ХОЁР ТӨМӨР ЗАМ ДООГУУР ГАРСАН ЯВГАН ХҮНИЙ ХОНГИЛОН ГАРЦ ТОЛГОЙТОД ХИЙГДЛЭЭ

Нийслэлийн Сонгино Хайрхан дүүрэг, Толгойт орчмын “Энхжин” хүнсний захын ард явган хүний нүхэн гарц хийгдэж, нээлт нь өнөөдөр боллоо.

Толгойт орчмын төмөр зам дээгүүр хоногтоо 2,500 хүн зам хөндлөн гарч ажил сургуульдаа явдаг гэсэн судалгаа гарсан байна.

Иргэдийн амь нас аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахгүйн тулд хийсэн уг гарц нь хоёр төмөр зам доогуур гарсан 32 метр урт, бүрэн гэрэлтүүлэг, хяналтын камертай аж.

Мөн уг хэсэгт төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүднээс 300 метр урт бетон хашаа барьсан байна. Уг ажилд УБТЗ нийтдээ 332 сая төгрөг зарцуулжээ.