ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ, АВТО ПЛАЗА-ГИЙН УУЛЗВАРУУДЫН ЗОРЧИХ ЭГНЭЭ НЭМЭГДЛЭЭ

Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар, 10 дугаар хороонд байрлах "Авто плаза"-ийн уулзварын нээлт өнөөдөр боллоо.

  • “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварын зорчих хэсгийн өргөн 17-24.5 метр, эгнээний тоо 5-9,  явган хүний зам 1.5 м-3 метрийн өргөнтэй болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэх юм.
  • "Авто плаза"-гийн уулзварыг өргөтгөн шинэчилэх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөө 2 талдаа  6 эгнээтэй байсныг баруун тийш эргэх 1 эгнээ нэмж, 7 эгнээ, урдаасаа хойш 2 эгнээ байсныг 5 эгнээ, хойноосоо урагш 2 эгнээ байсныг 3 эгнээ болгон өргөтгөжээ. Ингэснээр Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бас нэг чухал алхам бол уулзваруудыг өргөтгөх явдал юм. Хотын төв замуудын уулзвар нь ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Тиймээс энэ жил 4 томоохон уулзварыг шинэчилж байгаа.

Жишээлбэл, өнөөдөр бидний нээлтийг нь хийж буй “Өгөөж чихэр боов” ХХК-ийн  уулзварыг Сөүлийн гудамж талдаа 2 эгнээ байсныг 5 эгнээ болгон, Үндсэн хуулийн гудамж урдаасаа хойш 6 эгнээ байсныг 9, хойноосоо урагш 5 эгнээтэй байсныг 8 эгнээ болгон өргөтгөн шинэчиллээ. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 25 орчим хувиар нэмэгдэж байгаа юм.

Түүнчлэн энэ жил Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "Авто плаза"-ийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар зэргийг өргөтгөн шинэчилсэн байгаа” хэмээн онцлов.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.