Автомат хурдны хайрцгийн тосыг ямар ч энгийн нөхцөлд хэрхэн солих талаар дараах зөвлөгөөг хүргэе. Автомат хурдны хайрцгийн доод хүйсээр тосыг гоожуулан авч сольж болох боловч бидний хэлдгээр гүзээ диск, хөөх насос, тос гүйх сувгуудад хуучин тос үлддэг. Иймд дараах аргаар хуучин тосыг бүрэн сольж болох юм. Энэ арга нь дэлхий дахинд хэрэглэж буй энгийн арга юм.
Үүний тулд танд тэгш цэвэр талбай, хуучин тосыг тосож авах түмпэн, хувин, бахь, юүлүүр зэрэг ойр зуурын зүйлс байхад болно. Мөн автомат хурдны хайрцгийн тосны тэвшин доторх фильтрийг цэвэрлэх шаардлагатай бол нэмж түүнийг суллах түлхүүр торцов, наах силикон хэрэг болох юм. Мөн автомашиныхаа автомат хурдны хайрцагт орох тосны хэмжээг мэдэх хэрэгтэй бөгөөд ойролцоогоор адил хэмжээний солих шинэ тосыг каталогоос нь төрөл маркийг нь тохируулан авсан байх шаардлагатай. энэ арга нь их хэмжээний тос хэрэглэдэггүй юм.
Доод тэвшний боолтыг таарах торцовоор суллаж авах ба доор нь хуучин тосыг тосох намхан түмпэнг байрлуулсан байх хэрэгтэй.
Дараа нь хуучин тосыг дуустал нь түмпэнд юүлж авна.
Энэ машины хувьд үртэс цуглуулагч соронзон нь хүйсний боолттой хамт хийгдэсэн учраас түүнийг алчуураар төмрийн үртэсээс цэвэрлэнэ. Харин тосны тэвшний дотор талд байрлалтай соронзыг тэвшийг салгаж авч цэвэрлэх юм. Мөн энэ үед дотор байрлах тосны шүүрийг авч бензинээр арчиж цэвэрлэн угааж хатаах хэрэгтэй.
Цэвэрлэсэн тэвш болон, фильтр, соронз, боолтыг эргүүлэн хийж сайтар чангална. Энд тэвшийг хийхдээ тэвшний хүрээ ирмэг болон кроп талын ирмэгийг бензин зэрэг уусгагчаар сайтар цэвэрлэж хатаасны дараа силикон нимгэн түрхэж наан жижиг тойрсон боолтуудыг чангалж өгнө.
Үүний дараа капот доторхоос хурдны хайрцагийн хэмжигч шупийг сугалж аван урьдчилан бэлдсэн амсар нь таарсан юулүүрийг шупний хоолойд суулгана.
Урьдчилан бэлдсэн тохирох шинэ тосыг юулүүрээр хийнэ. Хийх хэмжээ нь доор тосож авсан хуучин тосны хэмжээтэй адил байх ёстой.
Үүний дараа автомат кропны хөргөлтийн радиатор руу явсан 2 хоолойг хайж олно. Мэдэхгүй бол доороос нь шагайж харахад кропноос 2 зэрэгцээ төмөр хоолой гарч урагш усны радиатор руу явсан байгаа. Эндээс тос радиаторлуу гүйх хоолойг тэмдэглэж авна. Хэрэв аль нь гэдгийг мэдэхгүй бол хоёр резин хоолойг хоёуланг нь сугалаад хөдөлгүүрийг 1-2 секунд асаахад тос олгойдох хэсэг нь бидэнд хэрэгтэй төмөр хоолой юм. Даруй хөдөлгүүрийг унтраана.
Олсон шугамаа сугалж авна. Хэрэв хоёуланг сугалсан бол кроп руу буцах хоолойг буцааж хийнэ.
Радиатор руу явах резин хоолойг өндөр даралттай агаараар үлээлгэж өгнө. Эсвэл насосоор үлээлгэж болох юм. Ингэснээр тосны хөргүүр болон буцах шугамд байгаа хуучин тосыг цэвэрлэж байгаа юм.
Сугалсан төмөр хоолойд таараах урт резин хоолойг урьдчилан бэлдсэн байх ёстой.
Түүнийгээ машины доогуур урдаас нь оруулж радиатор руу явах түрүүний сугалсан төмөр хоолойд углана.
Нөгөө үзүүрийг хувинд хийж унахгүйгээр бэхэлж тавина.
Хөдөлгүүрийг асаахад хувинд эхлээд бохирдсон хар өнгөтэй тос гоожиж эхэлнэ.
Хувин руу гоожиж буй тосны гүн хар өнгө хувирч тунгалаг улаан өнгөтэй болтол хөдөлгүүрийг ажиллуулна.
Хөдөлгүүрийг унтраасны дараа түр угласан резин хоолойг сугалан авч өөрийнх нь хуучин резин хоолойг буцааж хийн хомутыг урагшлуулж хавчиж өгнө.
Ингээд тосож авсан хувинтай бохирдсон тостой адил хэмжээний шинэ тосыг юүлүүрээр хийнэ.
Сүүлд нь хэмжих шупээр тосны хэмжээг хэмжиж, хэрэв бага зэрэг дутаж байвал нэмж хийснээр ажиллагаа дуусах юм.