийн дифференциал цоожлогч, автомат толь/цонх, хэвтээ ачаа, бууралттай цонх, 17 инчийн хайлшин обуд зэрэгтэй байсан бол TZ хувилбарт эдгээр дээр нэмэгдэж 5 шатлалт автомат хурдны хайрцаг, арьсан бүрээс, автомат удирдлагатай урд суудал, тэнцвэржилтийн систем, уул өөд өгсөх болон буух автомат систем, хажуугийн аюулгүйн дэр, хоёр бүсийн агааржуулагч зэрэг нэмэгдэж байсан байна.
Харин ангилалдаа хамгийн дээд Grande хувилбарт
хойд хийн уутат амортизатор, навигэйшн, люк, хөргөгч, дохиолол зэрэг
нэмэгддэг байжээ. Сонголтоор 5 шатлалт автомат хайрцагийг TX болон TZ-G
бензин хөдөлгүүртэй загварт суулгахад $3000 ам.доллар нэмж төлөх бол TZ
болон TZ-G хувилбарт стандартаар ирдэг байна. ABS /круйз контрол/ арьсан
бүрээстэй руль зэргээр TX хувилбарыг тоноглоход $1250 ам.доллар нэмж
төлөх бөгөөд гялтганасан металл өнгөөр будуулах бол нэмж $300 долларыг
төлдөг байсан байна.
Кузовын бат бэх чанарыг дээшлүүлж монокок хийцээр хийсэн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан.
Салонд жолоочид хэрэгцээтэй бүх зүйлс гарын дор байрлах бөгөөд хянах самбар үзэмжтэй төдийгүй TZ хувилбарт байдаг хуурамч металл оруулга нь өнгө нэмж үнэтэй тансаг хувилбар мэт харагдуулдаг юм. Хэсэгчилсэн шинэчлэлтээр 4.0 литрийн V6 бензин хөдөлгүүрийг 2004 оны 8 сараас ашиглаж эхэлсэн бөгөөд шинэ хөдөлгүүр нь хөдөлгүүрийн 3800 эрг/минутанд 376 Нм эргүүлэх хүчийг гаргаж 2400 эрг/минутанд 343 Нм эргүүлэх хүчийг гаргадаг байсан Ланд Круйзер 100 цувралын 4.7 литрийн V8 хөдөлгүүрээс илүү чадлыг гаргаж байлаа.
Улмаар шинэ 3.0 литрийн шууд цацалттай турбо дизель хөдөлгүүрийг 2006 оны 10 сараас нэвтрүүлсэн бөгөөд 3400 эрг/минутанд 168 морины хүч, 1600-2800 эрг/минутанд 410 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай байсан юм. Шинэ дизель хөдөлгүүр нь шууд цацалттай (D-4D)-ээс гадна евро-4 стандартыг хангаснаараа давуу талтай байжээ. Төвийн дифференциал нь TORSEN бөгөөд 4 дугуйн хөтлөгчтэй, хүндрүүлэгч буюу туслах хурдны хайрцагийн хүндрүүлсэн горимд залгах, салгах боломжтой ба 87л банкны багтаамжтай.
Урд самбар цэвэрхэн хийцтэй, залууст зориулагдсан.
Хойд сандлуудыг хураасан байхад 1,5 м урттай болж тээшний зай мэдэгдэхүйц ихэснэ, арын хаалгандаа түлхүүрийн багажыг хадгалах хайрцагтай.
Тоёотагийнхан хямд өртөгтэй бат бэх бага оврын трак автомашины суурыг ашиглан бүтээсэн бөгөөд урд тэнхлэг нь манайхны хэлдгээр гартай бэхлэгдсэн хойд тэнхлэг нь чулактай билээ. Ингэснээр ачаа ачих даац нэмэгдэж явдал зөөлрөх давуу талтай болсон уламжлалт арга технологийг ашигласан юм.
Жолоочийн суудлын хувьд тухтай хол замд явахад чилээгээд байхгүй өргөн мөн тухтай зорчиход тань туслах том тохойн түшлэгтэй болсноор удаан хугацаагаар жолоо барихад эвтэйхэн болсон байна. Салоны зайн байдлын хувьд 2-р эгнээний хөлийн зай томтой, 60/40-ээр хуваагддаг бөгөөд 3-р эгнээний суудлууд 50/50-аар хуваагдаж нийт 8 хүн зорчих боломжтойгоор хийгдсэн билээ. 2, 3-р эгнээний суудлуудыг амархан хурааж тээшний зай нэмэгдүүлэх боломжтой бөгөөд 1.5 метрийн урттай бараа чөлөөтэй орохоор зайтай болдог юм. Ерөнхий дизайны хувьд болхи эв хавгүй хийцтэй харагддаг ба хойд хаалгыг хажуу тийш дэлгэгддэг хийснээр дуу орох сул талтай болсон юм.
Прадо 120 нь экстрем замд хангалттай сайн явах болсон
Жолоодлого:
Хэрэглэгчийн ном дээр 4.0 литрийн V6 хөдөлгүүрт АИ95-98 төрлийн бензин хийнэ гэж заасан байдаг бөгөөд энэ төрлийн хөдөлгүүрийн хувьд жинтэйгээ сайн зохицож шулуунд 11л/100км, хотод 14-16л/100км шатахуун зарцуулалттай байдаг юм. Харин монголд сүүлийн үед өргөнөөр орж ирж байгаа 2.7 литрийн хөдөлгүүр нь шулуунд ялгаагүй идэх хэдий ч хотод өвлийн нөхцөлд 18-21л/100км шатахуун зарцуулалттай байна. Харин турбо 3.0 литрийн 1KD-FTE хөдөлгүүр нь хуучин 1KZ-TE хөдөлгүүрээс шатахуун хэмнэлт 20-26% нэмэгдсэн ба ойролцоогоор шулуун замд 9-10л/100км-т зарцуулдаг байна.
4.0 литрийн V6 хөдөлгүүртэй Прадо нь 2.1 тонн жинтэй кузовыг төвөггүйхэн авч явдаг байна. Төвийн дифференциал түгжигч нь энгийн нөхцөлд залгах, салгах боломжтой байдаг бол хүндрүүлэгч залгасан нөхцөлд автоматаар залгагдаж хүчийг урд хойд тэнхлэгт 50/50 хуваарилдаг бол энгийн нөхцөлд 40/60-аар хуваарилдаг ажээ.
Ихэнх загваруудад хойд дифференциал цоожлогч эсвэл LSD дифференциал байдаггүй ба харин 2-р үеийн Прадо загваруудад 2-р үеийн A-TRC (Active Traction Control) системийг суулгаж өгснөөр Прадо 120 нь экстрем замд хангалттай сайн явах болсон гэж Прадогийн ерөнхий инженер Кунихиро Хоши хэлж байсан юм. Тэр нь ч үнэн нь амьдрал дээр батлагдаж ABS мэдрэгчийн тусламжтай хий эргэж байгаа дугуйн эргэлтийг хязгаарлаж Torsen төвийн дифференциал нь хүчийг зөв хуваарилж өгснөөр туулах чадвар үнэмлэхүй нэмэгджээ. Үүнээс гадна мөн 2-р үеийн Тоёотагийн электрон удирдлагатай амортизаторын системийг суулгаж өгсөн бөгөөд замын нөхцөлд тохируулан кузовыг өндөрлөх намсгах боломжтой болжээ.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Г.Тэнгис