МОНГОЛЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ МЭДЭГДЭЛ

2017 оны 7-р сарын 1-ээс "Зөрчлийн тухай хууль" хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль" зөрчигчдөд дээрх хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж эхэлснээс үүдэлтэй телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн сэтгүүлчид тэнцвэргүй, судалгаа шинжилгээгүй нийтлэл мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн цахим сүлжээгээр арилжааны даатгалын салбар, түүний оролцогчдыг гүтгэх, доромжлох нь ихэслээ.

Монгол улсын даатгалын салбарыг төлөөлөх чиг үүргийнхээ хүрээнд Монголын Даатгагчдын Холбоо иргэд, замын цагдаа, даатгалын байгууллагатай холбоотой үүссэн дээрх нөхцөлд дараах хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, мэдэгдлийг хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11-р сард батлагдсан анхны заавал даатгалын хэлбэр болох "Жолоочийн даатгалын тухай хууль" нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн үндсэн зарчим нь "Зам тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох"-д чиглэгдсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас учирсан санхүүгийн бэрхшээлийг даван туулахад туслах зорилготой хууль гэдгийг юуны өмнө хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарч ойлгох хэрэгтэй.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш арилжааны даатгалын салбар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2012-2017 оны эхний 9-р сарын байдлаар нийт 65 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулсан байна. Нөгөөтээгүүр зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 14,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол иргэдэд учирч, 1000-аас илүү иргэн эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөрийн чадвараа алдах, 5 жилийн дунджаар жилд 400 иргэн амь нас алдаж байгаа явдал байсаар байна.

"Зөрчлийн тухай хууль" хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн 14.7 буюу "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих" хариуцлага тооцох зүйлийн 51-д замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол жолоочийг 100 нэгжээр торгохоор хуульчилж заасан байна.

Энэ нь "Жолоочийн хариуцлагын даатгалын тохиолдол" гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцож байгаа бус "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль" зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож байгааг хуулийг сахин биелүүлж буй бүх талууд анхаарах хэрэгтэй. Энэ торгуулийн хариуцлагаас үүдэн жолооч нар Замын цагдаагийн байгууллагад ослын талаар мэдээлэл өгөхгүй байх, осолд эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалаараа барагдуулахгүй байх үйлдэл сүүлийн өдрүүдэд ихсэхээр байна.

Иргэдийн энэхүү буруутай үйлдлийг өөгшүүлж замын цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, зөрчлийн дуудлагад очихгүй байх, буруутай этгээдийг тогтоох, хариуцлага тооцох арга хэмжээг авахгүй байгаа нь "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-ийн 13.3 буюу "Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно." гэх заалтын эсрэг байгаа мэт ойлголтыг төрүүлж байна.

Түүнчлэн "Жолоочийн даатгалын тухай хууль"-ийн 15.3-т “Даатгагч нь энэхүү хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө.” гэж заасан нь жолоочийн буруутай үйлдлийг мэргэжлийн байгууллага тогтоож, дүгнэх шаардлагатайг тодорхойлсон байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу даатгалын байгууллагууд нь зам тээврийн осол, зөрчилд холбогдсон жолоочийн гэм буруутайг мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолтоор тогтоогдсон тохиолдолд "Даатгалын тухай хууль"-ийн 8.4-т заасан бичиг баримтын хамт даатгалын нөхөн төлбөрийг материалыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэхийг мэдэгдэж байна.