TOYOTA ALPHARD: НИЙТЛЭГ ГЭМТЭЛ
Тoyota-г ийм тансаг машин хийх сэдлийг өгсөн, өрсөлдөгч Nissan Elgrand-дад бид баярлалаа гэж хэлье
Мэдлэг дэмжих хөтөлбөр 2016-ийн хүрээнд Приус, Альфард, Прадо машины хэрэглэгчдэд бараа болон машины талаарх мэдээллийг цуврал байдлаар хүргэж байна. Өмнөх дугаарт Приус 30 маркын машины нийтлэг эвдрэлийг танилцуулсан бол энэ удаад Альфард машиныг онцоллоо.
Зах зээлд гарснаас хойших бидэнд анх танигдсан MINI VAN төрлийн тээврийн хэрэгсэл гэвэл микро. Ахмадуудаас асуувал Форгон гэнэ. Монголчууд бидэнд микроны олон түүх байгаа ч таатай дурсамж бараг л байхгүй. Харин ийм төрлийн машин (MINI VAN) гэр бүлд байх хэрэгтэй гэдгийг 180 градус эргүүлж чадсан машин бол яах аргагүй Toyota Alphard билээ.
Түүний уужим салон, буйдан мэт суудал, том цонх, шаргал салон, хөгжим гэрэлтүүлэг гээд олон элементүүд хуучны микрог алга болгоно. Япончууд Toyota Alphard-г 2002 оноос анхлан хийсэн байдаг. Тoyota-г ийм тансаг машин хийх сэдлийг өгсөн, өрсөлдөгч Nissan Elgrand-дад бид баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.
Зэрэглэл өндөртэй машиныг бүтээхэд ордог бүхий л технологийг Alphard-д
суурилуулсан байдаг. Hybrid системийг хүртэл шингээж болохыг тэд
тооцоолж бүтээсэн. Ийм загвартай машины шатахуун зарцуулалт энгийн
машиныг бодвол өндөр байдаг болохоор тэд хосолмол хөдөлгүүртэй хийсэн нь
ойлгомжтой. Манайд байгаа Alphard-ийн ихэнх нь hybrid хөдөлгүүртэй
байгаа хэдий ч шатахуун зарцуулалт нь зундаа бага, өвөлдөө ихэсдэг. Энэ
машин манай замаар яваад олон жил болж хэрхэн ашиглах, юуг анхаарах
зэргээр энэ машины сайн муу талуудыг мэддэг болжээ. Alphard-тай бидний
ярианы сэдэв:
A/C буюу салоны сэрүүцүүлэгч ажиллахгүй байна, түүнийг яаж янзлах вэ?
Мэдээж хамгийн түрүүнд үзэх зүйлс нэг нь салоны агаар шүүгчийг шууд солих. Түүнийг гөвөөд дахин ашиглана гэж бодоод хэрэггүй цул шороо. Салонд орж ирж байгаа бүх шороог тэр л өөр дээрээ тунгааж байгаа.
Дараагийн алхам бол фреон хэмжээндээ байгаа эсэх. Хэрэв байгаа бол A/C моторыг шалгаж оношлуулах хэрэгтэй. Ихэвчлэн A/C моторын дамар хий эргэж эвдэрсэн байдаг. Угтаа дамарны дотор зөөлөвч резин тасарч хий эргэдэг. Дээрх бүгд хэвийн байгаа бол релейг нь шалгуулаад солиулаарай. Релей гэдэг чинь цахилгаанаар ажилладаг гэрлийн унтраалга л гэсэн үг. Гэрлийн унтраалгын контакт өгч авдаг хэсэг нь харлаад шатдагтай адил. Кузов засвар хийлгэсэн бол хийн хоолой, урд радиатор сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Бусдаар өөр зүйл гэмтээд байдаггүй.
Тэр гэрлийн ард ноцтой, ноцгүй гээд 3000 гаруй алдаа байдаг.
Хянах самбар дээр олон гэрэл асаад байна, юуны гэрэл юм болоо?
Ихэвчлэн хосолмол хөдөлгүүртэй Alphard-д анхааруулах гэрэл, check engine, шарваж байгаа гэрэл, hybrid system check, VSC гэх мэтээр олон гэрэл асдаг байгаа. Hybrid нь цахилгаан олон мэдрэгчүүдтэй тул аль нэг систем хэвийн бус ажилласан үед дохио өгөөд асдаг. Дээрх гэрэл ассан бол даруй компьютер оношилгоотой газар очиж оношлуулах хэрэгтэй. Тэр гэрлийн ард ноцтой, ноцгүй гээд 3000 гаруй алдаа байдаг.
Ихэвчлэн өндөр хүчдэлийн батарейн жигд бус цэнэглэгдэх, халах, даарах, моторыг асааж дийлэхээр цэнэггүй болсон үед асдаг. Энэ өвчнийг үүсгээд байгаа ёо ёо нь нөгөө Hybrid-ийн батарей байдаг. Түүнийг задлаад гэмтэлтэй батарейг солиход л дээрх гэрэл асаад байхгүй. Гэхдээ гэрэл асах үед заавал компьютер оношлогоо хийлгэнэ шүү. Батарей биш өөр эд анги дээр алдаа өгөхийг үгүйсгэхгүйг анхаараарай.
Автоматаар онгоож нээдэг хаалга ажиллахгүй байна. юу нь эвдрэв?
Ажиллахгүй байгаа хаалганы хавтсыг задлаад үзэхэд троссны гадна бүрээс шамарсан эсвэл тасарсан, түгжээ нь хугарсан байдаг. Манай орчин өөрөө их бохир, шороо ихтэй болохоор хаалганы механизмд шороо орж зууруулснаар дээрх эвдрэлийг өгөөд байгаа. Хаалганы зам маань чөлөөтэй гүйх ёстой байх байтал зууралдсанаас болж хаалганы цахилгаан моторыг хүртэл шатааж байсан.
Манайхан зам дээр нь товуд түрхээд байдаг.Товуд нь хэдий тосолгооны зориулалтай ч шороо татдаг сул талтай. Тиймээс зэв арилгагч эсвэл гүйдэг зам дээр шүршиж түрхдэг зориулалтын силикон тосыг хэрэглэж байгаарай.
2.4-тэй моторын жийрэг муудаад тосолоо гоожуулаад байна, яавал дээр вэ?
Манайд нийтлэг байгаа 2400 сс багтаамжтай мотор нь Alphard-с гадна өөр олон машинд суурилуулсан байдаг. Энэ моторын сул тал нь дээд анги доод ангийн завсрын жийргээр тосолоо гоожуулдаг. Энэ үзэгдэл зөвхөн Alphard гэлтгүй өөр машинуудад илэрдэг.
Эвдрэлийн гол шалтгаан нь моторыг хэт халааснаар дээд доод ангийг боодог боолт сунаж хөргөлтийн шингэнээ алддаг байгаа. Түүнийг агрегат засвар дээр янзлуулах эсвэл өөр мотор авч хийсэн дээр. Өөр мотор авах гэснээс мотор авах, машин авахдаа моторын тагийг авч үзэж байгаарай. Зарим мотор дотор тосны лаг бохирдолтой байдаг шүү.
Хойд тэвшний бандгар резин хагарч муудсан байна, ингээд яваад байж болох уу?
Ихэнх Alphard машины хойд тэвшний суурь резин хагарч гэмтсэн байдаг. Арга ч үгүй биз. Хамаг ачааллыг тэр резин өөр дээрээ авч байгаа. Jeep машины хойд тэнхлэгт зургаан втулка резинтэй байдаг бол Alphard маань хоёрхон втулка байж Jeep-н дайтай жинтэй шүү дээ. Япон инженерүүд тооцоолохдоо том втулка хийгээд болчих байх гэж тооцоо биз. Харин манайх шиг хэрсүү хатуу зам тэд нарын толгойнд байхгүй нь лавтай. Хэрэв та тэвшний хойд втулка солихоор бол оригинал бүтээгдэхүүн захиулж солиулаарай. Дуураймал втулка резин хийх гэж байгаа бол мөнгө болон цагийн гарз болдог.
Эх сурвалж: www.cardoctor.mn