ТОЙМ - TOYOTA LAND CRUISER 100/105 №18

Ландкруйзер 100/105 бол жийпэнд байх бүх л шинжийг агуулсан мөртлөө суудлын автомашинаас дутахааргүй тохилог салонтой гарснаараа тухайн үедээ хит болсон загвар юм. Анх гарахдаа Toyota-ийн 2 дахь V8 хөдөлгүүр болох 2UZ-FE, 1HD серийн энгийн болон турботой дизель хөдөлгүүрүүдтэйгээр гарсан.

Өмнөх загвар болох Ландкруйзер 80-аас дизайн, дотор салон , хүчин чадлын хувьд илүү сайжирсан ч офф-роад тал дээр урд талдаа үл хамаарах тэнхлэг хийснээр бөх бат чанар болон туулах чадварын хувьд арай л гүйцэхгүй болсон байна. Гэхдээ энэ тал дээр өнөөгийн 200-аас илүү шүү. Өмнөх 80 загвараас шилжиж 100 худалдан авсан хэрэглэгчид энэ тал дээр жаахан голонгүй байсныг анзааран 80-ын явах анги, 1FZ-FE хөдөлгүүр, рам бүхий 105 хэмээх хувилбарыг 2000 оноос үйлдвэрлэж эхэлсэн юм.

Манай монголчууд ч энэ 105 руу хуйларсан нь маргаангүй үнэн

Манай монголчууд ч энэ 105 руу хуйларсан нь маргаангүй үнэн. Нэг хэсэг сонирхож 100-г авсан байх сүүлдээ дан л 105 голдуу орж ирэх болсон шүү дээ. Гэхдээ 80-ын үндсэн рам хэвээрээ харин кузовыг бэхлэх кронштэйнүүд нь урт болсон юм. Одоо бол хуучин 105 монгол австрали хоёроос өөр газраас олдохгүй гэдэг нь бараг үнэн болох байх.

V8 хөдөлгүүр бол мэдээж дэвшил. Шатахуун зарцуулалтын хувьд 21 литр гэдэг, гэвч бодит байдал дээр илүү ч иднэ. Шулуун замд бол 15 орчим л байна. Түүнээс гадна V8 аас дутахааргүй дан болон хос турботой дизель хөдөлгүүрүүд бий. Тэд бол бас л сайхан мэдрэмж төрүүлнэ шүү дээ.

Харин турбогүй дизелийг нь сонговол бага идэх ч хөдөлж явах нь үнэн хойрго. Яг л гар тоормосоо буулгахаа мартаад хөдөлж байгаа юм шиг. Энэ чинь юу болж байна яст мэлхий юу гэмээр. Механик кроптой энгийн дизель бол офф-роад замд бол маш удаан явна. Нэг нугачаа донсолгоо гаргаад хүчээ авсаар байтал нөгөө бензин ба турботойнууд нь алга болоод өгнө. Энэ үед л турботойг нь авахгүй яавдаа гэж бодогдох вий.  Гэхдээ ярахгүй бол таныг зорьсон газар чинь хүргэх л болно. Мөн турбоны эвдрэл гэсэн зовлонг үзэхгүй.

Хувилбарын хувьд Стандарт, GX, VX, гэсэн үндсэн хувилбартай. GX-R, VX limited гээд сайжруулсан дэд хувилбарууд байдаг. Хамгийн үнэтэй тоноглол сайтай нь VX limited. Тухайн үедээ шинэд тооцогдож байсан VSC, TRC, Skyhook зэрэг системүүдийг суулгасан бүхий л юмтай загвар бий. 100 нь үл хамаарах тэнхлэгтэй болсноор урд дифференциал цоожлогч урдаа байхгүй болсон нь жаахан тийм. Сүүлд 105 ууд л урд, хойд, төвдөө гээд  3 түгжих боломжтой болсон. 2003 оны загвараас автомат хурдны хайрцаг нь 5 шатлалтай болж V8 хөдөлгүүр нь VVT-i болсон.

100-г өндөрлөхөд урт тэнхлэг хялбар биш олон тохиргоо шаардана. Урд талдаа пүрш байхгүй “torsion bar” буюу манайхны хэлдгээр “кузов өргөгч”, “уян нум” гэдэг юмтай. Аль нь ч утгадаа тохирохгүй юм уу даа. 105 нь бол шууд л пүрш амортизатор солиод болно. Гэхдээ өндөрлөсөн 100, 105 тийм ч пропорцтой сайхан харагддаггүй, учир нь нэмэлт хөмсөг гэгч байхгүй учир дугуй болон дугуйн аркны зай дэндүү их болдог. Харин хөмсөгтэй 80-д бол өндөрлөгөө болон, том дугуй маш сайхан зохидог. Хийн өргөгчтэй 100 нь комфорт талдаа илүү ч хөдөө хээр их ачаатай үед  амортизатор нь тосоо хаяж доошоо хэвтчихдэг дутагдалтай. Иймээс жинхэнэ офф-роадад хэзээ ч тохирохгүй.

Ландкруйзер нь энэ 100/105 загвараас эхлүүлээд урд салхины шил нь наалттай, кузов нь монокок хийцтэй болсон. Монокок хийцтэй болсноор хатуулаг чанарын хувьд дээшилсэн боловч урд дотор шанаа ханзрах,  мөргөлтөөс болж гажих үед солих ямарч аргагүй болсон бөгөөд тайрч авч гагнаж болох боловч залгаж гагнасан юм хэзээ л өөдтэй байлаа даа. Урд хойд гуперүүд дан хуванцар болсон нь хөнгөрөх сайн талтай ч бөх бат биш болсон ба их цасанд зүтгүүлэхэд овоорсон цасыг түрж дийлэхгүй хугарч, мултарч унадаг.

Хойд гупер ч ялгаагүй жалга гарах үед дэгээдэгдэж тэр чигтээ салаад уначихдаг. Тиймээс жинхэнэ аялал хийхийг хүсвэл урд хойд  гуперүүдийг Bull bar болгохгүй бол болохгүй. Анх гарч байх үедээ доод дугуй тогтоогч нь троссоор өргөж чангалдаг байсан бөгөөд тросс нь тасарч дугуй гээгдчихдэг байсныг сүүлд засаж эргээд гинжтэй болгосон. Арын хаалга нь босоо ба хэвтээ гэсэн 2 төрөл байдаг. Хэвтээ хаалга нь дуу орох нь бага.

За одоо салон доторхыг сонирхвол, дизайн болон материалын хувьд тийм ч муу биш. Зай томтой хойд урдаа тусдаа халуунаар үлээх гээд бүхий л юм бий. Толгойн түшлэг томорсон гээд 80-д байсан дутагдлуудыг арилгасан. Хөгжмийн сонголт ч боломжийн өөр дээрээ ченжертэй болсон.

Шил нь саадгүй хаагддаг болсон гээд  олон зүйл сайжирсан. Багаажны суудал эвхэгдэх дээ суурин дээр босдог болсон нь өмнөх 80-д байсан шиг суларч унаад байхгүй болжээ.  Хамгийн сүүлийн 2005 онд сайжруулсан салон бол хамгийн шилдэг нь. 2003 оноос автомат кропны шилжүүлэгч нь шаталсан замтай болсон. Харин төвийн дифференциал цоожлогчийн товчлуурыг өвдөгний урд хийсэн нь санаандгүй дарагдчихаар. Нэмэлт захиалгаар Хурд баригч “Cruise Control”, хөргөгч, хойд кондишн зэргийг хийлгэж болно.

Ландкруйзер бол дэлхий даяар гаргадаг загвар учраас тухайн орны хэрэглэгчдэд тохируулдаг. Жишээ нь Японы загвар нь гадна талын доод эмжээр нь Lexus 470-ын хуванцрыг давхар хийсэн нь үзэмжтэй харагдуулдаг. Мөн Америкаас ирсэн загварууд нь голдуу савхин суудалтай байхын зэрэгцээ, гадна гишгүүр нь дэндүү доор гадна талаараа хуванцар гадартай нь үлбэгэр харагдуулдаг ба манай хөдөөд тулаад байдаг тал бий. Мөн запас дугуй нь зөвхөн доороо л хийхээр байдаг.

Японы дотоодын хувилбар
Японы дотоодын хувилбар
Хойд Америкийн хувилбар
Хойд Америкийн хувилбар
Оффроад 105 хувилбар
Оффроад 105 хувилбар

100/105 загвараас эхлүүлээд хаалганы хавтас картон хийцээс хэвлэмэл хуванцар болсон удаан эдэлгээтэй болсон ч гадна дууг тусгаарлах чадвар нь буурсан. Мөн дуу орох магадлалтай болсон.

Японы өрсөлдөгч нь Nissan Patrol Y61 боловч борлуулалт муу зэргээс болж шинэчлэлт хийгдэж чадахгүй удсаар хол хаягдсан нь үнэн. Хөдөлгүүрийн хувьд ч хоцрогдож байсан. Харин хамгийн сүүлийн шинэчлэлтийн 4800 хөдөлгүүртэй Y61 дөхөж очиж магад. Ландровер Дефендер болон Дисковери бол офф-роад тал дээр өрсөлддөг байсан, комфорт тал дээр бол хаана ч хүрэхгүй.

Дампуурлын ирмэгт очиж ийш тийш зарагдсан Landrover компани эдгээр загварууддаа анхаарал тавих сөхөө байгаагүй. Hummer H2 бол арай том, өрсөлдөгч мөн боловч хит болж чадаагүй хязгаарлагдмал хүрээнд ба жинхэнэ оффроад шалгуур, технологийн дэвшилээр дутагдалтай.  Үлдсэн ганц оффроад өрсөлдөгч нь Мерседес-Бeнц G class. Анх гарснаасаа дизайн нь өөрчлөгдөлгүй байсаар хөгширч байгаа. Ямарч байсан ойрын хэдэн жил энэ загвараараа байх сураг байсан.

Манай Монголд бол бүх талаараа шаардлага хангасан нь 105. Ландкруйзер 80/100-ийн бүхий л сайн талуудыг агуулсан гэхэд болно. Тэр тусмаа бүх тоноглолтой бензин хөдөлгүүртэй механик кроптой нь бол нэлээн удаан эдлэгдэх байх шүү.

100-ийн урд тэнхлэг үлхамаарах хийцтэй.
100-ийн урд тэнхлэг үлхамаарах хийцтэй.
105-ийн урд тэнхлэг 80-тайадил хамаарах чулакан голтой.
105-ийн урд тэнхлэг 80-тайадил хамаарах чулакан голтой.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.