LAMBORGHINI MURCIELAGO

Энэ загварыг 2001-2010 оны хооронд үйлдвэрлэжээ. Нэрийн утга нь испани хэлээр сарьсан багваахай гэсэн утгатай ажээ.

Итали хэлний дуудлага нь Мурчелаго юм. Murcielago нь Ламборгини Аудид харьяалагдах болсноос хойш гаргасан анхны загвар бөгөөд Diablo-ийн дараа гарсан хамгийн алдартай загвар болсон юм.

2001 онд Франкфуртын авто шоуд тавигдсан ба намраас нь худалдаанд гарчээ. Нэрийн хувьд мөн л тулалдааны бухын нэрийг авсан ба 19-р зууны үед нэрд гарч байсан бухын нэр ажээ. Зохион бүтээлт нь Ауди дизайны төвд хийгдсэн байна.

  • 2004 оны 3 сард Женевийн үзэсгэлэнд Murcielago Roadster танилцуулагдсан.
  • 2006 оны 3 сард Женевийн авто үзэсгэлэнд Mursielago LP640 загвар танилцуулагдан тухайн сардаа 2000 ширхэг үйлдвэрлэх захиалга авсан байна.
  • 2010 оны 2 сард нийт үйлдвэрлэл 4000 ширхэгт хүрч 11 сар гэхэд үйлдвэрлэлээ зогсоожээ. Ингээд нийтдээ 4099 ширхгийг үйлдвэрлэсэн юм.

Түүний дараа гарсан Gallardo загвартай харьцуулбал Толгой компани болох Audi-ийн оролцоо бага болсон загвар хэмээн үнэлэгддэг. Тухайлбал Gallardo нь хөнгөн цагаан рам, ауди хөдөлгүүр зэрэг байдаг бол Murcielago нь Аудид орохоос өмнөх Диабло загварын зохион бүтээлтийн зарчмаар  явсан юм.

Их биеийн хувьд каркасан бүтэцтэй рам түүн дээр бүрхүүл болгон хэрэглэсэн кузовын деталиудаас бүрдэнэ. Ихэнх хэсэг нь ган боловч шалны зарим хэсэгт карбон файбер материал ашигласан юм.

Харин дээвэр хажуу тал ган хуудсан материал юм. Өмнөх Диабло загвараас 100 мм урт ба жингийн хувьд дундаж буюу 1650 кг болжээ. Урд хэсэгт ялгарах таних тэмдэг байхгүй ба хажуу талын хаалга дээр Murcielago гэсэн бичээс байдаг байна. Хаалга нь дээш онгойдог боловч Диаблог бодвол илүү томоор онгойдог тул бууж суухад илүү хялбар болжээ.

Хөдөлгүүр нь шинэ биш бөгөөд Диабло-аас уламжилж ирсэн 60 градусаар уулзах V12 DOHC хөдөлгүүр байв.

Өмнөх Диабло-д байсан 6.0 литрийн хөдөлгүүрийг томсгон 6.2 литр болгон тавьжээ. Түүнээс гадна хөдөлгүүрийн хөдөлгөөнт эд ангиудыг хөнгөрүүлсэн байна. Чадал нь 588 м.х-тэй ба 66.3 кг.м эгшин дэх эргүүлэх хүчтэй юм.

Бусад хүч дамжуулах, явах эд ангийн хувьд Countach загвараас Diablo-г дамжин ирсэн бөгөөд хөдөлгүүрийг 50 мм доошлуулж хурдны хайрцгийг 5 шатлалаас 6 болгон нэмэгдүүлжээ. Сүүлд нь E-gear гэх хагас автомат хурдны хайрцагтай болсон.

Хөтөлгөөний хувьд Diablo нь 2 ба 4 дугуйгаар хөтлөх гэж байсан бол Murcielago нь 4 дугуйн хөтөлгөөтэйгөөр гарчээ. Тэгэхдээ төвдөө Viscouse давхар дисктэй дифференциал хэрэглэснээр энгийн үед урд дугуйнд ч хүчийг хуваарилах чадвартай болжээ.

Их хурдтай үед тэнцвэрийг хадгалах зорилгоор цахилгаан удирдлага бүхий хойд спойлер, хажуугийн агаарын нүх хийгдсэн.

Шатахуун зарцуулалтын хувьд хот дотор хамгийн их шатахуун зарцуулдаг машин дундаа механик хурдны хайрцагтай нь хамгийн муу буюу 1-р байр эзлэв. Автомат нь 3-р байрт оржээ. Энэ муу үзүүлэлтээр 4 жил дараалан толгой цохисон байна.