ТА AWD ЗАГВАР ХУДАЛДАН АВАХ ХЭРЭГТЭЙ ЮУ? №187
Таны автомашин гулгаатай замд замтай сайн барьцалдаж чадахгүй байна уу? Энэ асуудал жолооч болгонд тохиолддог, гэхдээ энэ нөхцөл таныг шинэ автомашин авахад заавал бүх дугуйн хөтлөгчтэй автомашин худалдан авах шалтгаан болж чадах уу?
Автомашины төрөл болгонд бүх дугуйн хөтлөгч системтэй загварыг туулах чадвар өндөртэй гэдэг, тиймээс маш олон загвар AWD системийг сонголтоор нэмэлт өртөг төлөн авах боломжтой байдаг билээ.
Зарчмын хувьд бүх дугуйн хөтлөгч системийг трак болон SUV загварт ихэвчлэн хэрэглэдэг байсан, гэсэн хэдий ч туулах чадварыг нэмэгдүүлэхээс гадна аюулгүй байдлыг сайжруулдаг тул ихэнх томоохон люкс автомашин үйлдвэрлэгч нар өөрсдийн загварууддаа AWD сонголтыг нэмж өгөх болсон юм.
Жишээлбэл Ягуар компанийн XJ болон XF седан загвар, мөн Мерседес-Бенз болон БМВ-ийн загварт AWD системийг санал болгож байна. Энэ зарчмыг өмнөд Солонгос улсын авто үйлдвэрлэгч Хьюндай компани өөрсдийн Женесис седан загвартаа ашиглахаар төлөвлөөд байгаа нь яах аргагүй давуу талтайг нь баталж байна.
Аюулгүй байдал
Мэдээжийн хэрэг AWD систем нь тоормослох зайнд тусалж чадахгүй, гэхдээ тэрээр туулах чадварыг илүү нэмэгдүүлж, хурдатгал авахад тань илүү туслах болно. Улмаар та өвлийн нөхцөлд тохирсон дугуйгаар автомашинаа тоноглосон тохиолдолд AWD систем таныг өөрийн чадвараараа гайхуулах нь гарцаагүй юм
Тэнцвэржилтийн тухайд
AWD системийн нэгэн чухал хэсэг бол түүний аюулгүй байдал юм. Одоо үеийн шинэ автомашинууд ихэнх нь тэнцвэржилтийн технологийг ашигладаг бөгөөд уг технологи нь хэрвээ таны автомашин жолоодлого алдаж байгаа гэдгийг мэдэрвэл хөдөлгүүрийн хүчийг багасгах, эсвэл тоормосыг автоматаар ажиллагаанд оруулах гэх мэтийн үйлдлийг хийдэг билээ. Тиймээс энэ тал дээр санаа зовох хэрэггүй юм.
Хэрвээ та анзаарсан бол AWD системийг парт тайм болон фулл тайм хэмээн ангилдаг. Орчин цагийн ихэнх AWD систем нь парт тайм системийг хэрэглэдэг бөгөөд хөдөлгүүрээс гарах ихэнх хүчийг урд тэнхлэгт дамжуулдаг билээ, харин хүчийг хуваах шаардлагатай болсныг мэдэрмэгц бүх дугуйнд шилжүүлдэг ажиллагаатай юм.
Харин фулл тайм бүх дугуйн хөтлөгч систем нь Субару компанийн symmetrical бүх дугуйн хөтлөгч системтэй ажиллагаан хувьд ижилхэн бөгөөд ямар ч нөхцөлд бүх хүчийг 4 дугуйнд дамжуулдаг. Маш олон спорт автомашинууд хүчийг бүх дугуйнд дамжуулахыг зөв философи гэж үздэг, тиймээс ч одоо үеийн шилдэг спорт автомашинууд болох Субару Импреза WRX STI болон Audi TT загварууд энэхүү системийг сонгох гол шалтгаан нь болж олон сонирхогчид эдгээрийг илүүд үзэх болсон юм.
Сул тал
Бүх дугуйн хөтлөгч систем бүх талаараа өв тэгш систем биш юм. Түүнд ашиглах эд анги олон тул хүнд болно, дээрээс нь шатахуун их зарцуулдаг сул талтай. Гэхдээ сул тал зарим тохиолдолд давуу тал болдог. Зураг дээрх Мазда СХ-5 загвараар жишээ авбал түүнд урд болон бүх дугуйн хөтлөгч системийг авто үйлдвэрлэгчийн зүгээс хэрэглэгчдэд санал болгодог.
EPA үзүүлэлтээр уг 2 загварын шатахуун зарцуулалт харилцан адилгүй бөгөөд FWD хувилбар нь 8.4л/100км шатахуун зарцуулдаг бол AWD хувилбар нь 8.1л/100км зарцуулалттай ажээ.
Дээрх зарцуулалтыг замын хүнд нөхцөлд танд олгох боломжтой харьцуулвал тун боломжийн үр дүн гэж бодож байна. Үүнээс гадна МИНИ Коунтримэн болон Ниссан Жюк загваруудын хувьд бүх дугуйн хөтлөгч болон урд дугуйн хөтлөгч системүүдийн хооронд ердөө л 117 мл-ийн ялгаа гардаг байна.
Хэдийгээр фулл-тайм AWD систем шатахуунд бага зэрэг халгаатай ч бага оврийн Субару Импреза загвар өөрийн зах зээлдээ хамгийн их хэмнэлттэй загвараар шалгарсан юм. Ингэх болсон шалтгаан нь түүний хөнгөн жинтэй кузовын бүтэц, мөн хэмнэлттэй хөдөлгүүр, CVT хурдны хайрцаг ажээ.
Зарим нэгэн судалгаагаар бүх дугуйн хөтлөгч системтэй автомашины засварын өртөг их байдаг гэдэг.
"AWD загварууд олон сэлбэг хэрэглэдэг тул бага зэрэг үнэтэй болдог, мөн тусдаа бие даасан бүтэцтэй тул засварын өртөг үнэтэй байдаг. Харин RWD болон FWD системүүд маш энгийн бүтэцтэй" хэмээн шинжээч Phil Edmonston хэлсэн байдаг билээ.
Бүх дугуйн хөтлөгч системийн шинэ тоглогчид
Авто үйлдвэрлэлд бүх дугуйн хөтлөгч системийн хэрэглээ маш хурдацтай өсч байна. Анхнаасаа бүх хүчийг зөвхөн 4 дугуйнд дамжуулдаг ажиллагаатай байсан бол шинэ төрлийн системүүд нь нийт хүчийг урд эсвэл хойд дугуйнд ялган дамжуулах чадвартай болоод байгаа билээ.
Зарим нэгэн систем тэр дундаа Хонда компанийн Super-Handling All-Wheel-Drive (SH-AWD) систем нь хүчийг хойд тэнхлэгийн баруун болон зүүн дугуйнд эргэлтийн үед харилцан адилгүй дамжуулах чадвартай төдийгүй мөн эргэлтийн үед бүх хүчийг зөвхөн ганц дугуйнд дамжуулж эргэлтийн радиусыг багасгах давуу талтай болжээ.
Уг системийг зураг дээрх Акюра TL загварт ашигласан ба үр ашиг болоод эргэлтийн давуу байдлыг танд санал болгож байгаа юм.
Бусад авто үйлдвэрлэгч нар цахилгаан моторыг бүх дугуйн хөтлөгч системтэй өөрийн загвартаа ашиглаж байна. Лексас компани Hybrid Synergy Drive болон AWD системийг хослуулсан өөрсдийн RX450h загвартаа ашиглаж байгаа билээ.
Энэхүү систем нь 2 цахилгаан мотороос бүрдэх бөгөөд нэг нь урд хөдөлгүүртэй байрлаж урд 2 дугуйнд хүчийг дамжуулдаг бол нөгөөх цахилгаан мотор нь хойд талд байрлаж хүчийг хойд дугуйнуудад дамжуулах үүрэгтэй ажээ. Хойно байрласан мотор нь хурдатгал авах мөн урд дугуйн замтай барьцалдах чадвар муудсан үед хүчийг хойд 2 дугуйнд дамжуулдаг зохион байгуулалттай юм байна.
"Цахилгаан мотор бол маш хүчирхэг, түүнийг бүх дугуйн хөтлөгч системтэй хослуулан ашигласнаар автомашинд хүчийг маш хурдан хугацаанд эгшин зуур дамжуулах чадвартай болсон" хэмээн шинжээч Karl Brauer хэлжээ.
Мөн тэрээр цааш хэлэхдээ, бусад авто үйлдвэрлэгч нар цахилгаан моторыг дугуйн болгонд байрлуулах шийдлийг ашиглаж байна, үүнийг илрэл бол Мерседес-Бенз SLS AMG E-Cell (баруун талд байгаа) загвар юм. Хонда компанийн хувьд шинэ хувилбарын Акюра RL загварт цахилгаан моторыг хойд дугуйнд байрлуулж урд байрласан бензин хөдөлгүүрээс тэжээгдэн ажиллах хайбрид AWD системийг ашиглахаар төлөвлөөд байна.
Уг системийг ашигласнаар автомашины доогуур явсан хөдлөх гол байхгүй болж зорчигчийн хөлийн зайг нэмэгдүүлэх болсон, мөн баттерэй байхгүй тул тээшний зай нэмэгдэх давуу талтай болсон, механик сэлбэг байхгүй тул илүү хөнгөн болж байгаа гэх мэтчилэн өөрийн давуу талыг бий болгоод байна.
Үнэ:
Бүх дугуйн хөтлөгч системд туулах чадварыг нэмэгдүүлдэг, аюулгүй байдал сайтай гэх мэтийн давуу тал байна. Гэхдээ 2 дугуйн хөтлөгч системээс үнийн хувьд өндөр, мөн засварын өртөг өндөр зэрэг сул талтай. Хамгийн гол нь та хаана амьдардаг, ямар замаар явдаг гэдэг нь таны сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл билээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn